Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/ма2026/0547

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн  

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.М

Нэхэмжлэгч: Ю ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хасагдсан төлбөр буюу 92,670,080 /Ерэн хоёр сая зургаан зуун далан мянга ная/ төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06/1383, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/1546 дугаар захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч Ю ХХК-д 92,670,080 /Ерэн хоёр сая зургаан зуун далан мянга ная/ төгрөгийг олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0548 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1110/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ю ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хасагдсан төлбөр буюу 92,670,080 /Ерэн хоёр сая зургаан зуун далан мянга ная/ төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06/1383, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/1546 дугаар захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч Ю ХХК-д 92,670,080 /Ерэн хоёр сая зургаан зуун далан мянга ная/ төгрөгийг олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0548 дугаар шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.7, 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасныг тус тус баримтлан Ю ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06/1383, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/1546 дугаар захиргааны актыг /татгалзсан шийдвэрийг/ хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ю ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хасагдсан төлбөр болох 92 670 080 төгрөгийг олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.   

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.М нарын давж заалдах гомдлын агуулга:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нийслэл орон нутгийн хэмжээнд нийт 2385 эрүүл мэндийн байгууллагатай даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг худалдан авах зорилгоор "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ" г байгуулан гэрээний хэрэгжилтийг хянаж, жил бүрийн 12 сард гэрээг дүгнэн ажилладаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцад хамаарах тусламж, үйлчилгээг нэрлэн зааж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид эрүүл мэндийн туслаж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр нь тооцож олгох, 13 дугаар зүйлийн 13.1.1-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх, 13.1.2-т эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж хэрэгжилтийг хангах, 13.1.6-д эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх үүрэг хүлээхээр, 16.1.3-т даатгалын байгууллага даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих дүгнэхээр, 16.1.5-д даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төлбөр олгохоор заасан.

Манай байгууллага нь нэхэмжлэгч Ю ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд дахь хэвтүүлэн эмчлэх эмийн эмчилгээний түүвэрлэгдсэн тохиолдлуудад Чанар төлбөрийн хяналтын журмын 3.4-т "... Олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан аргачлалын дагуй боловсруулсан нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан бөгөөд уг шалгуурыг баримталж, чанар төлбөрийн хяналтыг хийж, нэхэмжлэлийг хянана...", 4.1.2.2-т "..чанар төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянахдаа зөвхөн энэхүү журмын хавсралтаар батлагдсан шалгуурыг баримтлах.." гэж заасны дагуу хяналт хийж, шалгуур хангаагүй нэхэмжлэлд хасагдал тооцсон ба нэхэмжлэгч байгууллагаас хасагдлыг дахин хянуулах хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т "Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавих, маргаан шийдвэрлэхэд хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шинжээч, даатгуулагч, оролцогч, хамтрагч талуудтай хамтран ажиллана." гэж заасны дагуу хараат бус хөндлөнгийн шинжээч эмчээр нэмэлт хяналтыг хийлгэж үр дүнг албан бичгээр хүргүүлэн ажилласан болно.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь шинжээчийн дүгнэлт гэх баримт нь бодит нөхцөлд тохироогүй байхад түүнийг үндэслэн хасалт хийсэн нь журмын заалт зөрчсөн, хасах ёсгүй үндэслэлээр хассан, хариуцагч журамд заасан зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэлийн хяналтыг хийсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/239 дугаар тушаал" гэж огт батлаагүй тушаалын дугаар бичиж үнэслэх хэсэгтээ тусгасан. Мен захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөж буй Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан Чанар төлбөрийн хяналтын журмын хавсралтаар баталсан шалгуурт нийцүүлэн шалгаж байгаа үйлдлийг бүхэлдээ техникийн шинжтэй, өвчний түүхийг бичиж буй этгээдийн засаж болохуйц бичвэрийн алдаа буюу Өвчний түүх-д нөлөөлөхөөргүй, шалгуур үзүүлэлт хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна гэж хэт нэг талын тайлбарт дүгнэлт хийж, хариуцагч талын тайлбар болон захирагааны байгууллагын тавьж буй шаардлага шалгуур үзүүлэлтэд дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сан нь эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлан даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг хуваалцах зорилгоор төлсөн шимтгэлийн орлогын эх үүсвэрээс бүрддэг бөгөөд энэхүү сангаас нэхэмжлэгч байгууллагад иргэн даатгуулагчидад эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлсний дагуу санхүүжилтийг олгохоор хуульчилсан Гэтэл Өвчний түүх нээснээс хойш 2 цагийн дотор үзлэг хийх ёстой гэсэн шалгуурыг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.2-т дурдсан даатгуулагч Т нь өвчний түүхийн паспортын хэсэгт хүснэгтэд бичснээр өвчин эхэлсэн 10 цаг, эмчид үзүүлсэн 12 цаг, хэвтсэн 12 цаг 30 минут гэж бүртгэсэн атал хүлээн авсан эмчийн үзлэгийн тэмдэглэлд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 00:00 цаг гэж, мөн эмчийн үлэгийн тэмдэглэлд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 55 минут гэж зөрүүтэй бүртгэсэн байхад үзүүлсэн цаг 10, хэвтсэн цаг 12 гэж дүгнэж эмчийн үлэгийн тэмдэглэлийн цаг хугацаанд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.

Мөн Өвчтний түүхэн "Хүлээн авсан эмчийн үзлэг" тэмдэглэл дэх зовиур шинж тэмдгийг бүх нэхэмжлэлийн хяналтад хамрагдсан даатгуулагч бүр дээр хуулбарлан бичиж тэмдгэлсэн зэрэгт дүгнэлт хийгээгүй шийдвэрлсэн нь үндэслэлгүй юм. Хавсралтаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан даатгуулагч Тийн хавтас хэрэгт авагдсан өвчний түүх болон хүлээн авсан эмчийн үзлэгийн тэмдэглэлийг ижил хуулбарлан бичсэн өвчтний түүхийн хамт хавсаргав Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

           2. Нэхэмжлэгч Ю ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хасагдсан төлбөр буюу 92,670,080 /Ерэн хоёр сая зургаан зуун далан мянга ная/ төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06/1383, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/1546 дугаар захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч Ю ХХК-д 92,670,080 /Ерэн хоёр сая зургаан зуун далан мянга ная/ төгрөгийг олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

  3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Ю ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр УБ-02/054 дугаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-г 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар байгуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 сарын 31-нийг хүртэл тус гэрээний дагуу олгогдох байсан үнийн дүнгээс 24 хэвтэн эмчлүүлэгчдийн гүйцэтгэлийн санхүүжилт 92,670,080 төгрөгийг хасаж олгосон.

   4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.7-д “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 16.1.5-т “даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох” Үндэсний зөвлөлийн эрхийг заажээ.

  5. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-д Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас худалдан авах тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын төрлүүдийг заасан бөгөөд 3.1.1-т “Нэхэмжлэлийн хяналт”, 3.1.2-т “Эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт”, 3.1.3-д “Эмнэл зүйн аудит”, 3.1.4-д “Чанарын үнэлгээ”, 3.1.5-д “Гэрээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх”, мөн журмын 3.2-т “3.1.1-д заасан нэхэмжлэлийн хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс чанар, төлбөрийн хяналт хийж төлбөр төлөх үйл явц бөгөөд энэхүү журмын 3.1.2. 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан бусад хяналтын төрлүүдийн үр дүнд аливаа төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргахгүй” гэж заажээ.

  6. Дээр дурдсан зохицуулалтаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн байгууллагын даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт нэхэмжлэлийн хяналт, бусад тохиолдолд чанарын хяналтыг тус тус хэрэгжүүлэхээр, чанарын хяналтыг хэрэгжүүлэх тохиолдолд төлбөртэй холбоотой шийдвэр гаргахыг хориглосон байна.

  7.  Мөн “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 4.1.2.2-т “чанар төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянахдаа зөвхөн энэхүү журмын хавсралтаар баталсан шалгуурыг баримтална” гэж, 3.7-д “...нэхэмжлэлийг хянах явцад дараах зөрчлүүд илэрсэн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэхгүй, зөрчлийн санд бүртгэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр шийдвэрлэнэ”, 3.7.1-д “Тусламж, үйлчилгээ үзүүлээгүй мөртөө үзүүлсэн хэмээн санаатайгаар хуурамч нэхэмжлэл илгээх”, 3.7.2-д “Санхүү, бүртгэл, эмнэл зүйн үйл ажиллагааг зохих ёсоор явуулаагүйтэй холбоотой шаардлагагүй зардал үүсгэх өөрөөр хэлбэл эмнэл зүйн хувьд шаардлагагүй үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмнэл зүйн удирдамжийн дагуу үзүүлэхгүй завших оролдлого хийх”, 3.7.3-д “...үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхдээ бодит байдлаас давуулан илүү өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний код ашиглан нэхэмжилж код ахиулах” гэж тус тус заасан.

8. Дээрх журмын зохицуулалтад гэрээт байгууллагын илгээсэн төлбөрийн хүсэлтийг олгохоос татгалзсан үндэслэлд хариуцагчийн татгалзалд заасан үндэслэл хамаарахгүйн дээр хариуцагч нь нэхэмжлэлийн хяналтыг гүйцэтгэхдээ “Чанар төлбөрийн хяналтын журам”-ын хүрээнд хянах үүрэгтэй.

9. Түүнчлэн гэрээт байгууллагын хүсэлтэд хариуцагчаас чанар төлбөрийн хяналтыг шинжээч эмч Н.О-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Ю эмнэлгийн өвчний түүхийн дүгнэлт хийсэн тайланд дурдсан “...1 дүгээр сарын 32 түүх дээр эмийн эмчилгээний нэмэлт хяналт хийхэд 6 буюу 18,8 хувь өвчний түүх хангалттай, 26 буюу 81,2 хувь өвчний түүх хангалтгүй 81,2% хангалтгүй”  гэсэн дүгнэлтийг үндэслэн шалгуур хангаагүй тусламж үйлчилгээний тохиолдол гэж үзэж төлбөрийг хассан.

10. Уг дүгнэлтэд заасан нийтлэг алдаа дутагдалд: “хүлээн авсан эмчийн зовиур, асуумжийн хэсэг хангалтгүй /J15.8 оноштой зарим түүхийн зовиур хангалтгүй, зовиур өвчний түүхийг хольж бичих, M47.87 оношийн хувьд нуруу өвдөнө, нойр муу гэх мэт зовиурыг ишлүүлж, дэлгэрүүлж аваагүй, өвдөлтийн хуудас (СМ-4-хавсралт1) хангалтгүй үнэлсэн. /Өвдөлт үнэлэх хуудасны он сар өдөр бичигдээгүй, хэвтсэн өдрөөс гарах өдөр хүртэл хэвээр хуулагдсан, зарим тохиолдолд тухайн өвчтөний эмнэл зүйн байдалтай тохирохгүй, өвдөлтийн байрлал бичигдээгүй байхад өвдөлтийн хүчийг баллаар үнэлэх/, эмчлүүлэгчийн биеийн байдлаар үнэлэх хуудас эмчлүүлэгчийн эмнэл зүйн байдалтай тохирохгүй /Ханиалгалт их өгүүлэмжтэй өвчтөнийг хэвтсэн өдрөөс гарах өдөр хүртэл ханиалгалт үгүй гэж тэмдэглэсэн/, эмчлүүлэгчийн хоол дутуу бичигдсэн, хүүхдийн тасгийн өвчний түүхийн сувилахуйн тэмдэглэл (СМ-2-Хавсралт12) ихэнх хүүхэд дээр ижил, хэвтсэн өдрөөс гарах өдөр хүртэл бүгд ижил хуулагдсан, клиникийн оношийн үндэслэл 3-5 хоногт бичигдээгүй /Эмнэлэгт хэвтсэн өдөр клиникийн оношийн үндэслэл бичигдсэн/, хийгдсэн лабораторийн шинжилгээг оношийн үндэслэлд тоон үзүүлэлтийн хамт дүгнэж бичих, зарим тохиолдолд бактерлоги, амьсгалын замын эмгэгтэй өвчтөнүүдэд вирусологийн шинжилгээ хийгдээгүй /DS:J15.8 бактерт пневмони онош тавигдсан хэдий ч бактерлоги шинжилгээ авч баталсан, вирусологи шинжилгээ авч үгүйсгээгүй/, эмчлэгч эмчийн үзлэг болон хүлээн авсан эмчийн үзлэг өвчний түүх нээгдсэнээс 2 цаг түүнээс дээш болсон тохиолдол цөөнгүй, хүүхдийн тасгийн түүхийн гарах үеийн эпикриз бүгд хугацаа бичигдээгүй буюу алдаатай” гэсэн нь техникийн шинжтэй залруулж болох алдаа бөгөөд Өвчний түүхэд нөлөөлөхөөргүй, журамд заасан шалгуур үзүүлэлт хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

11. Үүнээс үзвэл хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Ю эмнэлгийн нэхэмжилсэн төлбөрийг Чанар төлбөрийн хяналтын журмын 3.7-д заасан төлбөрийг олгохгүй байх үндэслэлд хамаарахгүй Шинжээчийн дүгнэлтэд заасан үндэслэлээр хасалт хийсэн нь дээрх журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр хассан гэж үзэхээр байна.

12. Хариуцагчийн татгалзалд дурдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын А/239 дугаар тушаалаар батлагдсан Нэхэмжлэлийг хянах журмыг Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0094 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт болохыг тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.

 Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                Л.ОДБААТАР

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН