| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгч: О.Түмэндэлгэр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч
Боржигон овгийн Оргийн Түмэндэлгэрт холбогдох эрүүгийн 2327000000160 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг Бага нарийн гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЙС89092114 регистрийн дугаартай, Боржигон овгийн Оргийн Түмэндэлгэр.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Түмэндэлгэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Түмэндэлгэр нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг Бага нарийн гэх газар “...машин унаж чадахгүй чулуу мөргөлөө гэх шалтгаанаар эхнэр Б.Уранчимэгийн нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн зовхи, хамар хэсгийг хамарсан цус хуралт гэмтлүүд үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Түмэндэлгэр хүүхдүүдийн хамт Хархорин сумын Орхон баг Бага нарийн гэх газраас сумын төв орохоор 44-35 ӨВР улсын дугаартай Тоёота Спасио маркийн машиныг би жолоодож яваад чулуу мөргөөд зогсоход Түмэндэлгэр машинаа унаад цааш явж ... Түмэндэлгэр намайг арчаагүй машин унаж чадахгүй чам шиг ийм юм байдаггүй юм гээд миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. ...Түмэндэлгэр машины урд жолоочийн суудал дээрээ эргэж над руу хараад баруун гараараа маш хүчтэй нүүр хэсэг рүү 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хуудас/,
хохирогч Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байгаа. 2013 онд гэр бүл болсон. 10 жил хамт амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй. ...Хэрэг болсон өдрөөс хойш хэвийн харилцаатай байгаа. Намайг дахиж цохиж зодохгүй гэж амласан бас архи уухгүй гэж хэлсэн. Миний эмчилгээнд 300,000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөөр нь хамраа эмчлүүлж толгойгоо бариулсан. ...Надад өвдөж байгаа зовуурь байхгүй. Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй тул шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7-р хуу/,
насанд хүрээгүй гэрч Т.Түмэнманлайбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хөдөөнөөс ээж Уранчимэг машин жолоодоод сумын төв рүү явж байх замдаа машинаар чулуу мөргөж зогсоод аав Түмэндэлгэр машиныг жолоодож яваад Толгойн боолт дээр ирсэн. ...буцаад ирэхэд аав Түмэндэлгэр ээжийг зодчихсон машины урд суудал, шалавч нь дээр цус болчихсон байсан. ...Аав, ээж хоёр хоорондоо хэрэлдэж байгаагүй. Аав Түмэндэлгэр ээжийг зодож байгаагүй. ”гэсэн мэдүүлэг /хэргийн 15-р хуу/,
гэрч Т.Гомбо-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хараагүй болохоор мэдэхгүй байна. Хэд хоногийн өмнө Түмэндэлгэр манайд орж ирээд Уранчимэгтэй маргалдаад Уранчимэг аймаг явсан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17-р хуу/,
шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 612 дугаартай: “1.Үзүүлэгч Б.Уранчимэгийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун. зүүн зовхи, хамар хэсгийг хамарсан цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 23-25-р хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч О.Түмэндэлгэр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Уранчимэгт хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Түмэндэлгэрийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Түмэндэлгэр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Түмэндэлгэр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Түмэндэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Оргийн Түмэндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Оргийн Түмэндэлгэрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түмэндэлгэр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч О.Түмэндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Түмэндэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН