| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 121/2026/0011/З |
| Дугаар | 221/МА2026/0533 |
| Огноо | 2026-07-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0533
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Э
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 121/2026/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э-ээс Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 121/ШШ2026/0015 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар "Газар эзэмших эрх шинээр олгох тухай" захирамжаар амины орон сууцны зориулалтаар 495 м.кв газар эзэмшсэн. Тус захирамжийг гарсаны дараа аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газраас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргаагүй тул хүчингүй болгох арга хэмжээ авах болсныг мэдэгдсэн албан мэдэгдэл ирүүлсэн.
Тус албан мэдэгдэлд газар эзэмших хүсэлтээ цахим системээр гаргахыг дурдсан байдаг. Үүний дагуу би цахим системээр газар эзэмших хүсэлтээ 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан. Аймгийн засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай” А/631 дугаар захирамжаар миний газрын эрхийг цуцалсан. Би газар эзэмших хүсэлтээ аймгийн Засаг даргад 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр бичгээр гаргаж өгсөн бөгөөд тухайн үед газрын тухай хуулинд газар эзэмших хүсэлтээ цахимаар гаргах тухай нэмэлт өөрчлөлт орсон боловч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багт миний эзэмшихийг хүссэн газарт цахимаар хүсэлт гаргах техникийн боломжгүй байсан. Энэ нь Өвөрхангай аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газраас Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтад Арвайхээр сумын 13 дугаар багт гэр бүлийн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авч эхэлсэнээр нотлодог. Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 1.5 дахь хэсэгт Аймаг, Нийслэл, дүүргийн газрын алба, сум газрын даамал, эсхүл эрх олгогдсон байгууллага (цаашид "газрын алба" гэх) нь хүсэлтийг мэдээллийн системээр хүлээн авч хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Аймгийн Засаг даргын "Газар эзэмших эрхийг шинээр олгох тухай" А/533 дугаар захирамж 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан бөгөөд Арвайхээр сумын 13 дугаар багт газар эзэмших тухай хүсэлтийг цахимаар авч эхэлсэн хугацаа нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байдаг.
Өөрөөр хэлбэл: Газар эзэмших хүсэлтийг цахимаар авах боломжтой болсон байхад Өвөрхангай аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газар Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 1.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байна. Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3.т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, ддүргийн газрын алба асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхой эрхийг хүсэлт гаргасан этгээд гаргаж өгнө”, 32.5-т “хүсэлт, түүнд хавсаргасан баримт сумын газрын даамал, аймгийн, нийслэлийн, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэх заалтыг зөрчиж, хүсэлт хүлээн авсан тухай тодорхойлолт гаргаж өгөөгүй, бичгээр гаргасан хүсэлт нь шаардлага хангаагүй гэдгийн надад мэдэгдээгүйгээс шалтгаалж миний газар эзэмших эрхийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний “Захирамж хүчингүй болох тухай” А/631 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбаргүй оролцож, асуулт хариултын шатанд “2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Газрын тухай хуульд цахимаар хүсэлт авна гэсэн өөрчлөлт орсон. Нэхэмжлэгч 07 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө бичгээр хүсэлт гаргахаас биш цахимаар хүсэлт гаргах боломжгүй байсан” гэх агуулгаар итгэгч шүүгчийн асуултад хариулав.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Б.Э-ээс “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дугаар захирамжийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргад гэр бүлийн хэрэгцээнд, хаус хорооллын шугам сүлжээнд холбогдсон газарт газар олгуулах тухай хүсэлт гаргасны дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар захирамжаар Арвайхээр сумын 13 дугаар баг, Дөл хороололд инженерийн шугам сүлжээ бүхий 495 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг нэхэмжлэгч Б.Э-эд 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
2.3. Ийнхүү газар эзэмших эрх олгосныхоо дараа газар эзэмшүүлсэн дээрх захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, 29.9 дэх заалтуудыг баримтлаагүй, газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргуулаагүй гэсэн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.
2.4. Анхан шатны шүүх “... Өвөрхангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Эийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх Газрын тухай хууль болон түүнд үндэслэн баталсан журамд нийцээгүй хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна. Иймээс хариуцагч аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд өөрийн хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.5. Учир нь нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар тогтоолоор амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулах газрын байршилд тусгагдсан газар байх бөгөөд нэхэмжлэгч уг тогтоолыг гарахаас өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр газар эзэмших хүсэлтээ холбогдох баримтын хамт Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан бүрдүүлбэрийг хангуулан бичгээр гаргасан, үүнийг нь аймгийн Засаг дарга хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр судалж шийдвэрлэх талаар цохолт хийсэн бөгөөд шаардлага хангасан гэж үзэн газар эзэмшүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
2.6. Хэрэв нэхэмжлэгчийн хүсэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзвэл, Газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасны дагуу шийдвэрлэх боломжтой байжээ.
2.7. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/05 дугаар тогтоолоор батлагдсан Арвайхээр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/3620 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ямар нэг давхцалгүй талаар тусгагдсан талаар ирүүлжээ.
2.8. Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 1.5-д “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал, эсхүл эрх олгогдсон байгууллага (цаашид "газрын алба" гэх) нь хүсэлтийг мэдээллийн системээр дамжуулан хүлээн авч, хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу газар эзэмших хүсэлтийг цахимаар авах арга хэмжээг Өвөрхангай аймгийн хэмжээнд 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн талаар нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарт дурдагдсан.
2.9. Уг журмыг хэрэгжүүлэх талаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийг шинээр олгох тухай А/533 дугаар захирамж 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдөр гарсан бөгөөд Арвайхээр сумын 13 дугаар багт газар эзэмших хүсэлтийг хүлээн авч эхэлсэн хугацаа 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг цахимаар хүсэлт гаргаагүй гэж буруутгах боломжгүй.
2.10. Тодруулбал нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтээ Засгийн газрын дээрх тогтоол батлагдахаас өмнө гаргасан бөгөөд уг журмыг хэрэгжиж эхлэхээс өмнө аймгийн Засаг даргаас хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээр хүлээн авсан байна.
Гэтэл ийнхүү хууль ёсоор үүссэн эрхийг хариуцагч “газар эзэмших тухай хүсэлтээ цахим системээр дамжуулан гаргаагүй” гэж зөвхөн нэхэмжлэгчийг буруутган газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцсэнгүй.
2.11. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй энэ тохиолдолд нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий Засаг даргын 2025 оны А/533 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Б.Э-эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН