Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 20

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аззаяад холбогдох эрүүгийн 201701070007 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             З.Ганцоож

Улсын яллагч                                                        Х.Эрдэнэтуяа

Хохирогч                                                             Д.Бат-Орших

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Л.Ганганбарс

Шүүгдэгч                                                                 Б.Аззаяа нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хэвлэл, дизайнерын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр М.Должинсүрэн, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 84 дүгээр байрны 112 тоот орон сууцанд оршин суух, /Иргэний үнэмлэхний хаяг: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 013 байрны 0 тоот/ хэрэг хариуцах чадвартай, Сартуул овгийн Батчулууны Аззаяа /РД:СЮ82032376/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Аззаяа нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цаг 40 минутын үед өөрийн эзэмшлийн 78-73 УБТ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын зүүн хойд талд замаар хөндлөн гарч явсан иргэн Д.Бат-Оршихыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Бат-Оршихын биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орохоор өөрийн эзэмшлийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.Уламбаяр гэдэг хүнээс худалдаж авсан 78-73 УБТ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Багануур дүүрэг орох 2 хүн, Хэнтий аймаг орох 3 хүнтэй гарсан. Тэгээд Багануур дүүрэгт 2 хүнээ буулгаад Хэнтий явах зам руугаа Уурхайн 4 замаар зүүн тийш эргэж төв зам руу ороход Петровис шатахуун түгээх станцын урд талын гарцнаас бинзений ачааны машин гарч ирээд намайг хараад зогссон. Тэгэхээр нь би тэр машиныг тойрч гарах гээд эсрэг урсгал руу ороход гэнэт зүүн гар талаас буюу хойноос урагшаа чиглэлтэй хүн гарч ирээд мөргүүлсэн.  Би машинаа зогсоогоод нөгөө хүний хажууд очиход зам дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би 103-т мэдэгдэж дараа нь цагдаад хандсан. Машинд мөргүүлсэн хүнийг та зүгээр үү гэсэн чинь босоод ирсэн тэгэхээр нь машиндаа суулгасан. Уг хүнээс архи үнэртэж байсан хажууд нь пивоны сав, асгарсан пиво байсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирж эмнэлэг нөгөө хүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

         Хохирогч Д.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын 21 дүгээр гудамжны 03 тоотод Энхбаяр ахын ажлынхантай 3 лааз “Рэд касс” пиво уугаад Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн задгайд байх гэр рүүгээ ганцаараа алхсан. Айлаас гарч ирээд согтоод байх шиг байсан. Би огт архи уугаагүй пиво л уусан. Би уулзварын хажуу талын “Петровис” шатахуун түгээх станцын харалдаа замаар гарч байснаа санаж байна. Намайг тосч машин хот руу чиглэлтэй зогсож байхад араар нь тойрч гарсанаа санаж байгаа юм. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ухаан ороход машинд мөргүүлсэн гэсэн. Тэр өдөртөө эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Маргааш нь тархины бичлэг хийлгэж үзүүлэх, баруун хөлөө гипсдүүлэх эмчилгээгээ хийлгэхэд Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэсэн үүргийн дагуу хотод үзүүлээд гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтээд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Багануурт гэртээ ирсэн. Баруун хөлний шилбэний яс хугарсан, гайморын хөндийн ар хананаас 0,7х1,2 см хэмжээтэй яс урагш буюу гайморын хөндий рүү 5 см гүн хэмжээтэй цөмөрч орсон. Мөн баруун талд гайморын хөндийн ар хана, дотор хана, гадна хана, дээд хана, суурь ясны их далавч, хамрын яс зэргийг хамарсан хугаралтай, толгой, нүүрний яс гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

         Хохирогч Д.Бат-Оршихын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...биеийн байдал сайн байгаа. Аззаяагаас 870.000 төгрөгийн эмчилгээний хохирол авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

         Гэрч О.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны  12 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн жижүүрийн ажилтай байсан. Тэгэхэд оройн 20 цаг өнгөрч байхад зам дээр машинд шүргүүлсэн гэсэн согтуу, хувцас нь норсон, хамраас нь цус гарсан 40 гаруй насны Д.Бат-Орших гэдэг эрэгтэй 103-ын машинтай хүргэгдэж ирснийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, согтуу ухаантай, асуултанд хариулж, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй, нүүр болон гар, хувцас нь цус болсон хувцасны энгэр хэсэг нь норсон, даарсан байсан. Би цусыг нь цэвэрлэж үзэхэд хамрын зүүн нүхнээс цус гарч байсан. Толгойн зүүн дээд хэсэгт овоож язарсан, баруун нүдний дээд зовхинд өнгөц зүсэгдсэн шархтай байсан. Шархны цусыг цэвэрлэж хамарт нь чихээс хийж цус тогтоох тариаг 1 удаа хийж, виксол 2 мл, еак 5 пренц 100 мл судсаар хийж хамарт нь чихээс хийсэн. Дулаацуулж бүлээн жин тавьж, хөнжилд хучиж ар гэрийнхэнд нь мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

         Гэрч Э.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оны өмнө 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцаас төв асфальтан зам руу орох уулзвар дээр төв зам руу орох гээд машинтайгаа хөдлөөд замаар явж байсан машинуудыг өнгөрөөх гээд хараад зогсож байтал баруунаас зүүн тийш Хэнтий аймгийн чиглэлд явж байсан цагаан машин зогсож Петровис шатахуун түгээх станц руу орох уулзвар өнгөрөөд аваараа татаж зогссон. Би марк улсын дугаарыг нь мэдэхгүй жолооч нь бололтой намхан махлаг эрэгтэй аваар татаж зогсоод баруун талын урд хаалгаа онгойлгоод гар утсаа бариад гараад ирсэн. Тэгээд харсан чинь асфальтан замын голд нэг хүн хэвтэж байсан. Тэр хүн рүү жолооч нь бололтой хүн машиныхаа баруун талын урд хаалгыг онгойлгож бууж гүйж очсон. Тэгэхээр нь би зам харж байгаад төв зам руу нийлж Хэнтий аймаг руу хөдөлсөн. Би тухайн үед машинаас хүн уначихлаа гэж бодсон чинь зам дээр мөргүүлсэн юм шиг байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

         Гэрч Э.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орохоор найз бүсгүй Лхамжавын хамт вокзал дээрээс цагаан өнгийн “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Уг машин Багануур дүүрэг орох 2, Хэнтий аймаг орох 3 хүн суусан. Улаанбаатар хотоос Багануур орж хүмүүсийг буулгаад Багануурын төвөөс Хэнтий явах төв зам руугаа нийт 200-300 метр явахад “Петровис” шатахуун түгээх станц байсан. Тэр шатахуун түгээх станцын зам руу орон нийлж зүүн талын гарцыг өнгөрөхөд чимээ гарсан. Тэгэхэд амьтан, мал дайрчих шиг боллоо гэж бодсон чинь хүн мөргөсөн байсан. Би тухайн үед найз бүсгүйн хамт хойд суудалд сууж явсан. Яг мөргүүлсэн ахыг аль талаас гарч ирснийг мэдээгүй. Жолоочийн хажууд буюу зүүн урд суудалд сууж явсан эгч мөргүүлсэн ахыг зүүн гар талаас гарч  ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

         Гэрч Н.Лхамжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг машинд Хэнтий орох 3, Багануур дүүрэг орох 2 хүн байсан. Улаанбаатар хотоос Багануур дүүрэг ороод 2 хүнээ буулгаад Хэнтий аймаг орох зам руугаа эргэж яваад “Петровис” шатахуун түгээх станц хүрэх үед цаад хэсгийн зам руу нийлж уулзвар дээр бинзений том машин зогсож зам руу нийлэхээр зогсож байсан. Түүнийг өнгөрөхөд зүүн гэр талаас гарч ирсэн хүнийг мөргөсөн байсан. Би найз залуутайгаа хойно сууж явсан учир тэр хүнийг хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна.  Харин урд сууж явсан эгч зүүн гар талаас гарч ирсэн гэж хэлсэн. Уг машины зүүн урд хэсгээр мөргүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

           Гэрч Ж.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 112 дугаар сарын 26-ны өглөө 05 цагийн орчим Амгалангийн авто вокзалаас нэг хүүхэд жолоочтойгоо нилээд зургуулаа хамт гарсан. Тэгээд явж байгаад Багануур дүүрэг дээр 2 хүнээ буулгаад хөдөлсөн юм. Төв замаар бинзен колонкийн зэрэгцээ явж байтал баруун гар талаас бинзений том машин гарч ирсэн ба тэр үед гадаа их харанхуй байсан тэгээд тэр машины жолооч харчихаад тормозлоод хараад байсан тэгтэл жолооч хүн мөргөчихлөө, хүн алчихлаа гээд зогссон. Тэгээд гараад хартал эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан ба 5 минутын дараа өндийгөөд босоод ирсэн тэгтэл тэр хүн согтуу байсан. Тэгээд машины жолооч түргэн, цагдаа дуудсан юм. Цагдаа, түргэний машин ойролцоогоор 15 минутын дараа ирсэн. Машинд явж байхад мөргүүлсэн хүн миний талаас буюу зүүн гар талаас орж ирээд мөргүүлсэн ба тэр хүн зүүн урд талын гэрэл талаас мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

            Шүүх эмнлэгийн шинжээчийн “...Д.Бат-Оршихын биед баруун нүдний ухархайн гадна хугаралаас дээш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цус хуралт, 2 талын суурь ясны жигүүрэн сэртэн ясны хугарал, 2 талын гайморын хөндийн ар хана, нүдний ухархайн доод, дотор, гадна, дээд хана, суурь ясны их далавч, хамар ясыг хамарсан, бяцарсан нийлмэл хугарал, суурь ясны их биеийн дээд хэсгээс баруун ухархайн дотор ханын ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, 2 хацар ясны нумын хугарал, хамар ясны хугарал нүүрний баруун хэсэг болон хамар, хацар, эрүү, чамархай, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун тахилзуур ясны хугарал, 2 зовхи, баруун алимны салстад цус хуралт, баруун зовхи, баруун хацар, баруун ташаа, зүүн өвдөг, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл авто ослын үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн №1136 тоот дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/

            Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн: “...Тоёота марк-2 маркийн 78-73 УБТ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” гэсэн №1 тоот дүгнэлт /хх-ийн 64 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Аззаяагийн Цагдаагийн байгууллагад гаргасан: “...3 дугаар хороо Петровис шатахуун түгээх сүлжээний зам дээр 78-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаар гарч байсан хүн шүргэчихлээ...” гэсэн мэдээлэл /хх-ийн 5 дугаар хуудас/

            Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо Петровис шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр зүүн талд мянганы асфальтан зам дээр болсон байв. Тус үзлэгээр үл хөдлөх цэгээр 130/210 гэж дугаарлагдсан шонг авч тус шонг B үсгээр тэмдэглэхээр тогтоов. Уг ослын газрын асфальтан зам дээр тээврийн хэрэгслийн буферийн хагархай бутар ч унасан газрыг анх хүн мөргөсөн цэгээр буюу А цэгээр тэмдэглэж авсан ба тус тээврийн хэрэгсэлд мөргүүлж унасан гэх газрыг Б үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргуудаар бэхжүүлж авсан. Тус зам дээр байгаа 78-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэж авсан. Замын хойно буюу хөвөөн дээр салж унасан буферийн хагархайг В гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15 дугаар хуудас

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Үзлэгээр №00609102 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, уг тээврийн хэрэгслийн 4 дугуй бүтэн 105x16x65 хэмжээтэй өвлийн том дугуйтай, урд салхины шил зүүн доод хэсэгт 2 газарт хагарсан бусад нь иж бүрэн бүтэн, зүүн урд дохионы гэрэл байхгүй, урд буфер, зүүн хэсгээрээ хагарсан байдалтай байсныг шинжээч дэслэгч Б.Давааням гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 78-73 УБТ улсын дугаартай Toyota mark 2 маркийн автомашины техникийн хохирлын үнэлгээ /хх-ийн 109-118 дугаар хуудас/,

“Тоёота марк-2” маркийн 78-73 УБТ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоол, /хх-ийн 32-33 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Б.Аззаяа ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгийн торгох ял оногдуулсан гэсэн...” хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэргийн “болсон үйл явдал”-ын талаар хийсэн дүгнэлт

            Шүүгдэгч Б.Аззаяа нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цаг 40 минутын үед өөрийн эзэмшлийн 78-73 УБТ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно…”, 9.2 “…Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын зүүн хойд талд замаар хөндлөн гарч явсан иргэн Д.Бат-Оршихыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Бат-Оршихын биед нь баруун нүдний ухархайн гадна хугаралаас дээш дух яс руу үргэжилсэн шугаман хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цус хугаралт, 2 талын суурь ясны жигүүрэн сэртэн ясны хугарал, 2 талын гайморын хөндийн ар хана, нүдний ухархайн доод, дотор, гадна, дээд хана, суурь ясны их далавч, хамар ясыг хамарсан, бяцарсан нийлмэл хугарал, суурь ясны их биеийн дээд хэсгээс баруун ухархайн дотор ханын ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, 2 хацар ясны нумын хугарал, хамар ясны хугарал нүүрний баруун хэсэг болон хамар, хацар, эрүү, чамархай, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун тахилзуур ясны хугарал, 2 зовхи, баруун алимны салстад цус хуралт, баруун зовхи, баруун хацар, баруун ташаа, зүүн өвдөг, хуйханд зулгаралт зэрэг гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Болсон үйл явдлыг нотолж байгаа баримтуудыг үнэлэх талаар:

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна. Ослын шалтгааны талаарх дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий, шаардлагатай мэдлэгийг хангалттай хэмжээнд эзэмшсэн шинжээчид гаргасан ба дүгнэлт нь мөрдөн байцаагчийн тавьсан асуулт тус бүрт хариулсан, хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд тулгуурласан бөгөөд дүгнэлт үндэслэлтэй болох нь ослын газарт хийсэн автын мэргэжилтний тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бусад баримтуудаар нотлогджээ.

Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаархи шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч маргаагүй болно. Шүүгдэгч нь яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр давхар батлагдлаа. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд  гэж дүгнэв.

Үйл явдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүхээс хөдөлбөргүй тогтоогдсон үйл явдалд үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийхэд прокурорын яллах дүгнэлтэд тогтоож ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ. Тухайлбал:

Ослын үед шүүгдэгч Б.Аззаяа нь B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох 633704 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхээр өөрийн эзэмшлийн 78-73 УБТ улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, хэрэг хариуцах чадвартай байгаа нь тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх этгээд мөн болохыг тодорхойлж байна.

Шүүгдэгч Б.Аззаяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг мэдсээр байж зөрчсөн үйлдэлдээ болгоомжгүй хандсан гэм буруутай нь шүүгдэгчийн “харанхуй байсан болохоор том машин руу анхаарал хандуулаад жоохон тойроод гарах гээд хүч нэмтэл зүүн талаас хүн гарч ирээд мөргүүлсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон нь үйлдэлдээ анхаарал болгоомжтой хандах үүргээ биелүүлээгүй гэх тухайн хэргийн шинжийг бүрдүүлжээ.

Д.Бат-Оршихын бие махбодид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 1136 тоот дүгнэлтээр тодорхойлогдсон нь тухайн зүйл хэсэгт заасан хохирлын шинжийг агуулсан.

Жолооч болон хохирогчийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь хохирогч Д.Бат-Оршихын бие махбодид хүнд гэмтэл учрах шалтгаан болжээ.

Шүүгдэгчийн болгоомжгүй хандсан гэм буруутай үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг зөрчсөн болно.

Иймд Д.Түвшинжаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Ял шийтгэл, төлбөрийн талаарх дүгнэлт

Шүүгдэгч Б.Аззаяа нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар 2000 онд ял шийтгүүлж байсан боловч одоо ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэм буруутайд тооцогдсон Б.Аззаяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан торгох, баривчлах, хорих ялуудаас тохирох ялыг сонгон оногдуулахдаа дараах нөхцөл байдлуудыг харгалзав. Үүнд:

Хохирогч Д.Бат-Оршиход учирсан эрүүл мэндийг сэргээхэд зарцуулсан зардал, хохирлын талаар 167.600 төгрөгийн баримтыг /хх 38-39 хуудас/ шүүхэд ирүүлсэн хэдий ч Б.Аззаяа 870.000 төгрөгийг хохирогчийн эмчилгээ сувилгааны зардалд тооцон сайн дураараа хохирогчид нөхөн төлсөн байна.

     Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хэт хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн буюу хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, явган хүний гарцгүй хэсгээр замын хөдөлгөөнд орсон нь шинжээчийн 01 тоот дүгнэлт болон хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгүүд зэргээр тус тус тогтоогджээ.

Мөн тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Иймд шүүгдэгч Б.Аззаяагийн хувийн байдал буюу тухайн тээврийн хэрэгслийг худалдан авч хувиараа тээвэр хийн гэр бүлээ тэжээдэг болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дундажаас доош хэмжээгээр оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэе.

Шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хуульд зааснаар зайлшгүй оногдуулна.

            Б.Аззаяагийн 633704 дугаартай жолооны үнэмлэхийг нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтад хавсарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлбэл зохино.

Хохирогч нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...шүүгдэгчид гомдолгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн эд хөрөнгө болох 78-73 УБТ улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн автомашин битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны  01 дүгээр сарын 31-ний тогтоолыг хүчингүй болговол зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр

зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг

тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Сартуул овгийн Батчулууны Аззаяаг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Сартуул овгийн Батчулууны Аззаяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  нэг /1/ жилийн хугацаагаар хасч, нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Аззаяагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Аззаяа 870.000 төгрөгийг төлснийг, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.  
  5. Б.Аззаяад битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа 78-73 УБТ улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Аззаяагийн оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Аззаяад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзахаар тогтоосон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  8. Б.Аззаяагийн 633704 тоот жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлсүгэй.
  9. Шүүгдэгч Б.Аззаяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  10. Шүүгдэгч Б.Аззаяад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аззаяад урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Аззаяад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ