Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2019/0010

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд холбогдох ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Э.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Засгийн газрын тогтоосон шатлалын дагуу ТЗ-7-оор цалинждаг билээ. Гэтэл уг Тэргүүлэгчдийн тогтоолоор миний цалингийн шатлалыг ТЗ-3 болгон бууруулж аймгийн Засаг даргын захирамжаар олгогддог зэрэг дэвийн нэмэгдлийг хассан юм. Дээрх тогтоолын талаар гомдлоо аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өгсөн боловч одоог хүртэл хариу ирээгүй байна. Иймд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Э.*******гийн нэхэмжлэлтэй ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Ангилал зэрэглэл цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Э.******* бид зөвшилцөн тохиролцож цалингийн шатлал бууруулсныг эгүүлэн хуучнаар нь тогтоохоор өнгөрсөн хугацааны нэмэгдэл цалинг нөхөн олгохоор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, иргэн Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд холбогдох******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР