Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 3929

 

 

 

 

 

            2020        11          10

                                 101/ШШ2020/03929

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Ц.Л миний бие нь өөрийн төрсөн эгч Ц.П яриж тохиролцоод "Да хүрээ" зах дээр 2002-2005 оны хооронд Ц.П-ын өөрийнх нь сэлбэгийн контейнерт сарын 150,000 төгрөгийн цалин авч ажиллахаар болсон. Цалинг бөөнд нь өгнө гэж хэлэхэд нь төрсөн эгчдээ итгээд 3 жил ажилласан болно. Гэтэл 3 жил ажиллуулаад цалин өгөхгүй одоо чи яв гэж хэлсэн.

 

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр Д.А бид 2 Япон улсад ажиллахаар явхад та 2 манай хүүхдийг авч яваад Япон дугуйны компанитай холбож танилцуулж өгөөч, би бас дугуй авч зармаар байна, 2 биендээ түслаж хамтран ажиллая гэсэн. Бид нар энд байгаа малын ажлыг хариуцаж үлдэнэ гээд манай малыг хариуцаж үлдсэн болно. Гэтэл Япон очоод 20 орчим хонож байтал танай азарга болохгуй байна яахуу гэж утсаар асуухад үнэхээр тийм бол нядлаад зарчих гэж хэлсэн. Тэгээд 1,200,000.00 төгрөгөөр зарлаа, ирээд мөнгөө ав гэж хэлсэн. Япон улсаас 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирээд 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр очиход нэг үхэр муудаад, өвдөөд байхаар нь нядлаад 1,000,000.00 төгрөгөөр Налайх дүүрэгт ченжид зарчихлаа гэж ярьсан.

 

Миний үхэр 1,000,000.00 төгрөгний үнэтэй үхэр биш болно. Бас дээрээс нь Н дүүргийн ченжид өглөө гэж худал хэлсэн байсан. Би үхрээ 1,860,000.00 төгрөгөөр үнэлнэ. Би хүүхдийг нь аваачиж тэнд хүмүүсгэй танилцуулаад дугуй авчирч зараад дууссан болно. Тэгээд би үхрийн мөнгөө авья гэж хэлэхэд мөнгө өгөхгүй мал малласан ажлын хөлсөнд авна, танайд хүнээс азарга аваад тавьчихсан гэж хэлэхэд нь чи яагаад надад хэлэхгүй азарга авч байгаа юм бэ, би мөнгөө л авна гэж хэлсэн. Тэгээд бас азарганы мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Иймд, зах дээр 3 жил ажилласан цалин 5,400,000.00 төгрөг, азарганы үнэ 1,200,000.00 төгрөг, үхрийн үнэ 1,860,000.00 төгрөг нийт 8,460,000.00 төгрөг гаргуулж иргэн миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

 

“Ц.Л Да хүрээ зах дээр ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн цалин мөнгө тохирохгүйгээр ах дүүгийн ёсоор нэгэндээ тусалж ажиллаж байсан. Би утсаар залгаад Ц.Л-д өнөөдөр бараа хүлээж авахаар боллоо эгч дээрээ ирээд туслаад өг гэж хэлэхээр хүрч ирж тусалдаг. Би хариуд нь хоолны мөнгө өгөөд явуулдаг байсан. Ц.Л тодорхой эрхэлсэн ажилгүй, архинд дуртай хүн. Би архинаас хөндүүрлэхийн тулд жолооны курст сургасан. Манай нөхөр айлын эрэгтэй хүүхэд ингэж амьдарч болохгүй, аав ээжийн тань нэр хүндэд халтай, гэр оронтой болгох хэрэгтэй айлын хашаанд байгаа учраас архинд дуртай байх шиг байна. Хашаа байшин аваад өгсөн дээр гэж надад хэлсэн. н.Б гэх хүнээс би нөхөртэйгөө ярилцаж байгаад хашаа байшинг 3,000,000 төгрөгөөр авч өгч байсан.

 

Төрсөн эгчийн хувьд хашаа байшин авч өгсөн учраас ажил гарах бүрт дуудаж туслуулдаг. Гэхдээ би цалин өгнө гэж хэлж үзээгүй. Манай ажилд хадам аав, ах эгч маань бүгд хөдөлмөрлөж амьдралын төлөө зүтгэсэн. Барааг нэг бүрчлэн тооцож өгч байгаагүй. 10 ширхэг моторыг олон нугалж худалддаг. Би бүгдийг нь мэднэ. Миний аав, эгч хоёрын авч өгсөн контейнерыг Ө захад байрлуулж дугуй худалдан борлуулж, дугуй засвар ажиллуулдаг байсан. Архи уудаг хэдий ч худалдаа наймаа хийх болсон. Би айлын 7 хүүхдийн дунд дахь хүүхэд манай гэр бүлд худалдаа хийдэг хүн байгаагүй.

 

Ц.Л Увс аймагт байхдаа мал маллаж байгаагүй. Манай аав өмч хувьчлалаар мал өмчилж авсан. Шинэ цагийн малчин хүн байсан. Ц.Л бага балчир насандаа гэрийнхээ малыг малладаг байсан нь үнэн. Бие дааж мал маллаж байгаагүй. Ц.Л 1997 онд Д.А-тай гэр бүл болж гэрлэлтээ батлуулж байсан. Нэхэмжлэлдээ худал зүйл бичсэн байсан. Япон улсад байхад нь би утсаар залгаж байгаагүй. Ц.Л манай гэрт ирж нэг шил архийг манай нөхөртэй хувааж уугаад хонохдоо азарганы талаар ярилцсан.

 

Чононд бариулсан 3 жил төл өгөхгүй байгаа азаргыг минь та худалдан борлуулах юм уу, н.Т-ийн азаргатай солиод өг гэж манай нөхөрт хэлсэн. н.Т, Ц.Л-ийн азаргыг ирж үзсэн. Ц.Л бас н.Т-ийн азаргыг үзэж байсан. Тэгэхэд манай нөхөр Ц.Л-д төв газраас ирж гүү саадаг залуу байгаа, төл өгөхгүй азарга өгөөд явуулчихвал дараа жил ирээд ахыг нь мэхэлсэн гэж хэлнэ. Би засаад морь болгоод өгье гэж хэлэхэд нь миний азарга гүйгээд тогтохгүй. Та өөр азаргаар солих юм уу, худалдан борлуулчих гэж манай нөхөрт хэлсэн гэж надад хэлсэн. 6 дугаар сарын 03-ны өдөр азаргыг нь манай нөхөр хөтөлж яваад Налайх дүүргийн мах бэлтгэх газарт нядлуулж нас гүйцсэн азарга 158 кг болсон баримт дээр нь манай нөхөр өөрийн тамгаа дарж 1,200,000 төгрөг авсан.

 

Энэ үйл баримтыг Х банк ХХК-ийн харилцах дансны хуулгаар нотлогдож байгаа. Манай гэрээс ирж малаа авахаар ирэхээр С аймгийн Д сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга малын эмч н.Т-аас 1,200,000.00 төгрөгөөр азарга худалдаж авч өгөхөд манай дүү Ц.Л голсон. Тухайн азарга нь манай малд байж байгаа.

 

Үхэрийн тухайд, гунан үхэр гэж ярьдаг байсан. Хэдэн настай үхэр байсныг нь би мэдэхгүй. Хар өнгийн үхэр байсныг санаж байна. Би Г аймгийн Б сум руу жил бүр явж эмчлүүлдэг 1 дүгээр эмнэлгийн хяналтад байдаг бөөрний өвчтэй хүн. Намайг эмчилгээнд явсан байх үед манай нөхөр над руу залгасан. Дүүгийн чинь үхэр олдохгүй байна гэж хэлсэн. Ц.Л-ийн үхэр нь олоход хоол идэхгүй ус уухгүй байхаар нь би *******аас асуусан ******* малын эмч гэдгийг Ц.Л сайн мэднэ. н.Т-аас асуухад шээс нь хаагдсан байна. Шээс нь биеэр нь тарчихвал махыг нь авч болохгүй шивтэр амттай болоод хаях шаардлагатай болно.

 

Эмчилгээ хийж чадахгүй бол нядалсан нь дээр гэж хэлсэн. Би сонссон даруйдаа нөхөртөө нядал гэж хэлсэн. Учир нь Ц.Л-тэй холбоо барих боломжгүй байсан. Манай доод талд байрлаж байсан бөхийн гал мах авах хэрэгтэй гэж байна гээд маханд өгсөн. Бид хоёр Н дүүргийн махны худалдаачинд өгөөгүй. Махны нийт үнэ нь 1,000,000 төгрөг болсон. Манайх мал нядалсан н.Э-д 20,000 төгрөг өгдөг. Гэдэс дотрыг нь цэвэрлэсэн н.Ц-д 10,000 төгрөг өгсөн гэж манай нөхөр өгсөн. Миний дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 970,000 төгрөг өнөөдрийг хүртэл миний дансанд хадгалагдсан  байгаа. 5,400,000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Л-ээс хариуцагч Ц.П-д холбогдуулан 8,460,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.П-аас нэхэмжлэгч Ц.Л-д холбогдуулан 1,200,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Зохигч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын нэхэмжлэлийг тодорхойлвол нэхэмжлэгч Ц.Л нь 2003 оноос 2005 оныг дуустал хугацаанд хөлсөөр ажилласан ажлын хөлс гэж 5,400,000.00 төгрөг, азарганы үнэ 1,200,000.00 төгрөг, үхрийн үнэ 1,860,000.00 төгрөг, нийт 8,460,000.00 төгрөгийг нэхэмжилсэн бол, хариуцагч Ц.П-ын хувьд 4 сарын хугацаанд нэхэмжлэгч Ц.Л-ийн малыг малласны хөлс гэж 1,200,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

 

 Ингээд нэхэмжлэгч нь 2003 оноос 2005 оныг дуустал хугацаанд хариуцагчийн хүсэлтээр “Да” зах дээр байсан автомашины сэлбэг худалддаг лангуу дээр ажиллаж, сарын 150,000.00 төгрөгийн цалин хөлс авахаар тохиролцсон гэсэн тайлбараа нотлохоор Д.Т, Д.Э, Д.А болон Л.Б, Д.А, Д.С нарыг гэрчээр оролцуулсан хэдий ч хожим Д.Т, Д.А нараас татгалзсан.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн малыг 4 сарын хугацаанд сарын 300,000.00 төгрөгөөр маллахаар тохиролсон гэх тайлбараа нотлохоор Ц.Б-г гэрчээр оролцуулжээ.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох ба гэрчийг зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж, мэдүүлэг авах хуулийн зохицуулалттай.

 

            Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлэг нь тухайн хянан хэлэлцэгдэж буй асуудлыг тодорхой болгох буюу ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг бий болгох боломжтой байдаг тул маргаантай үйл баримтын талаар ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа этгээдээс талуудын хүсэлтийг үндэслэн мэдүүлэг авах журамтай.

 

Гэвч гэрч Л.Б, Д.А, Д.С нар нэхэмжлэгч Ц.Л-г 2003 оноос 2005 оныг дуустал хугацаанд хариуцагч Ц.П-ын “Да” зах дээр байсан автомашины сэлбэг худалддаг лангуу дээр сарын 150,000.00 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан гэдгийг тодорхой мэдэж гэрчлээгүй бол гэрч Ц.Б хариуцагч Ц.П-ыг нэхэмжлэгч Ц.Л-ийн малыг сарын 300,000.00 төгрөгийн хөлсөөр нийт 4 сарын хугацаанд маллахаар харилцан тохиролцсон гэдэг үйл баримтыг мөн адил гэрчилж чадахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Ц.П-ын автомашины сэлбэг худалддаг лангуу дээр сарын 150,000.00 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан гэсэн тайлбараа, хариуцагч Ц.П нь нэхэмжлэгч Ц.Л-ийн малыг сарын 300,000.00 төгрөгийн хөлсөөр 4 сарын хугацаанд маллахаар тохиролцсон гэсэн тайлбараа тус тус нотлохгүй байна.

 

Нөгөө талаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үзвэл зохигчид төрсөн эгч, дүү нар бөгөөд өнгөрсөн хугацаанд буюу 2003 оноос 2005 оныг дуустал, мөн 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд тус тус бие биедээ харилцан тусалдаг байжээ.

 

Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэхээс илүүтэй төрсөн эгч, дүү нарын хувьд харилцан нэг нэгэндээ туслах байдлаар бие биенийхээ ажил хөдөлмөрт өөрийн тус дэмийг оруулдаг байсан ажээ.

 

Иймд, тэдгээрийн дунд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байх тул хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх буюу нэхэмжлэгч нь хариуцагчаас 5,400,000.00 төгрөг, хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,200,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Ц.Л өөрийнхөн өмчлөлийн 1 үхэр болон 1 азарга нь хариуцагч Ц.П-ын малд байх үед тэрбээр үхрийг өвдсөн гэсэн үндэслэлээр, азаргыг төл өгөхгүй удаад байна гэсэн үндэслэлээр тэдгээр малыг нядалж, махыг нь худалдах даалгаврыг хариуцагчид өгсөн талаар зохигчид маргаагүй.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 401.1-д “Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах........., ..........” гэж тус тус зааснаар зохигчдын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иймээс даалгавар гүйцэтгэгч буюу хариуцагч Ц.П нь дээр дурдсан даалгаврыг тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар шударгаар, зохих ёсоор гүйцэтгэх учиртай юм.

 

Гэвч талууд үхэр болон азаргыг хүнсэнд хэрэглэхээр бусад этгээдэд худалдах зах зээлийн үнийг тийнхүү харилцан тохиролцоогүй тохиолдолд даалгавар гүйцэтгэгч этгээд энэ хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн үхэр, азаргыг зах зээлийн боломжийн үнээр худалдах үүрэг хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ц.П нь нэхэмжлэгч Ц.Л-ийн азаргыг нядалж махыг нь 1,200,000.00 төгрөгөөр худалдаж, улмаар иргэн Я.Т гэж хүнээс өөр нэг азаргыг худалдан авсан бол үхрийг нь мөн адил нядалж, махыг нь 1,000,000.00 төгрөгөөр худалдсан байна.  

 

Гэтэл нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Ц.П-ын худалдан авсан азаргыг авахгүй, зөвхөн 1,200,000.00 төгрөгийг авна гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр үхрийг нь 1,860,000.00 төгрөгийн үнэ хүрэхгүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид өөр азарга худалдан ав гэж даалгавар өгөөгүй, нядалсан үхрийг 1,860,000.00 төгрөгөөр худалдах боломжтой байсан гэж тайлбарлаж байна.

 

Гэвч Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-д “Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй” гэж, мөн 400.2-т “Даалгавар өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний өгсөн зааврыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, эсхүл мэдэгдсэн боловч зохих хугацаанд хариу аваагүй бол даалгавар гүйцэтгэгч уг зааврыг өөрчлөх эрхтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь азаргыг худалдсан үнэ болох 1,200,000.00 төгрөгөөр өөр азарга худалдан авахаар болсныг нэхэмжлэгчид мэдэгдэж амжаагүй боловч түүний хийсэн энэхүү үйлдэл нь даалгавар өгөгч буюу нэхэмжлэгч талд хохиролтой биш байна.

 

Учир нь, хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардсанаар шинээр худалдан авсан азаргыг бус 1,200,000.00 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаагаас гадна нэхэмжлэгчийн өмчийг илт үнэгүйдүүлээгүй байна.

 

Харин худалдсан үхрийн хувьд зах зээлийн ханшийг 1,860,000.00 төгрөг байсан гэдгийг нэхэмжлэгч нь нотлох ёстой бөгөөд түүний анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд тухайн үхрийн үнийг 1,300,000.00 төгрөг гэж тодорхойлсон байх тул хариуцагчийн 1,000,000.00 төгрөгөөр худалдсан үйлдлийг дундаас доошгүй чанарын эд зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэх боломжтой юм.

 

Хэдийгээр хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн үхрийг нядлан худалдахад 30,000.00 төгрөгийн зардал гаргасан гэсэн боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй ба Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3-д “Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч тал азарганы үнэ 1,200,000.00 төгрөг, үхрийн үнэ 1,000,000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй болно.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,200,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,260,000.00 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ц.П-аас 2,200,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,260,000.00 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.П-ын гаргасан нэхэмжлэгч Ц.Л-д холбогдох 1,200,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,310.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 33,500.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 50,150.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР