Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02742

 

2020 09 23

102/ШШ2020/02742

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 0 тоотод оршин суух, регистр УК93939393, А овогт Д-ийн А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 0 тоотод байрлах, Е ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороонд оршин суух Б овогт С-ийн С нарт холбогдох гэм хор учруулсны хохиролд 5 610 500 төгрөг гаргуулахыг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С/үнэмлэх 0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 02 сарын 29-нөөс 03 сарын 01-нд шилжих шөнө манай нөхөр миний эзэмшлийн Приус маркийн машиныг унаж Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Ногоон нуур луу эргэх уулзвараар ногоон гэрлээр нэвтрэхэд Тоёота акуа маркийн машин жолоодон явсан Э нь мөргөж хохирол учруулсан. Тухайн үед насанд Э 15 настай, насанд хүрээгүй хүүхэд машин барьж явсан. Иймд н.Э-ийн хууль ёсны төлөөлөгч С.С-аас автомашин ачилтын мөнгө болон хохирол нийт 5 610 500 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн машин нь Е ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан тул хариуцагчаар татсан. Хариуцагч биш гэж үзэж ББСБ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Е ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд гаргасан тайлбартаа: С овогтой О, хамтран зээлдэгч С-ийн С нар нь 2019.11.20-ны өдөр манай компанитай 0000000 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Тоёота акуа /хөх/ маркийн автомашиныг зээлдэгч унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалан, 24 сарын хугацаатай 8 500 000 төгрөгийг зээлж авсан. Барьцааны гэрээний 2-р зүйлийн 2.8-д Барьцаалуулагч нь барьцааны автомашиныг өөрөө ашиглаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан тохиолдолд барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцах, зам тээврийн осол аваарын улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд барьцаалуулагч би учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж зааж зээлдэгч нь энэхүү хэсэгтэй тусгайлан танилцаж гарын үсэг зурсан. Үүнээс харахад Иргэний хуулийн дагуу барьцааны гэрээгээрээ гарч болох эрсдэлийн үр дагавар, хариуцлагыг талууд урьдчилан тохирсон. Нэхэмжлэлд дурдсан зам тээврийн осол хэрэг нь зээлдэгч С.О нар нь дээрх гэрээнд заасан заалтыг зөрчсөн, зээлдэгчийн буруутай үйлдлийн улмаас гарсан байх тул энэхүү иргэний хэрэгт манай байгууллага хариуцагчаар татагдах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь Ес ХХК болон С.С нарт холбогдох гэм хор учруулсны хохиролд 5 610 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С-аас гаргуулахаар хангаж, нэхэмжлэгч нь Е ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

С.Э нь 2020 оны 3-р сарын 01-ний шөнө 03.10 цагийн үед дугаартай Toyota Agua маркийн машин жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а/ Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд ...жолоодох, 8.9 Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэж заасныг зөрчиж, насанд хүрээгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон Сүхбаатар дүүргийн 7-р А жолоочтой машиныг мөргөж осол гаргасан буруутай болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн бүдүүвч зураг, шинжээчийн 2020 оны 3-р сарын 9-ний өдрийн дүгнэлтээр /хх 6-8/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Ослын улмаас Д.А-ын өмчлөлийн машинд учирсан хохирлыг Хөрөнгө эйстимэйт ХХК нь 5 286 500 төгрөгөөр үнэлсэн /хх 13-14/ байх ба үнэлгээний зардал 174 000 төгрөг, журмын хашаанаас машинаа авахад төлсөн зардал 150 000 төгрөг /хх 12, 15/ нийт 5 610 500 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогджээ.

 

Тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан С.Э нь насанд хүрээгүй 15 настай байсан, нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулахаар түүний хууль ёсны төлөөлөгч, эх С.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь зөв байна.

 

Хариуцагч С.С нь нэхэмжлэлийг 2020 оны 06-р сарын 19-ний өдөр гардаж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 3-р хороо, 71-р байрны 154 тоот, Хан-Уул дүүргийн 15-р хороо 0 тоот хаягаар тус тус хүргүүлсэн, тухайн хаягт оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, түүний еееееее82 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Д.А нь Е ХХК-иас хохирол гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдааны шатанд түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан С-гийн С-аас 5 610 500 /таван сая зургаан зуун арван мянга таван зуу/ төгрөг гаргуулж Д-ийн А-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А нь Е ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.С-аас 104 718 төгрөг гаргуулж Д.А-д олгосугай.

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД А.САРАНТУЯА

 

Х.ЭНХЗАЯА