| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
4 01 08 2024/ШЦТ/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч Д.О, О.М нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Д.Х, Ц.А нарын өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч М овгийн Д-н Х, Ш овгийн Ц-ын А, М овгийн Д-н О, М овгийн О-ын М нарт холбогдох 2316000000203 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн **** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн **** сумын **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 (Нэг) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, Д***** регистрийн дугаартай, М овгийн Д-н Х,
2.Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн **** суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймаг **** сумын **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д***** регистрийн дугаартай, Ш овгийн Ц-ын А,
3.Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн **** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь- Алтай аймгийн ****** сум *** баг *** а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д***** регистрийн дугаартай, М овгийн Д-н О,
4.Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн **** суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Говь- Алтай аймгийн **** сум *** баг **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И**** регистрийн дугаартай, М овгийн О-ын М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул баг Шар хоолой гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алтны компанийн ойр орчимд овоолсон байсан шорооноос **** ** улсын дугаартай Hyundai Porter 2 загварын тээврийн хэрэгсэл, ***** улсын дугаартай Kia Bongo-3 загварын тээврийн хэрэгслүүдэд ачиж тогтоол устай газарт тээвэрлэн ирж усан помп ашиглан угааж алт олборлосон гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Д.Х, Ц.А, Д.О, О.М нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Т сумын Б баг Ш гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алтны компанийн ойр орчимд овоолсон байсан шорооноос **** улсын дугаартай Hyundai Porter 2 загварын тээврийн хэрэгсэл, **** улсын дугаартай Kia Bongo-3 загварын тээврийн хэрэгслүүдэд ачиж тогтоол устай газарт тээвэрлэн ирж усан помп ашиглан угааж алт олборлосон явуулсан үйл баримт тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сүүлээр Тонхил суманд овооны тахилга болсон. Хүний бараа, бэлэг хүргэж өгөөд хүмүүс шороо ухаж байна гэхээр нь сонирхоод хүний багаж гуйж шороо ачиж, тогтоол усанд угаасан. Дүүгийн машин хажууханд нь эвдэрсэн байсан. Маргааш нь шороо ачиж зогсож байхад цагдаа ирсэн, газар дээр нь ачсан шороогоо буулгасан гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сүүлээр нөхрийн хамт Тонхил сумын овооны тахилга болсон. Хүний бараа хүргэж өгөөд өөрийн авч явсан ус ундаатай явсан, зарж борлуулсан. Хүмүүс наана нь шороо ухаж байсан. Би хоол ундаа л хийж байсан, шороо ачаагүй. Ууц нуруу өвддөг учраас хүнд ажил хийдэггүй. Нөхрийн хамт л явсан, манай нөхөр дүүгийн хамт шороо ачиж нэг удаа угаасан. Дараагийн ачилт дээр цагдаа ирсэн, ачсан шороогоо буулгасан гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Миний бие нь хийсэн үйлдэлдээ харамсаж байна. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр нөхрийн хамт Тонхил суманд тахилгад явсан. Компанийн гаргасан шороо байсан. Манай машин очоод эвдэрсэн. Ах Д.Хын машинд шороо ачсан байсан. Угааж чадаагүй. Ах Д.Хын машинд шороо ачиж, угааж 160,000 төгрөгийн ашиг олсон, 60,000 төгрөгийг бензин хийгээрэй гэж ах өгсөн. Өөрөөр шороо угааж алт олборлосон зүйл байхгүй гэв. . /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын сүүлээр эхнэр хүүхдийн хамт Тонхил суманд тахилгад очсон. Тахилга үзчихээд хүмүүс алт олборлож байна гэхээр нь сонирхож очсон. Ахтайгаа хамт нийлж байгаад шороо угааж алт олборлож 160,000 төгрөгийг олсон. Ах машин чинь эвдэрсэн юм чинь бензин тос хий гээд 60,000 төгрөгийг өгсөн. Машинаа янзлаад байж байтал цагдаа ирсэн, ачсан шороогоо асгасан, угаасан зүйл байхгүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /29-ЗЗ-р хуудас/,
Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Би Т сумын Ш гэх газарт хэсгийн цагдаа Г.Ч жолооч Б-Ө нарын хамт хяналт шалгалт хийж явж байхад Т сумын Ш гэх газар үйл ажиллагаа явуулдаг алтны компани ойр орчмын газраас хүмүүс машинаар шороо ачиж байхаар нь очиж хэсгийн цагдаа Г.Ч-ын хамт шалгалт хийхэд Ч.Ц, Б.А, М.Д, Д.О гэж миний таньдаг хүмүүс байсан мөн танихгүй 6 хүн байсан би нэрийн мэдэхгүй байна тэр хэдийг шалгахад тухайн газраас шороо ачаад тухайн алтны компани гаргасан тогтоол усанд угааж алт олборлож байсныг таслан зогсоож алтны багажийг хэсгийн цагдаа Г.Ч хурааж авсан. Тухайн хүмүүс шинэ газар ухаж мэдрэгч тавьж газрын хэвлийд халдсан зүйл байхгүй өмнө алт гарч байсан газраас шороо ачиж тэнд байдаг тогтоол усаар угааж алт олборлож байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 73-р хуудас/
Гэрч Г.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Т сумын Ш гэх газарт Байгаль хамгаалагч С, жолооч Б-Ө нарын хамт хяналт шалгалт хийж явж байхад Т сумын Ш гэх газарт үйл ажиллагаа явуулдаг алтны компанийн газраас хүмүүс шороо ачиж байхаар нь Байгаль хамгаалагч С-ын хамт очиж шалгахад тус сумын иргэн Ч.Цэрэндорж, Б.А, М.Д, Д.О, Д.Х, Ц.А, Д.О, О.М, Х.Ц Д.Б нар тухайн газраас машин дээр шороо ачиж усан дээр очиж шороогоо угааж алт олборлож байсан тул тухайн хүмүүст байсан алтны багажуудыг хурааж аваад сумын төв рүү авч явсан. Тэгээд Д сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн. Би 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Говь- Алтай аймгийн Т сумын Байгаль хамгаалагч Г.С, жолооч Б нарын хамт Б багийн Ш гэх нэртэй газар эргүүл шалгалт хийж явж байгаад хууль бусаар алт олборлож байсан хүмүүстэй таарч шалгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-р хуудас/,
Гэрч Х.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 26-нд Би Говь-Алтай аймгийн Т сумын Д багаас аймгийн төвд ажлаар ирсэн байсан чинь манай эхнэрийн төрсөн дүү О над руу утсаар яриад би Т сумын Ш гэх газарт байна. Миний машины бөгс эвдэрчихлээ та аймгаас машины сэлбэг гагнуурын аппрат, тастагч, 220 ВТ гаргадаг мотор аваад ирээч гэхээр нь би тухайн хэлсэн зүйлүүдийн аваад эхнэр Бийн хамт өөрийн эзэмшлийн Вонго-3 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр Т сумын Ш гэх газарт очоод О тухайн авна гэсэн машины сэлбэг гагнуурын аппрат, тастагч, 220 ВТ гаргадаг мотор зэргийн аваачих өгчхөөд явах гэсэн чинь О та энд хүмүүсийн гаргасан шорооноос машин дээрээ ачаад аваачаад угаагаад үз гэхээр нь би машины тэвшин дээр хоёр дэгээ шороо ачаад устай газар очоод усаар тухайн шороогоо угаасан чинь тухайн үед биетэй алт гарч ирээгүй бага зэргийн тоос гарахаар нь тухайн тоосыг газарт цацсан. Т сумын цагдаа ирээд бид нарыг шалгасан. Би 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгаас Говь-Алтай аймгийн Т сумын Ш гэх газарт манай эхнэрийн дүү Оын машины бөгс эвдэрсэн сэлбэг аваад ирье гэхээр нь би эхнэр Бийн хамт тухайн газарт очсон юм. Би газрын хэвлийд халдаж гар аргаар алт олборлосон зүйл байхгүй. Алт олсон юм байхгүй. Надад ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй. Би эхнэр Баярмаагийн хамт явж байсан хажууд Х, А, О, М нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,
Гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү О нь манай нөхөртэй утсаар яриад Т сумын Ш гэх газарт байна. Миний машины бөгс эвдэрчихлээ аймгаас машины сэлбэг гагнуурын аппрат, тастагч, 220 ВТ гаргадаг мотор аваад ирээч гэж ярьсан. Тэгээд манай нөхөр Ц бид хоёр тухайн хэлсэн зүйлүүдийн аваад хамт Вонго-3 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Т сумын Ш гэх газарт очоод О тухайн авна гэсэн машины сэлбэг гагнуурын аппрат, тастагч, 220 ВТ гаргадаг мотор зэргийн аваачиж өгчхөөд явах гэсэн чинь О та хоёр энд хүмүүсийн гаргасан шорооноос машин дээрээ ачиж аваачаад угаагаад үз гэхээр нь манай нөхөр бид хоёр машины дэвшин дээрээ хоёр дэгээ шороо ачаад устай газар очоод усаар тухайн шороогоо угаасан чинь тухайн үед биетэй алт гарч ирээгүй бага зэргийн тоос гарахаар нь тухайн тоосыг газарт цацсан. Тэгээд Т сумын цагдаа ирээд бид нарыг шалгасан. Надад ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй .манай нөхөр Ц хамт явж байсан хажууд Х, А, О, М нар байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 66-67-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.
Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О, О.М нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...Д.О, О.М нарын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт шинж гэж байгаа, 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан нөхцөл байдал харагдаж байх тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлт гаргаж,
Шүүгдэгч Д.Х, Ц.А нарын өмгөөлөгч М.Энхзаяа: “...Миний үйлчлүүлэгч нар газрын хэвлийд халдаагүй, овоолсон шорооноос шигшиж 160,000 төгрөг олсон гэдэг... Ц.Аийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.1.4 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирол байхгүй, хохирол байж гэмт хэргийн шинж бүрдэх зохицуулалттай. Тухайн үед нөхрөө дагаж явсан. Ц.Аийн хувьд хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол зэргийг харгалзан үзэж үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцлоо.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “...учруулсан хохирол байхгүй, хохирол байж гэмт хэргийн шинж бүрдэх зохицуулалттай..., гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан...” гэж дүгнэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хохирол хор уршиг шаарддаггүй бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлосноор тухайн гэмт хэргийн шинж хангагддаг заавал материаллаг хор уршиг шаарддагүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулж 160,000 төгрөгийн үнэ бүхий алт олсон талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлж байна. Мөн шүүгдэгч Ц.А, О.М нарыг тухайн үед дагаж явсан гэмт хэрэгт оролцоогүй, үйлдлийг хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч нар дүгнэлт гаргасан бөгөөд хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тэдгээрийн хамтран оролцсон байдлууд тогтоогдож байх тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарыг тус бүр 1 (Нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарт мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,492,700 (Гурван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга долоон зуу) төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай Hyundai porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, 4,579,000 (Дөрвөн сая таван зуун далан есөн мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ***** улсын дугаартай KIA Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэ 8,071,700 (Найман сая далан нэгэн мянга долоон зуу) төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 2,017,925 (Хоёр сая арван долоон мянга есөн зуун хорин тав) төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 160,000 (Нэг зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй болно.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн ус соруулдаг помп 1 (Нэг) ширхэг, хүрз 2 (Хоёр) ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан шүүгдэгч М овгийн Д-н Х, Ш овгийн Ц-н А, М овгийн Д-н О, М овгийн О-ын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарыг тус бүр 1 (Нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,492,700 (Гурван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга долоон зуу) төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай Hyundai porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, 4,579,000 (Дөрвөн сая таван зуун далан есөн мянга) төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай KIA Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэ 8,071,700 (Найман сая далан нэгэн мянга долоон зуу) төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 2,017,925 (Хоёр сая арван долоон мянга есөн зуун хорин тав) төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 160,000 (Нэг зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг авсугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн ус соруулдаг помп 1 (Нэг) ширхэг, хүрз 2 (Хоёр) ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгасныг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х, Ц.А, Д.О, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР