| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02459/И |
| Дугаар | 102/ШШ2020/02660 |
| Огноо | 2020-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2020/02660
| 2020 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2020/02660 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-уул дүүргийн 3-р хороо, Ж ХХК-ний байр, Ж ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ын С,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах, регистр 000000, К ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48 392 040 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Б.С, хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б /үнэмлэх 0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.С нь К ХХК-иар дамжуулан Ж ХХК-ийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч бөөний төвөөрөө худалдан борлуулж ашиг олдог байсан. Б.С-ын хувьд 33 481 840 төгрөгийн бараа зээлж аваад эргэн төлөлт хийгээгүй тул 2019 оны 01-р сарын 17-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, 2019 оны 05-р сарын 27-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд Б.С нь 32 261 000 төгрөгөөс сар бүр 3 300 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Төлбөрийг 2020 оны 03-р сарын 10-ны өдрийн дотор төлж дуусах, заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр болсон. Гэтэл Б.С төлбөрийг хийгээгүй тул шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Ж ХХК нь хариуцагч К ХХК болон Б.С нараас 32 261 360 төгрөг, алданги 16 130 680 төгрөг нийт 48 392 040 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч К ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч Б.С-с 48 392 040 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 08-р сард К ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж Алтан төгрөг худалдааны төвийн Б-1 давхарт байрлалтай архи, ус, ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй талбайг түрээсэлж 2020 оны 01-р хүртэл үйл ажиллагаа явуулсан. Миний хувьд Ж ХХК-тай 2018 оны 08-р сараас эхлэн хамтран ч ажиллаж, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан борлуулж, худалдан борлуулсан нийт үнийн дүнгийн 5 хувиар ашиг тооцож авдаг байсан. 2018 онд манай үйл ажиллагаа хэвийн, маш өндөр борлуулалттай байдаг байсан. Гэвч 2019 оноос эхлэн үйл ажиллагаа маань доголдож эхэлсэн тул төлбөр, мөнгөө хугацаандаа өгч чадалгүй, хоцрох болсон. Үүнээс болоод Ж ХХК-иас сүүлийн 6 сарын хугацаанд бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авч чадаагүй. Манай үйл ажиллагаа доголдох болсон шалтгаан нь бараа бүтээгдэхүүн зээлээр авч цааш нь шөнийн цэнгээний газар, ресторан, үйлчилгээний газруудад зээлээр зарж борлуулдаг байсан. Гэтэл 3 том харилцагч маань төлбөрөө төлөх чадваргүй болсны улмаас би Ж ХХК-д төлөх ёстой төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд би 3 харилцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон. Одоогийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 авлагын асуудал байгаа. Нийт авлага 32 000 000 төгрөг болдог. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 32 000 000 төгрөгийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин алдангийн тухайд Ж ХХК-тай алданги тооцно гэж тохиролцсон гэрээ байхгүй тул зөвшөөрөхгүй. Хариуцагч К ХХК-ийн тухайд Ж ХХК-тай ямар нэг эрх зүйн харилцаанд оролцоогүй, надтай түрээсийн гэрээ байгуулсан тул хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК-ийн хувьд иргэн Б.С-тай 2018 онд архи, пиво, ус, ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй объект түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Уг түрээсийн гэрээнд хариуцагч Б.С-ын өмнөөс үүрэг, хариуцлага хүлээхгүй гэж тодорхой заасан, түүний тайлбараас харвал өөрөө сөрөг болон эерэг үр дагаврыг бүрэн хариуцах ёстой гэдгээ ухамсарласан, К ХХК-г хариуцагч байх үндэслэлгүй гэдэгт маргахгүй гэсэн байна. Манай компанийн хувьд Ж ХХК-тай ямар нэг байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, мөнгө төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас К ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Жем трейд ХХК нь Б.С болон К ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48 392 040 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх Б.С-аас 36 560 564 төгрөгийг гаргуулахаар хангаж, хариуцагч К ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б.С нь К ХХК-ний тусгай зөвшөөрлийг дагуу бөөний худалдаа эрхэлж байхдаа Ж ХХК-иас 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 05-р сарын 27-ныг хүртэл бараа бүтээгдэхүүн худалдан авч, зарж борлуулж байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлж байгаад 2019 оны 05-р сарын 27-ны өдөр 32 261 360 төгрөгийн төлбөр тооцоотой талаар Тооцооны үлдэгдлийг /хх 7/ баталгаажуулжээ.
Түүнчлэн 2019 оны 5-р сарын 27-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ хийж, төлбөрийг 2020 оны 03-р сарын 10-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тохирсон, гэрээний 2.4-т зааснаар хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон /хх 5-6/ байна.
Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон алданги тооцохдоо гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй хэмжээгээр тооцсон нь буруу болжээ.
Төлбөрийг хэсэгчлэн төлөх байсан 2019 оны 6-р сарын 10-наас 7-р сарын 10-ныг хүртэлх хугацааны алданги 339 204 төгрөг, 2019 оны 7-р сарын 10-наас 2020 оны 3-р сарын 10-ныг хүртэлх хугацааны алданги 30 хоногт тооцох нь 495 000 төгрөг, үүнийг 8 сараар тооцож 3 960 000 төгрөг нийт 4 299 204 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй. Б.С нь үндсэн төлбөр 32 261 360 төгрөг, алданги 4 299 204 төгрөг нийт 36 560 564 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Ж ХХК нь К ХХК-д холбогдуулан төлбөр шаардсан боловч шүүх хуралдааны шатанд түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-ын С-аас 36 560 564 /гучин зургаан сая таван зуун жаран мянга таван зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 11 831 476 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК нь К ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.С-с 340 752 төгрөг гаргуулж Ж ХХК-д олгосугай.
4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА