| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2020/02332/И |
| Дугаар | 101/ШШ2020/03046 |
| Огноо | 2020-08-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2020/03046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан хөгшин овогт Н.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сутайнбуянт овогт Ч.О,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Монгол овогт А.Б нарт холбогдох
21,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э /Ү-0/, гэрч А.Л, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь 2015 оноос 2019 оныг хүртэл хариуцагч нарт сар бүрийн зээлийн төлбөрт зориулан сар бүр 400,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр өгч байсан болно. Учир нь тухайн үед хариуцагч нар ипотекийн 8 хувийн зээлд хамрагдан нэхэмжлэгчээс буцаан өгөх нөхцөлтэйгөөр сар бүр дээрх үнийн дүнгээр тогтмол мөнгө авч байсан болно. Гэвч хариуцагч Ч.О-ы хүүтэй нэхэмжлэгч нь гэр бүл цуцлуулснаас хойш өнгөрсөн бүх хугацаанд нэхэмжлэгчээс өгсөн мөнгийг буцаан өгөхгүй гэх болсон. Иймд нэхэмжлэгч хариуцагч нарт сар бүр бэлнээр болон дансаар төлсөн нийт 21,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2010 оноос 2015 онд Н.Н болон гэрч А.Л нар 2 хүүхдийн хамт Н.Н-ийн ээжийн байранд амьдарч байсан. Нөхрийн талаас байрыг хариуцаж дүү А.Б-ын нэр дээр лизингээр авсан байранд тусдаа гарч амьдарч сар болгон төлөх төлбөрийг нь төлж дууссаны дараа тухайн байрыг та нарт өгнө гэж тохирсон байдаг. Энэ үндэслэлийн дагуу сар болгон орон сууцны зээлийн төлбөрийг төлсөн. А.Б-ын нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 23-р хороонд байрлах байранд Н.Н, А.Л, 2 хүүхдийн хамт амьдарч сар болгон төлөх лизингийг төлж амьдарч тухайн байрны лизингийг төлж дууссаны дараагаар энэ байрыг та нарт өгнө, эсвэл төлсөн мөнгийг буцааж өгөхөөр тохиролцсон аман тохиролцооны дагуу сар бүр мөнгийг төлсөн. Гэвч нэхэмжлэгч нь 2019 онд нөхөр А.Лодойданзантай тодорхой шалтгааны улмаас гэр бүлийн харилцаагаа дуусгавар болгосон. Энэ үйл явдлаас хойш тухайн байрыг чөлөөлсөн. Сар бүр төлж байсан 400,000 төгрөгөөр тооцож нийт 21,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. 10,231,861 төгрөг бэлнээр, дансаар 11,368,139 төгрөгийг төлсөн гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбартаа:
Хариуцагч А.Б-ыг хариуцагчаас хасч нэхэмжлэлийн шаардлага 21,600,000 төгрөгийг хариуцагч Ч.О-аас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ч.О, А.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Алтансүх овогтой Б миний бие нь 2010 оноос эхлэн 2016 он хүртэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Манай цагдаагийн хэсгийн удирдлагуудын зүгээс ажилчиддаа зориулан 60 айлын орон сууцыг Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт бариулахаар шийдвэрлэж барилгын Их Модун ХХК-иар гүйцэтгүүлэхээр болсон. Улмаар дээрх орон сууцыг барихад санхүүжилт шаардлагатай байсан тул эхний ээлжинд урдьчилгаа 20,000,000 төгрөгийг 3 хувааж өгөх хувиар гаргасан. Үүний дагуу миний бие 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн урьдчилгаа мөнгийг ойр дотнын хүмүүсээс зээлж 3 хуваан өгч дуусгасан. Байрны урьдчилгаанд өгөхөөр бусдаас зээлж авсан мөнгийг эргүүлэн өгөх зорилгоор эцэг эх маань 2013 онд хаан банкнаас зээл авсан.
Мөн орон сууцны зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд манай байгууллага нь Хаан банктай тохиролцож 1 хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамруулж өгсөн. 2014 оны сүүлээр манай эцэг, эх, бэр эгч нар хоорондоо ярилцаж байгаад төрсөн ах А.Л-г эхнэр хүүхдийнх нь хамт түр амьдруулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ амьдарч байх хугацаанд уг орон сууцны урсгал зардал болон Хас банкнаас авсан 20,000,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлт болох 400,000 төгрөгийг сар бүр төлж байхаар хоорондоо тохирсон байна.
Манай ах тухайн үед хадмындаа амьдардаг байсан учраас би гэр бүлийн хүрээнд гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч ахынхаа гэр бүлийг өөрийн байрандаа оруулсан. Учир нь би Хаан банкнаас авсан орон сууцны зээл болон ээжийн Хас банкнаас авсан 20,000,000 төгрөгийг зээлийг давхар төлж байсан тул нэг ч гэсэн зээлээсээ хөндийрөхийн тулд өөрөө ч байрандаа оролгүйгээр ахыгаа оруулсан. Тухайн үед би эцэг эхийнхээ байранд хамт амьдарч байсан учраас надад хэцүү байгаагүй.
Түүнээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг 8 хувийн зээлд хамрагдаад зээлээ авчихаад мөн өгөх асуудал огт яригдаагүй. Тэгээд орон сууцны зээл 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хаан банктай хийгдсэн байдаг. Хэрэв мөнгө зээлэх байсан бол орон сууцаа түрээслээд түрээсийн мөнгөөрөө зээлээ төлөөд явах боломж байсан. Тэгээд ч бидний хооронд ямарч зээлийн асуудал болон эргэн төлөх асуудал яригдаагүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ч.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий 100 айлд байрлалтай байр нь анх манай ажлын газраас ажилчдийн орон сууцны зориулалтаар барьсан. 2010 оноос баригдаж 2015 онд ашиглалтад орсон. Байрны урьдчилгаа мөнгө 20,000,000 төгрөгийг 4 хувааж төлсөн. Урьдчилгаа мөнгө болон орон сууц худалдан авах гэрээ нь бүгд миний нэрээр хийгдсэн. Тухайн цаг үед Н.Н байрны талаар мэдэхгүй, сонсоогүй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа байрыг авах гэсэн боловч надад зээл гарахгүй, энэ хүнээр зээл авахуулсан гэсэн ойлголтыг нэхэмжлэлдээ тусгасан. Энэ тайлбарыг би үгүйсгэж байна. Манай ээж, аав урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өгсөн. Байр ашиглалтад ороход төрсөн ах А.Л 10-р хороололд хадмындаа амьдарч байгаад тухайн байраа түрээслэхээр болоход ахыгаа энэ байрандаа оруулсан. 2013 оноос энэ байранд орсон. Нэг гэр бүлийн хүмүүс, ах гэдэг утгаараа энэ байрандаа оруулсан. Тухайн байрны үлдэгдэл 2 зээл байдаг. Эхний зээл нь Хас банкинд нөгөө нь Хаан банкнаас орон сууцны зээлийн гэрээг барилгын компани, миний бие, ажлын газар гэх гурвалсан гэрээгээр авсан. Би орон сууцны зээлд хамрагдах гэж байсан учраас, төрсөн ахын гэр бүл орох оронгүй болохоор нь эцэг эхтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр нэг зээлийг төлж амьдарч байхаар оруулсан. Анхнаасаа ямар нэгэн байдлаар байрны мөнгийг хэн төлж авахаар ярилцаж тохиролцсон гэрээ байхгүй. Түрээслэх журмаар байрны төлбөрийг төлж дууссаны дараагаар тухайн байрыг аван гэсэн хэлцэл тохиролцоо бичиг баримтаар үйлдэгдсэн зүйл байхгүй. Би Хаан банкны зээлийг төлж энэ хүмүүс Хас банкны зээлийг төлснөөр энэ байрыг авна гэдэг зүйл нь зарчмын хувьд, амьдралын хувьд нийцэхгүй асуудал. Гэтэл энэ асуудлыг сөхөж гаргаж ирж байгааг ойлгохгүй байна. Миний ах юм чинь гадуур байр түрээслэх хэрэггүй. Зах зээлийн ханшнаас доогуур үнээр байрны зээлийг төлөөд тодорхой хугацаанд амьдарчих гэж тохиролцоонд хүрсэн. Манай ээж Ч.О тухайн мөнгийг сар тутам авч зээл төлөлтийн данс руу банканд шилжүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Ч.О, А.Б нарт холбогдуулан 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч А.Б-т холбогдуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч Ч.О-аас 21,600,000 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн төлбөрт сар бүр 400,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр төлж байсан тул уг мөнгийг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж буцаан гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэгч нь нөхрийн хамт орон сууцны зээлийг төлөөд уг байранд сууж байсан, бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, түрээсийн байдлаар орон сууцанд сууж байсан, нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Н.Н нь нөхөр А.Л, 2 хүүхдийн хамт 2015-2019 онуудад Сүхбаатар дүүрэг, **** тоотод байрлах орон сууцанд амьдарч байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01982 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Н, түүний нөхөр А.Л нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг эхэд үлдээж, эцэг А.Л-гаас сар бүр тэтгэлэг гаргуулж, насанд хүрээгүй 2 хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй талаар дурджээ. /хх-74-75 тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг дансаар 11,368,139 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх боловч хэзээ, ямар дансанд, хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэлээс үлдэх 10,231,861 төгрөгийг ямар баримтанд үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна
Харин хариуцагч Ч.О-ы Хаан банкны ******* дансанд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 350,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 11 сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 110,000 төгрөг, нийт 3,260,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банк дахь нэхэмжлэгч Н.Н-ийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-5-32 тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн төрсөн ах А.Л-г гэр бүлийн хамт түрээсийн байранд мөнгө төлж байхаар орон сууцны зээлийн сарын төлөлтийг төлөөд уг байранд амьдруулсан гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадахгүй байна гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Ч.О нарын хооронд дансаар шилжүүлсэн дээрх 3,260,000 төгрөгийг буцаан төлөх талаар тохиролцсон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй, шүүх хуралдаанд гэрч А.Л-ийн өгсөн “...байр түрээсэлж амьдрах гэж байгаад арай хямдаар дүүгийнхээ байранд суусан. Дүү байр авах гээд 2-3 зээл авсан байсан тул 1 зээлийг нь төлж байранд нь суусан. Би бэлнээр Н-т мөнгө өгөөд Н төлж байсан. Яг хэдийг төлснийг мэдэхгүй. Түрээсийн гэрээ байгуулаагүй, байр түрээслэхээр 600-700 төгрөгийн түрээстэй байсан, дүүгийн байрыг түрээслэхэд 400,000 төгрөг төлөх нь боломжийн болохоор бид байсан. Гэр бүлийн дундын мөнгөнөөс зээлийн төлбөрийг төлж байсан, яг хэдэн төгрөг төлснийг одоо хэлж мэдэхгүй, манай ээж Ч.Оы дансанд мөнгийг хийдэг байсан, 2015 онд байранд ороод 2019 оны 2 сард суллаж өгсөн, биднийг зарим сард зээлийг төлөөгүй үед ээж маань төлж байсан. Би мөнгийг эхнэр Н-т өгч, Н ээжид өгдөг байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Д.О-ийн өгсөн “...Манай охин , Л нар 2010 оны 5 сард гэр бүл болсон, А.Б нь зээл авч орон сууц аваад манай хэд нүүж очсон. Хадмууд нь байр авч өгөх ёстой. Гэтэл Б-ын зээлийг манай хүүхдүүд төлөөд байсан. Охин маань хадмынхаа зээлийг төлөөд байсан. 2015-2019 онд сар бүр 400,000 төгрөг төлсөн, түрээсэлж байгаа тухай яриагүй, зээлээ төлөөд байрыг нь өгнө гэж ярьсан гэж байсан. Лизингээ хүнээр төлүүлдэг хүмүүсийг би мэдэхгүй юм.” гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Н.Н, түүний нөхөр А. нар нь гэр бүл байх хугацаанд дээрх байранд амьдарч 3,260,000 төгрөгийг хариуцагч Ч.О-ы дансанд шилжүүлсэн боловч уг мөнгийг буцааж авах нөхцөлтэй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Н.Н, гэрч А.Л нарын гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд зарцуулагдсан дээрх мөнгө гэрлэгчдийн хэн нь хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй, мөн гэрлэлт цуцлах үед 2015-2019 онд сар бүр 400,000 төгрөгөөр төлсөн мөнгөний талаар дурдагдаагүй, дундын хөрөнгийн маргаангүй гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ч.О-д холбогдох 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч А.Б-т холбогдох шаардлагаас нэхэмжлэгч Н.Н татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, А.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ