Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2019/0011

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12, 13 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, энэ хугацаанд хохирсон цалингийн зөрүүг буруу этгээдээр барагдуулах шаардлагууд бүхий иргэн Э.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2009 оны 01 дүгээр сарын 05-нд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдоод 10 дахь жилдээ ажиллаж байна. 2016 оны сонгуулийн дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон Л.******* нь чамтай хамтарч ажиллахгүй гээд ажилд орсон өдрөөсөө эхлэн элдэв өө, шалтаг хайж дарамтлах болсон. Ажиллах хугацаанд Л.******* нь намайг 3-н удаа ажлаас халж 4 удаа сахилын арга хэмжээ авсан нь шүүх төрийн албаны зөвлөлөөс хууль бус болох нь тогтоогдсон боловч Л.******* нь улам өс санаж янз бүрээр дарамтлах болсон. Энэ хүний хууль бус үйлдэлээс болж сэтгэл санаа болон эд материалаар маш их хохирч байна. Энэ хүний удаа дараагийн хууль бус үйлдлийг таслан зогсоож буруутай хүмүүсд арга хэмжээ авч хэвийн ажиллах боломжийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар бичгээр үйлдсэн эвлэрлийн гэрээндээ: Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 12,13 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож. Цалин ба урамшуулал хасагдсан саруудын буцаан олговол зохих зөрүүгийн 1 300 000 / нэг сая гурван зуун мянган / төгрөгийг буцаан олгохоор бид харилцан тохиролцов. Цалингийн зөрүү болох 1 683 805 төгрөгнөөс 1 300 000/ нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг буцаан олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12, 13 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, энэ хугацаанд хохирсон цалингийн зөрүүг буруутай этгээдээр барагдуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан цалингийн зөрүү 1 683 805 төгрөг гаргуулах шаардлагаас зарим хэсгээс татгалзаж 1 300 000 / нэг сая гурван зуун мянган / төгрөгийг авахаар хариуцагчтай тохиролцож, хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12, 13 дугаар тогтоолуудаа хүчингүй болгохоор нэхэмжлэгчтэй эвлэрч, энэ талаар бичгээр гэрээ байгуулсан байна. Энэ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож нэхэмжлэгч хариуцагч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан гэж үзэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.******* нь цалингийн зөрүү болох 1 683 805 төгрөгнөөс 383805 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 1 300 000 мянган төгрөгийг гаргуулах, хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12, 13 дугаар тогтоолуудаа хүчингүй болгох, 1300000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нөхцлөөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА