| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 176/2020/0005/Э |
| Дугаар | 2020/ДШМ/25 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д. Нэргүй |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2020/ДШМ/25
2020 оны 03 сарын 25 өдөр 2020/ДШМ/25 Зуунмод
Ц.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Нэргүй,
Нарийн бичгийн дарга Э.Билгүүн нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолтой Ц.О-д холбогдох 1934004430507 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Цэдэнсодномын О-, 1974 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Сэрвэнгийн 127 тоотод оршин суух хаягтай,
- урьд Баянзүрх дүүргийн Шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
- Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 1 247 500 төгрөгөөр торгох ялаар,
- Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар: ,,,,,,,,,,,,,,,,,,,,
Шүүгдэгч Ц.О- нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг “Хуучин төв” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О.Нэргүйгийн алдагдсан гэх зээрд халзан байдас, хонгор даагыг завшиж 1.235.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Цэдэнсодномын О-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэдэнсодномын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Шүүгдэгч Цэдэнсодномын О-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримт ирээгүйг,
прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаартай шүүгдэгч Ц.О-н 12 настай хонгор морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Ц.О-д буцаан олгохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-н гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 12 настай хонгор морийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Цэдэнсодномын О-н хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд Ц.О-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй байгаагаас дүгнэхэд шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан" Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангаагүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүх "хуулийн зүйл хэсэг заалтыг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байх тул дээрх зөрчлийг засуулж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/06 дугаартай Ц.О-д холбогдох эрүүгийн 1934004430507 дугаартай хэргийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.О-д холбогдох эрүүгийн 1934004430507 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ц.О- нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг “Хуучин төв” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О.Нэргүйгийн алдагдсан гэх зээрд халзан байдас, хонгор даагыг завшиж 1.235.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч О.Нэргүйгийн “...Баяндаваа өгсөөд явж байтал замын хажууд хээр азаргатай адуунд миний зээрд байдас байж байсан. Тэгээд тэр адууны эзэн Баярцэнгэлтэй уулзаад энэ адуу хаанаас ирсэн гэхэд би энэ адууг О- гэдэг хүнээс авсан гэж хэлсэн. Тэгээд тэндээс зээрд байдсаа аваад явсан... ...Зээрд халзан байдас нь буруу урд хөл нь бэлэвсэн сартай хас тамгатай, хонгор даага нь саран дэвсгэртэй 9 тоо тамга байгаа... ...Зээрд байдас нь 1.500.000 төгрөгөөр авсан юм. Хонгор даага нь 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-16-17 тал,
“...би хохирлоо барагдуулаагүй байна. Над руу О- гэх залуу залгаад таны дааганы хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд одоо барагдуулаагүй байна. Би хонгор дааганыхаа хохирлыг авмаар байна. Хонгор дааганы 500000 төгрөг тэгээд эрж хайсан шатахууны бензин гээд 5 хоног хайсан нийт 800000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
гэрч О.Нэргүйгийн “...шөнө багийн төвийн араас хүрэн азаргатай 12 тооны адуунаас зурвас халзан зээрд байдас, хонгор даага хоёрыг алдсан... ...миний зээрд гүү Баяндаваан өвөрт замын хажууд хээр азаргатай адуунд байсан. Тэгээд цагдаад хэлээд адуугаа авсан... ...Эрдэнэ сумын Сэнгээ гэдэг залуугийн адуунд байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
гэрч Э.Баярцэнгэлийн “...О- гэх хүнээс зурвас зээрд халзан байдас 500.000 төгрөгөөр авсан. Тэгээд Баяндаваанд ээжийндээ очоод хээр азарганд тавьсан. Тэгээд удаагүй 20-иод хонож байтал тэр байдасны эзэн гээд 4-р багт байдаг Нэргүй гэдэг хүн ирээд миний байдас байна гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
гэрч Ж.Даваадалайгийн “...сүүлд Сэнгээтэй уулзахад О-гоос 500.000 төгрөгөөр байдас авсан чинь алдчихсан гээд явж байсан. Нэргүй өөрөө Баяраа гэдэг хүний адуунд очиход миний хонгор даага тэр хүний адуунд байж байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,
гэрч Н.Мөнхцэцэгийн “...ажлаа тараад иртэл манай гэрийн хойно зээрд халзан байдас байсан. Тэгээд нөхрөөсөө энэ ямар адуу юм бэ гэж асуутал тууварчингаас авсан юм. Тэжээж байгаад адуунд нийлүүлэх санаатай гэж хэлж байсан. Яг хэдэн төгрөгөөр авсан талаар би мэдэхгүй... ...тэгээд нэг өдөр би тэжээгээд байсан байдсаа яасан юм бэ гэж асуутал би зарчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Хохирогч О.Нэргүйгийн Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-03 тал/, “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаар тогтоол /хх-10-11 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-33-34 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-39-46 тал/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-47-48 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-53-58 тал/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-60-61 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Ц.О-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Ц.О-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээд шатны прокурорын гаргасан “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний торгох ял оногдуулсан атлаа “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримталсан нь буруу байна.
Мөн шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад торгох ялыг биелүүлэх хугацааг тодорхой тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэснийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг шүүгдэгчид сануулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг хасч,
- 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Р.МӨНХ-ЭРДЭНЭ