| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02406/И |
| Дугаар | 102/ШШ2020/02646 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2020/02646
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2020/02646 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороонд оршин суух, У овогт Б-ийн З-г төлөөлж О.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороонд оршин суух, Ө овогт С-ийн А,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26-р хороонд оршин суух, Д овогт У-ийн М нарт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08-р сарын 02-ны өдөр Б.З нь С.А, У.М нартай харилцан тохиролцож Баянгол дүүрэгт байрлалтай Стелла төвийн доод давхарт 25 м.кв талбайтай подволыг сарын 250 000 төгрөгөөр сар бүр төлбөрийг төлөхөөр амаар түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед С.А нь талбайг гэрэл зургийн студийн зориулалтаар ашиглахаа мэдэгдэж 8-10 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлсөн байдаг. Харин 2019 оны 11 сараас 2020 оны 02 сар хүртэл нийт 4 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Б.З нь У.М, С.А нарт бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч нар цагаан сарын дараа буюу 2020 оны 02 сарын 26-ны өдөр төлж дуусгана, түр хүлээгээч гэсэн хүсэлт гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй учир С.А, У.М нараас 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 08-р сарын 02-ны өдөр зургийн студи ажиллуулах зорилгоор Золхайрхан Стелла төвийн подвалыг түрээслэхээр Т гэдэг хүнтэй бичгээр гэрээ байгуулсан. Гэрээг 1 хувь хийгээд Т авсан. Тэрнээс З гэдэг хүнтэй түрээсийн гэрээ амаар байгуулаагүй, танихгүй. Ингээд гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түрээсийн обьектод засвар хийж, 2019 оны 08 сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түрээсийн гэрээг 2019 оны 11 сарын 02-ны хүртэл 3 сарын хугацаатай байгуулсан, дуусгавар болсноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. Харин тавилга, эд хогшлоо авч чадаагүй. Түрээсийн төлбөр чинь нэмэгдэнэ гээд байхаар нь 2020 оны 03-р сард Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нартай төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулах гэтэл өмнө байгуулсан гэрээ нь байхгүй, төлбөр төлөх гэрээ хууль бус гээд баталж өгөөгүй. Ингээд би өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авахад ...түрээсийн төлбөр төлөх шаардлагагүй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч У.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Золхайрхан Стелла төвийн 25 м.кв подвалын өрөөг түрээслэж байгаагүй бөгөөд тухайн үед найлзалж байсан С.А-ийн зургийн студид хааяа очдог байснаас өөр хамааралгүй, тухайн байгууллагын өмчийг хариуцаж хүлээж аван түрээсийн төлбөр зүйлсийг хариуцах хүн биш гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.З нь С.А, Б.М нарт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.З нь улсын бүртгэлийн Ү-2205031867 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, үйлчилгээний зориулалттай 2240 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 000075496 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон /хх 5/ бөгөөд энэ объектийн подвалын хэсгийн 25 м.кв талбайг С.А, Б.М нарт түрээслүүлсэн, түрээслэгч нар түрээсийн төлбөр төлөөгүй гэж маргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...З гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй, танихгүй, харин Т-тай түрээсийн гэрээг бичгээр хийж 10-р хороололд байрлах Золхайрхан стелла төвийн подвалыг түрээсэлсэн...гэж тайлбарлажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Б.З нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...Б.З-аас С.А, У.М нартай гэрээ байгуулсан талаар асууж байгаагүй, түрээслүүлсэн объект хаана байрлалтайг асууж тодруулаагүй, анх Т над дээр түрээсийн төлбөрийн асуудлаар хууль зүйн туслалцаа авахаар ирж байсан, гэрээ нь олдохгүй байгаа...гэсэн тайлбар, хариуцагчийн ...Т-тай гэрээ хийсэн, 10-р хорооллын Золхайрхан стелла төвийн подвалыг түрээсэлсэн... гэсэн тайлбараар тус тус тогтоогджээ.
Түүнчлэн хариуцагч нь Баянгол дүүргийн 10-р хороололд байрлалтай Золхайрхан стелла төвд подвал түрээсэлсэн гэх ба харин Б.З-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороололд байрладаг, энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь түрээсийн гэрээний зүйл болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хариуцагч Б.М шүүх хуралдааны мэдэглийг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:\
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.А, Б.М нараас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.З-г төлөөлж О.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА