Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 23

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баяртөрд холбогдох эрүүгийн 201701070010 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                     Ц.Баясай

 Улсын яллагч                                                      Х.Эрдэнэтуяа

 Хохирогч                                                        Т.Сүнжидмаа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                        Д.Баяртөр нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, экскаварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр Сүнжидмаа, 2-7 насны 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 29 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УЮ89030510 регистрийн дугаартай Боржигон овогт Даваасамбуугийн Баяртөр

           Шүүгдэгч Д.Баяртөр нь эхнэр Т.Сүнжидмааг 2015 оноос эхлэж байнга зодож, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Д.Баяртөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 4 сард эхнэрээ төрөөд 14 хонож байхад нь агсам тавьж цохиж зодсоноо санахгүй байна. Харин 2016 оны 4 сард гудамжныхаа айлд архи уугаад гэртээ ороход эхнэр уурлаад байхаар нь хэрэлдэж, түүнийг 2 удаа алгадсан. 2016 оны 6 сарын 26-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ ирэхэд эхнэр байхгүй байхаар уур хүрч пиво уусан. Тэгээд орой эхнэрийг ирэхээр хэрүүл хийхэд цагдаа дуудсан. 2017 оны 1 сарын 14-ний өдөр эхнэр бид хоёр Соронз бааранд ороод гэртээ ирээд пиво ууцгаасан. Тэгээд би эхнэртэйгээ хэрүүл хийгээд түүнийг 2 удаа алгадсан. Би ажилгүй учраас архи уугаад байдаг юм. Эхнэрээ хардаж түүнийг алгадаж зодсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, уучлалт гуйж байна...” гэв.

 

Хохирогч Т.Сүнжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 4 дүгээр сард орой 22 цагийн үед манай нөхөр согтуу орж ирээд том хүүхдээ айлгаад том дуугараад байхаар би “боль” гээд түүнийг өшиглөсөн. Гэтэл босч ирээд гэрийн эд хогшил авч шидээд хүүхдүүд уйлаад байхаар нь цагдаа дуудсан юм. Мөн 2016 оны 4 сард манай нөхөр гэртээ согтуу орж ирээд намайг 2 удаа алгадсан. 2016 оны 6 сарын 26-ны өдөр Сургалтын задгай 4 дүгээр гудамжны 19 тоотод ээжийнхээ хашаанд амьдардаг байх үед би найзуудтайгаа уулзаад орой ирэхэд манай нөхөр согтуу байсан. Тэгээд намайг “уулаа, гадуур гарлаа” гэж уурлаад гэрийнхээ эд хогшил буюу зурагт зэргийг авч шидээд байхаар нь цагдаа дуудсан. 2017 оны 1 сарын 14-ний орой нөхөртэйгээ хамт Соронз бааранд найзуудтайгаа ороод гэртээ хариад бид хоёр пиво уугаад намайг бэлгийн харьцаанд орсонгүй гэж уурлаад намайг үсдэж байгаад алгадсан. Бид хоёр хамт амьдраад 7 жил болсон. Би одоогоор 3 хүүхдийн хамт ээжийндээ амьдарч байна. Манай нөхөр ирэн очин байгаа. Би нөхрөөсөө салъя гэж бодож байна. Учир нь манай нөхөр ухаан суухгүй байгаа. Хоёр хоногийн өмнө л гэхэд  архи уусан. Намайг хүнтэй утсаар ч яриулдаггүй. Би нөхрөө согтуу ирээд яачих бол гэсэн айдас түгшүүртэй хэцүү байдаг. Би нөхрөөсөө айдаг. Бид хоёр хоорондоо хэрэлдэх маргалдах үед хажууд хүүхдүүд байж байдаг. Би зарим нэг зүйлийг л цагдаад мэдүүлсэн түүнээс биш намайг зодсон цохьсон асуудал өөр байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ял шийтгэл оногдуулахгүй шийдвэрлэж өгөөч...” гэв.  

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Пүрэв-Очирын мэдүүлсэн: “...Би бага дүүтэйгээ гэртээ үлдээд дүүгээ бүүвэйлээд унтуулсан. Дүүгээ унтуулаад өөрөө бас унтсан байсан. Аав, ээж хоёрыг ирэхэд би сэрсэн. Тэгээд унтаж байтал аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь та хоёр боль гэж хэлээд аавыг ээжээс холдуулсан. Бид нар тэгээд унтсан. Манай аав, ээж хоёр хааяадаа хоорондоо хэрэлдэж маргалддаг. Би тоолж байгаагүй болохоор хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 20/

Мөрдөн байцаалтад гэрч О.Болортуяагийн мэдүүлсэн: “...2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед ажил дээр нь очиход Сүнжидмаа масктай байсан. Би очоод нээх анзаарч хараагүй ханиад хүрсэн юм байх гэж бодоод байж байтал Сүнжидмаа суугаад юм хийж байхад нь харсан чинь баруун талын шанааны хэсэгт халцарч хүрэнтсэн байсан. Тэгэхээр нь нүүрээ яасан юм маскаа ав даа гэсэн чинь нүүр нь нилэнхүйдээ хавантай болсон байсан. Хоол цай идэж уухаар нүүр нь өвдөөд байгаа бололтой  байсан. Би Баяртөр, Сүнжидмаа нарыг хоорондоо муудалцаж, маргалдаж байхыг харж байгаагүй. 2016 оны 03 дугаар сарын сүүлээр байх дулаан орсон байхад Сүнжидмаа нөхөртөө зодуулсан гэж шүүх эмнэлэгт үзүүлж толгойд нь хаван үүссэн байсан. Тэгээд эмчилгээ хийлгэж байсан. Ингээд Сүнжидмааг нөхөртөө зодуулдаг гэдгийг мэдсэн. Үүнээс өмнө Сүнжидмааг бага хүүхдээ төрүүлсний дараа сар болоогүй байхад нь зодож байсан гэж байсан. Хоорондоо муудалцаж маргалдаад Сүнжидмаа хүүхдүүдээ аваад ээж Гантуяа дээрээ очдог юм шиг байгаа юм. Тэгэхээр нь нөхөр Баяртөр нь ирж гуйгаад аваад явдаг юм шиг байгаа юм. Сая шинэ жилийн үеэр Сүнжидмаа ээж дээрээ хүүхдүүдтэйгээ очсон байхад нь нөхөр нь гуйгаад дагуулаад явсан гэсэн гэтэл дахиад зодсон байна. Баяртөр Сүнжидмааг гэр лүүгээ ээж рүүгээ явчихаар амиа хорлоно гэж айлгадаг гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Гантуяагийн мэдүүлсэн:“...Манай дүү Болортуяа над руу утсаар залгаад Сүнжидмаа, Баяртөр нар урьд шөнө муудалцаж нүүр лүү нь цохисон юм шиг байна гэж хэлсэн. Би Баяртөр, Сүнжидмаа нарыг хоорондоо муудалцаж, маргалдаж байхыг хараагүй. 2016 оны хавар 3 сарын сүүлээр Сүнжидмаа нөхөр Баяртөрд зодуулсан гэж байсан. Тэгээд үзүүлэхэд тархи хавантай байна гэж гарч байсан. Нүүр нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/037 тоот актад“... Т.Сүнжидмаагийн биед баруун хацарт зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо  хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09/шэ157 тоот актад “Т.Сүнжидмаагийн биед тархи доргилт, зүүн хацар зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний доод зовхи, дээд уруул цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо  хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн гомдол мэдээллийн бүртгэлийн сангийн “Д.Баяртөрд захиргааны арга хэмжээ авагдаж байсан” талаарх мэдээллүүд /хх-ийн 50-58, 61-69  дүгээр хуудас/,

Багануур дүүргийн 5 хорооны Засаг даргаас ирүүлсэн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээгээр “Өндөр эрсдэлтэй” болохыг тогтоосон хамтарсан багийн эрсдэлийн үнэлгээ /хх-ийн 72-82 дугаар хуудас/,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 51 дугаартай Прокурорын тогтоолоор “Д.Баяртөр 2016 оны 03 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед эхнэр Сүнжидмааг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх 201601070073 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Д.Баяртөр, Т.Сүнжидмаа нарын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 46, 85-87/

Д.Баяртөрийн “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/37 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

  Шүүгдэгч Д.Баяртөр нь эхнэр Т.Сүнжидмааг 2015 оноос эхлэн байнга зодож, тарчлаах шинжтэй үйлдэл хийж,

2015 оны 4 дүгээр сард Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн 29 дүгээр гудамжны 7 тоотод байрлах гэртээ эхнэр Т.Сүнжидмааг хүүхдээ төрүүлээд 14 хоносон нялх биетэй байхад нь согтуугаар агсам тавьж, гэрийнхээ эд зүйлийг авч шидэн эвдэж, сэтгэл санааны дарамтанд оруулсан,

Мөн 2016 оны 4 дүгээр сард Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн 29 дүгээр гудамжны 7 тоотод байрлах гэртээ согтуугаар эхнэр Сүнжидмаатай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг 2 удаа алгадсан,

Мөн 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сургалтын задгайн 4 дүгээр гудамжны 19 тоотод  байрлах гэртээ эхнэр Сүнжидмааг “гадуур гарлаа” гэж уурлан агсам тавьж гэрийнхээ эд зүйлийг авч шидэн эвдэж, сэтгэл санааны дарамтанд оруулсан,

           Мөн 2017 оны 1 дүгээр сарын 14-ний шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн 29 дүгээр гудамжны 7 тоотод байрлах гэртээ согтуугаар эхнэр Сүнжидмааг бэлгийн харьцаанд орсонгүй гэж уурлан улмаар түүнийг үсдэж 2 удаа алгадах зэргээр эхнэр Т.Сүнжидмааг байнга зодох буюу тарчлаах шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баяртөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн “2016 оны 4 сард гудамжныхаа айлд архи уугаад гэртээ ороод эхнэрээ 2 удаа алгадсан. 2016 оны 6 сарын 26-ны өдөр ажлаасаа буугаад пиво уугаад эхнэртэйгээ хэрэлдсэн. 2017 оны 1 сарын 14-ний шөнө пиво уугаад эхнэрээ 2 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Сүнжидмаагийн өгсөн “2015 оны 4 дүгээр сард манай нөхөр согтуу орж ирээд гэрийн эд хогшил авч шидсэн. 2016 оны 4 сард манай нөхөр гэртээ согтуу орж ирээд намайг 2 удаа алгадсан. 2016 оны 6 сарын 26-ны өдөр манай нөхөр намайг “гадуур гарлаа” гэж уурлаад гэрийнхээ эд хогшил буюу зурагт зэргийг авч шидсэн. 2017 оны 1 сарын 14-ний шөнө бэлгийн харьцаанд орсонгүй гэж уурлаад намайг үсдэж байгаад алгадсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Пүрэв-Очирын өгсөн “Аав, ээж хоёрыг гаднаас орж ирэхэд би сэрсэн бөгөөд тэд хоорондоо хэрэлдээд байхаар нь “та хоёр боль” гэж хэлээд аавыг ээжээс холдуулсан. Аав, ээж хоёр хааяа хоорондоо хэрэлдэж маргалддаг бөгөөд би тоолж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, гэрч О.Болортуяагийн өгсөн“...2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүнжидмаагийн ажил дээр очиход масктай байсан бөгөөд баруун талын шанааны хэсэгт халцарч хүрэнтсэн байсан. 2016 оны 03 дугаар сарын сүүлээр байх дулаан орсон байхад Сүнжидмаа нөхөртөө зодуулсан гэж шүүх эмнэлэгт үзүүлж толгойд нь хаван үүссэн байсан. Ингээд Сүнжидмааг нөхөртөө зодуулдаг гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, гэрч Ж.Гантуяагийн өгсөн “...2016 оны хавар 3 сарын сүүлээр Сүнжидмаа нөхөр Баяртөрд зодуулсан гэж байсан. Нүүр нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/, хохирогч нь 2017 оны 1 сарын 14-ний шөнө нөхөртөө зодуулж баруун хацарт нь зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон Шинжээчийн 09шэ/037 тоот дүгнэлт /хх-н 27/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээгээр “Өндөр эрсдэлтэй” болохыг тогтоосон хамтарсан багийн эрсдэлийн үнэлгээ /хх-ийн 72-82/, Д.Баяртөрийг захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх Цагдаагийн хэлтсийн гомдол мэдээллийн бүртгэлийн сангийн мэдээллүүд /хх-н 50-58, 61-69/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Харин Д.Баяртөрийн “2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийг зодсон үйлдэл”-д нь Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 51 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогч, яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байх тул уг үйлдэлд холбогдуулан гаргасан 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн 09/шэ157 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар шүүх үнэлээгүй болно.

Шүүгдэгч нь хохирогч Т.Сүнжидмаагийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг бүдүүлгээр зөрчжээ.

            Д.Баяртөр нь нь энэ бүх хүч хэрэглэсэн үйлдлүүдийг хүсэж хийсэн байх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг эр эмийн хардлага, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч нь 2015 оноос хойш эхнэр Т.Сүнжидмаатай эр эмийн хардалтын улмаас үүссэн асуудлуудаар маргах явцдаа түүнийг алгадах, үсдэх гэх мэт арга хэлбэрээр зодсон түүнчлэн бага насны 3 хүүхдийнхээ дэргэд үг, хэл амаар доромжлох, агсам тавих, гэрийнхээ эд зүйлсийг авч шидэх зэргээр айлган сүрдүүлсэн үйлдлүүдийг тодорхой завсарлагатайгаар үргэлжилсэн цаг хугацаанд хийсэн нь хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны зовиур, шаналгаа, шарх, өвдөлтүүдийг учруулсан буюу зовоон тарчлаасан гэж үзэх үндэслэл, шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Д.Баяртөрийг эхнэр Т.Сүнжидмааг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Т.Сүнжидмаа нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Баяртөрийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 47 хуудас/ тогтоогдсон болно.    

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, сонгох ялуудаас баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасамбуугийн Баяртөр байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Даваасамбуугийн Баяртөрийг 3/гурван/ сар 1/нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Баяртөрд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
  4. Хохирогч Т.Сүнжидмаа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  5. Шүүгдэгч Д.Баяртөрт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баяртөрт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Баяртөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА