Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/02647

 

2020 09 16

102/ШШ2020/02647

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 0 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, М овогт С-ын Х-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол,0 тоотод оршин суух, На овогт Д-ын С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10 702 019 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 01-р сарын 25-ны өдөр Д.С-д 7 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлүүлсэн. Д.С нь Баянзүрх дүүргийн 8-р хороо, 75а байрны 46 тоот 1 өрөө байрыг барьцаалж зээл авсан. Зээлээс 2019 оны 2, 3, 4 сарын хүү болон алдангид 3 750 680 төгрөг төлсөн. Үүнээс хойш ямар нэг төлөлт хийгээгүй ба одоо үндсэн зээлд 5 029 828 төгрөг, зээлийн хүү 1 580 061 төгрөг, алданги 4 092 130 төгрөг нийт 10 702 019 төгрөгийг Д.С-оос нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.С нь 2019 оны 01 сарын 25-ны өдөр 6 970 000 төгрөгийг С.Х-аас зээлж авсан болно. Өнгөрсөн хугацаанд зээлийн төлбөрөөс 3 075 680 төгрөгийг төлсөн. Д.С нь хүнд хагалгаанд орсон учир ажил, хөдөлмөр хийхгүй байгаа болохоор алданги төлж чадахгүй, үлдсэн зээл, хүүг хэсэгчлэн төлж болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Х нь Д.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10 702 019 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 7 156 280 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

С.Х нь Д.С-той 2019 оны 1-р сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, барьцааны гэрээгээр Д.С-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204099491 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 8-р хороо, 13301, Улаан хуарангийн гудамж, 75а байрны 46 тоот 1 өрөө сууцыг барьцаалахаар тус тус тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 4-8/ байна.

 

Зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон 7 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй боловч 6 970 000 төгрөгийг шилжүүлсэн, харин зээлдэгч гэрээний хугацаанд 3 075 680 төгрөгийг төлж, бусад үүргийг гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 6 970 000 төгрөг, зээлийн хүү 3 261 960 төгрөг нийт 10 231 960 төгрөг төлөх үүрэгтэй, хариуцагч үүнээс 3 075 680 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд хариуцагчаас зээл 7 156 280 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаас хангах нь зүйтэй.

 

Талууд гэрээний 2.3-т Алданги. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги төлнө. Хэрэв төлөлт хийлгүй 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн үлдэгдлээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тохирсон байх ба нэхэмжлэгч алданги тооцохдоо гэрээний хугацаанд тооцсоноос гадна хугацаа дууссанаас хойш хугацаанд алданги төлүүлэхээр нэхэмжлээгүй, алдангийг 2019 оны 6-р сарын 25-наас 2020 оны 1-р сарын 25-ны хугацаанд сар бүр төлөх 5 029 828 төгрөгийг 30, 31 хоногт ногдох хүүнд тооцож 4 092 130 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-ын С-оос 7 156 280 /долоон сая нэг зуун тавин зургаан мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулж С-ын Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 545 739 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 183 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.С-оос 129 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА