| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 117/2026/0004/З |
| Дугаар | 221/ма2026/0534 |
| Огноо | 2026-07-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/ма2026/0534
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О
Нэхэмжлэгч: Э ХХК
Хариуцагч: Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч М.Мөнхбаяр, А.Ганзаяа нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн НА-08250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Хариуцагч М.Мөнхбаяр
Хариуцагч А.Ганзаяа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 117/2026/0004/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК-иас Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч М.Мөнхбаяр, А.Ганзаяа нарт холбогдуулан “Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн НА-08250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 117/ШШ2026/0018 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.5, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.2.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.14, 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус баримтлан "Э" ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Мөнхбаяр, А.Ганзаяа нарт хариуцагдах, Татварын улсын байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн НА-08250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.О-ийн давж заалдах гомдлын агуулга:
Тооцооллын алдаа гаргасан. Хэрэв дээрх 44,0 сая төгрөгийг зөрчил гэж үзвэл НӨАТ-ийн хувьд зөрчлийн дүн 44,000,000.00 төгрөг, нөхөн татвар 4,000,000.00 төгрөг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хувьд НӨАТ-ыг хасаад зөрчлийн дүн 40,000,000.00 төгрөгөөс холбогдох зардлыг нь хасаад олсон ашгаар нь нөхөн татварыг тодорхойлно. Зардалгүй гэж үзвэл нөхөн татвар хамгийн ихдээ 4,000,000.00 төгрөг болох байлаа. Татварын байцаагч нар татвар ногдуулах дүнг ижил 40,198,738.17 төгрөгөөр авсан ба аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 4,019,873.82 төгрөг, НӨАТ-ын 4,019,873.82 төгрөгөөр буюу илүү тооцож, алдаа гаргасан. 2.Цаг хугацааны дарааллын алдаа гаргасан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас 2022 онд орж ирсэн 44,0 сая төгрөгийн орлогыг Нөхөн ногдуулалтын актад 2023 оны орлого мэтээр тайлбарлаж, НӨАТ ногдуулсан. Нэг ёсондоо НӨАТ төлөгч болоогүй байх үед (2022 онд) орж ирсэн орлогыг НӨАТ төлөгч болсон үеийн (2023 оны) орлого мэтээр тайлбарлаж НӨАТ ногдуулсан. 3.Хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. 1-р зөрчил нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн зөрчсөн зөрчил байхад торгууль ногдуулахад Татварын ерөнхий хуулийн 84.1 дүгээр заалт буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн зүйл заалтыг хэрэглэсэн. 4.Татварын байцаагч нар өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Дээрх зөрчлүүд татварын байцаагч нар өөрсдийн ажил үүргээ бүрэн биелүүлээгүйгээс гарсан зөрчил гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг болон ялангуяа 30.2.5.нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх гэсэн заалтыг биелүүлээгүй. Санхүүгийн тайлан болон татварын тайлан дахь нийт орлого хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгасан бол 2022 оны орлогыг 2023 оны орлого гэж андуурах, дээрх 2 тайлангийн хооронд зөрүү гарах, цаашлаад өндөр дүнтэй нөхөн татвар, алданги, торгууль бичигдэх ёсгүй байлаа. Зөрчил 2 ба 6 (ижил утгатай): 1.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон зарим хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. 2022 оны 251,160,400.00 төгрөг, 2023 оны 167,286,567.00 төгрөгийн зардлыг төлбөрийн баримтаар баталгаажаагүй гэсэн шалтгаанаар хүчингүй гэж үзсэн. Нэг ёсондоо эдгээр зардлууд нь банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ, ажил дүгнэсэн, хөрөнгө хүлээлгэж өгсөн акт, орлого, зарлагын падаан зэрэг баримтуудаар баталгаажсан байхад эдгээр баримтуудыг шалгаж үзээгүй байж хүчингүй гэж үзсэн. Эдгээр зардлууд зөвхөн НӨАТ-ын И-баримтаар баталгаажсан байх ёстой гэж үзсэн. Манай улс 1993 онд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон, СТОУС-ыг дагаж мөрдөнө гэж хүлээн зөвшөөрч санхүү, бүртгэл, татвартай холбоотой хуулиудад тусгаж өгсөн. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад "орлого, зардлыг зэрэг хүлээн зөвшөөрнө" гэж заасан. Энэ нь аливаа нэгэн орлоготой холбоотой зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол орлогыг мөн хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэсэн үг. Эдгээр зардлууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дугаар заалт болон 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дугаар заалтуудын шаардлагыг бүрэн хангаж, баталгаажсан. Энэ хуульд зөвхөн И-баримтыг баримт гэж үзнэ гэсэн заалт байтугай И-баримт гэсэн үг ч байдаггүй. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ: 29 дүгээр зүйлийн 29.1.1.анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж заасан байдаг. Энд "нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж" гэдэг нь 1) Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг дагаж мөрдөнө, 2) төлбөрийн баримтуудыг анхан шатны барим гэж үзнэ гэсэн утгыг илэрхийлж байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т."Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт өөрөө олон улсын гэрээний нэг төрөл. Дэлхийн практикт Олон улсын гэрээ, хэлэлцээрүүд нь олон улсын стандарт, хэм хэмжээнд заавал нийцсэн байх ёстой гэж үздэг бөгөөд, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон СТОУС-ын шаардлагуудад нийцээгүй гэрээг гадаадын хөрөнгө оруулагчид, манай улсад хэрэгжиж буй төслийн санхүүжүүлэгчид болон банк, санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөггүй. 2. Хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. 2 ба 6-р зөрчил нь мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зөрчсөн зөрчил байхад торгууль ногдуулахад Татварын ерөнхий хуулийн 84.1 дүгээр заалт буюу "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага" гэсэн зүйл заалтыг хэрэглэсэн.
Зөрчил 4: 1. Шүүх буруутгасан шийдвэр гаргаагүй байхад буруутай гэж үзсэн. Одоо хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж буй, И-баримт нь зохих журмын дагуу татварын цахим төлбөрийн баримтын системд шивэгдэж зөвшөөрөгдсөн, 6075185 регистрийн дугаартай "Ч" компаниас авсан 48,600,000.00 төгрөгийн баримтыг хуурамч учраас, хүчингүй гэж үзэж НӨАТ ногдуулсан. Ямар нэгэн баримт нэг компанид хүчинтэй, нөгөө компанийн хувьд хүчингүй болно гэж байхгүй. Манай компани үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул татварын байцаагч нар өөрсдийн буруутай үйлдлийг хамгаалахын тулд "Ч" компанид Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчдаар нягтлан шалгах ажиллагаа хийлгэсэн ба мөн уг компанийг Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэдэг. Уг баримт нь манайд шалгалт хийхээс өмнө эсвэл шалгалт хийж байгаа хугацаанд хуурамч гэдэг нь тогтоогдсон бол өөр хэрэг. Харин шалгалт дууссаны дараа буруутгах гэж янз бүрээр шалгуулж, тухайн компанийг дарамталж байгаа нь хууль бус үйлдэл юм. Цагдаагийн байгууллага шалгаж дуусаагүй, шүүхээс хуурамч эсэхийг тогтоогоогүй байхад шууд хуурамч, хүчингүй гэж үзэж төлбөрийн акт үйлдсэн нь буруу гэж үзэж байна. 2.Татварын ерөнхий хуулийг зөрчсөн. Татварын ямар байгууллагын Татварын улсын байцаагч гэдэг нь тодорхойгүй Э.Ц, Э.З, дарга нь Ц.З гэдэг улсын байцаагч нар “Ч" компанид шалгалт хийж, “гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй" гэсэн танилцуулга бичжээ. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ". 42.3 дахь хэсэгт “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна “гэж заасан. Нэгдсэн бүртгэл, дугааргүй, хавсралтгүй, "гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй" гэсэн дүгнэлттэй танилцуулга бичсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. 3. Хуулийг буруу хэрэглэсэн. Нөхөн ногдуулалтын актын “Тэмдэглэх нь хэсгийн 5-д “НӨАТ-ын тайлангаар 2023 онд "Ч" ХХК-иас 4178928275 падааны дугаартай 44,181,818.18 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний үнийн дүнтэй худалдан авалтыг татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан..." Мөн “НӨАТ-ын тухай хуулийн 14.5 дахь заалтыг зөрчсөн" гэжээ. Татвар төлөх орлогоос бараа материалын үнэ болох 44,181,818.18 төгрөгийг хассан бол энэ нь аж ахуй нэгжийн орлогын албан татвартай холбоотой асуудал. Үүнийг НӨАТ-ын хууль зөрчсөн гэж нөхөн татвар ногдуулжээ. 4.Хуурамч падаан биш гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Хэрэв дээрх баримтыг хуурамч гэж үзсэн бол НӨАТ-ын хууль болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зэрэг зөрчсөн гэж үзэх ёстой. Гэтэл татварын байцаагчдын актад зөвхөн нэг хуулийг л зөрчиж, нөгөө хуулийг зөрчөөгүй байна. Энэ нь хууль зөрчөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж ойлгож байна.
Зөрчил 5: Борлуулалтын орлого нь 50,0 сая төгрөг хүрээгүй байхад НӨАТ ногдуулсан: Өмнөговь аймгийн Мандал Овоогоос 2022 оны 7 дугаар сарын 08-нд 44,0 сая төгрөг орж ирснээр манай компанийн борлуулалтын орлого 50,0 сая төгрөг хүрсэн. Манай компани 2022 оны 8 дугаар сарын 04-нд НӨАТ төлөгчийн гэрчилгээ авсан бөгөөд 7 дугаар сарын 08-ээс 8 дугаар сарын 04-ний хооронд ямар нэгэн орлого ороогүй. 2.Татварын байгууллага өөрсдөө хууль зөрчсөн. Борлуулалтын орлого нь 50,0 сая төгрөгт хүрсэн бол 10 өдөрт багтаан татварын байгууллагад өргөдөл өгч, өргөдөл өгснөөс хойч 3 өдөрт багтаан гэрчилгээ авч НӨАТ төлөгч болно гэсэн хуулийн заалттай. /НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6.1, 6.2 дугаар заалт/ Гэтэл манайх 2022 оны 7 дугаар сарын 21-нд өргөдлөө өгсөн байхад 8 дугаар сарын 04-нд гэрчилгээ өгсөн.
Эцэст нь дүгнэж хэлэхэд татварын байцаагч нар тооцооллын алдаа гаргаад зогсохгүй цаг хугацааны дарааллын алдаа гаргаж, зарим хуулийн заалтыг буруу хэрэглэж, холбогдох стандарт, хуулийн заалтуудыг зөрчиж төлбөрийн акт бичсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн татварын байгууллага, байцаагч нар нь улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг мөн хүнс, бараа, тоног төхөөрөмжийн захуудыг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, бүрэн хамааруулах, (Татварын ерөнхий хуулийн 75-р зүйл) харилцагч байгууллагуудын тайланг хүлээж авахдаа тухай бүрд хянаж, алдаа байвал засуулах, зөвлөх (Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.2.5) зэрэг үүргээ биелүүлээгүйгээс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах, баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохын төлөө чадлынхаа хийрээр үнэнч шударгаар зүтгэж яваа хүмүүсийг хохироож байгаа асуудлыг анхааралд авахыг хүсье. Манай компанийг 2023 оны шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж, гэрчилгээ олгож байхын оронд татварын байцаагч нар хуулиар хүлээсэн үүргийн биелүүлж, манай татвар төлөлт, тушаасан тайланд алдаагаа байгаа эсэхийг шалгаж, засуулж, зөвлөгөө өгч байсан бол хэрэгтэй зүйл болох байлаа.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э ХХК-иас Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч М.Мөнхбаяр, А.Ганзаяа нарт холбогдуулан “Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн НА-08250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн НА-08250000014 дугаартай нөхөн ногдуулалтын актын
1 дэх заалтаар: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2023 онд 40,198,738.17 төгрөгийн албан татвар ногдох орлогыг дутуу тайлагнасан,
2 дахь заалтаар: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2022 онд 167,286,567.00 төгрөгийн, 2023 онд 251,160,400.00 төгрөгийн төлбөрийн баримтаар баталгаажаагүй худалдан авалтыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан,
3 дахь заалтаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2022 онд 33,062,366.40 төгрөгийн албан татвар ногдуулах орлогоо бууруулж тайлагнасан,
4 дэх заалтаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2023 онд 40,198,738.17 төгрөгийн татвар ногдох орлого дутуу тайлагнасан,
5 дахь заалтаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2023 онд 44,181,818.18 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнтэй худалдан авалтыг татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан бөгөөд энэ нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй гэж тус тус үзэж 57,608,862.8 төгрөгийн нөхөн татвар, 23,043,545.13 төгрөгийн торгууль, 19,696,636.45 төгрөгийн алданги, нийт 100,349,044.38 төгрөгийн төлбөр төлүүлэхээр болсон.
4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2023 онд 40,198,738.17 төгрөгийн албан татвар ногдох орлогыг дутуу тайлагнасан гэх зөрчлийн тухайд,
4.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:”, 8.1.1-т “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж тус тус заасан.
4.2. Нэхэмжлэгч Э ХХК нь 2023 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд гүний өрмийн худаг хийж гүйцэтгэсний төлбөрт 40,198,738.17 төгрөгийн орлого олсон боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй нь хуульд нийцэхгүй байх тул уг зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.
5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2022 онд 167,286,567.00 төгрөгийн, 2023 онд 251,160,400.00 төгрөгийн төлбөрийн баримтаар баталгаажаагүй худалдан авалтыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд,
5.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага”, 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 13.1.4.а-д “энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал” гэж тус тус заасан.
5.2. 2022 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулсан бүтээгдэхүүний өртөг 337,115,086.97 төгрөг гэж тусгасан байгаа бөгөөд цахим төлбөрийн баримтаар 162,406,360.38 төгрөгийн худалдан авалттай байгаа нь төлбөрийн баримтгүйгээр өртөгт оруулсан дүн байгааг харуулж байна. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2022 оны худгийн өрөмдлөгийн ажилд e-barimt.mn цахим системээр бүртгэгдээгүй НӨАТ-гүй худалдан авч гүний худагт суурилуулсан хөрөнгийн бүртгэл хийж нийт дүн 167,286,567.00 төгрөгийг 2022 оны өртөгт оруулсан нь тогтоогдсон.
5.3. Мөн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Э ХХК-ийн өртөг, удирдлагын зардлын бүртгэлд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өрөмдлөгийн багаж 291,360,400.00 төгрөг гэж өртөгт оруулсан нь төлбөрийн баримтаар ноглогдоогүй.
5.4. Үүнээс үзэхэд 2022 онд 167,286,567.00 төгрөг, 2023 онд 251,160,400.00 төгрөгийн зардлууд нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг хангаагүй тул уг зөрчилд ногдуулсан нөхөн татварыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2022 онд 33,062,366.40 төгрөгийн албан татвар ногдуулах орлогоо бууруулж тайлагнасан гэх зөрчлийн тухайд,
6.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг;”, 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заасан.
6.2. Нэхэмжлэгч компанийн борлуулалтын орлого 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр 54,045,000.00 төгрөгт хүрч, төлбөрийн баримт бүртгэгдсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дансны хуулгаар 50,485,000.00 төгрөгийн орлого олсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба тус компани нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны дотор албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө өгөх ёстой байсан ч 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргаж, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн нь энэ хугацаанд төлбөрийн баримтаар бүртгэгдсэн 33,062,366.40 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.
7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2023 онд 44,181,818.18 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнтэй худалдан авалтыг татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан бөгөөд энэ нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй гэх зөрчлийн тухайд,
7.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж заасан.
7.2. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ч ХХК-иас 44,181,818.18 төгрөгийн худалдан авалтыг Э ХХК татварын тайлангаа тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн татвар ногдуулах орлогыг бууруулсан ч бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй байгаа нь уг зөрчилд холбогдуулан нөхөн татвар ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
8. Дээрх байдлаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “…уг актыг зөрчилд холбогдогчид 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж, гардан хүлээн авсан болох нь баримтаар тогтоогтох хийгээд Татварын ерөнхий газрын 2023 оны 2 сарын 28-ны өдрийн А/34 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.2, 2.6, 2.12.1, 3 дугаар зүйлийн 3.3, 3.11, 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.4, 4.3.8, 4.4.3, 4.5.10, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.6, 7.7, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 41, 42 дугаар зүйлд тус тус заасанчлан зохих ёсоор хэрэгжүүлсэн болох нь маргаан бүхий акт, түүнд хавсаргасан баримтуудаар авагдсан тул актыг хууль ёсны гэж үзнэ. Харин хэлбэрийн хувьд хуулийн заалт гүйцэд бичээгүй, зөрчил нэг бүрийг тусдаа заалтаар илэрхийлээгүй, зөрчилд холбогдогчийн гарын үсэг зураагүй талаарх тайлбарыг тусгаагүй, өөр этгээдийн баримтыг хавсаргасан зэрэг нь актыг хүчингүй болгоход хангалтгүй…” гэх дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 117/ШШ2026/0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН