Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0369/З |
Дугаар | 273 |
Огноо | 2017-09-04 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 273
А.Э-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.С, Ц.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0493 дугаар магадлалтай, А.Э-ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.3-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №20, 21 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий А.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0493 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь 20 дугаар тогтоолоо гаргахдаа Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр “зөрчлийг хэрэгсэхгүй болгосон” магадлалыг үндэслэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, Хууль дээдлэх, Шударга ёсны зарчим”, 16 дугаар зүйлийн 9-д заасан “Иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх”, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болж Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч А.Э миний эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Сонгууль нь өөрөө тодорхой хугацааны дотор явагддаг, тусгайлсан нэг төрлийн харилцааг зохицуулдгаараа бусад эрх зүйн хариуцлагаас ялгаатай бөгөөд уг харилцааг Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байх тул Сонгуулийн хороо нь аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг хийх шаардлагагүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “Бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах” гэсэн тусгай зарчим, мөн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан, зарчмын шинжтэй ололтоос ухарсан шийдвэр боллоо. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-28.1.6-т заасан заалтуудын алинд нь ч хамаарахгүй байна. Иймд, Сонгуулийн байгууллага нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 28.1-т зааснаас бусад тохиолдолд заавал оролцоог нь хангаж, сонсох ажиллагаа явуулах зохицуулалттай байна. Мөн давж заалдах шатны шүүх захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчил хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаатай хольж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, А.Э намайг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү 2 ойлголт тус тусдаа ойлголт бөгөөд өөр өөрийн гэсэн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг ба Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь тусдаа бие даасан эрх зүйн ойлголт тул Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмыг заавал баримтлах ёстой. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах нь өөрийн эрх хэмжээний асуудал тул зөрчил хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн шийдвэр гарсан нь А.Э би өөрийгөө нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдахаа мэдэж байсан буюу Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо ийм шийдвэр гаргахыг шууд ухамсарлан мэдэж байсан гэсэн үг биш болно. Иймд захиргааны байгууллага бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог заавал хангах үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй хэргийн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйл, 28 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн оролцогчид хэргийн материалтай бүрэн танилцуулж шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх үүрэгтэй оролцохыг тайлбарлаж өгөх үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосонд туйлын гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18 “Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтлана.” гэх заалт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс ... хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно.” гэсэн заалтыг зөрчиж, зөрчил гарсан гэх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 6 сарын дараа 2017 оны 04 дүгээр сарын 10-нд хариуцлагад татсан хууль зөрчсөн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0493 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр магадлалыг үндэслэн нэр дэвшигч А.Э, түүний штабын ажилтан С.Т нарыг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж А.Э-ыг нэрийн жагсаалтаас хасжээ.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан ба “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэснийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэр дэвшигч А.Э, түүний штабын ажилтан С.Т нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10-т заасныг зөрчсөн зөрчил гаргасан болохыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр магадлалаар тогтоосон, уул хуулийн хүчин төгөлдөр магадлалыг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага А.Э-ыг нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт “нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдсон” байхыг заасан бөгөөд “захиргааны шийтгэл ногдуулсан байх” нөхцлийг давхар шаардаагүй байх тул нэхэмжлэгч “зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр захиргааны шийтгэл ногдуулахаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад нэрийн жагсаалтаас хассан нь буруу” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-т 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хэргийн материалыг /хэргийн 86 дугаар тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н нарт 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эрх, үүрэг болон шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг /хэргийн 92 дугаар тал/ танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй, эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0493 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН