Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

 

 

 

 

 

        2024          01            08

                          2024/ШЦТ/07

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,

шүүгдэгч А.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А-ийн Ж-т холбогдох эрүүгийн 2313003160346 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны ........ дугаар сарын ......-ны өдөр төрсөн, Баян-Өлгий аймгийн ......... суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ........ сумын ....... дугаар /Ах хус тау/ багийн ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт А-ийн Ж-, регистрийн дугаар БЮ..........;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Ж- нь 2023 оны 06 дугаар сарын эхээр хохирогч М.Б-т өөрийгөө Гаалийн байгууллагад техникийн албаны дарга хийдэг хүн байгаа юм гэж итгүүлэн, түүний төрсөн дүү нь болох М.Х-ын тээврийн хэрэгслийг Казахстан улс руу гаргаж өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, нийт 2,230,000 төгрөгийг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Я.Д- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 2,230,000 төгрөгийн хохирол учирсан. Түүнээс 630,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгчээс 1,600,000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-т олгох саналыг гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч А.Ж- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “90,000,000 төгрөгийн өрөнд орсон тул тухайн мөнгийг олж өгнө гэж Казахстан Улсад машин гаргахаар болсон. Гадаад паспортын маань хугацаа нь дууссан тул Казахстан Улсад машин гаргаж чадаагүй. Дарамтад орсон тул Гаалийн газарт ажилладаг гэж худал хэлсэн. Дараагийн сард ХААН банканд теллерээр ажилд орох гэж байгаа. Ажилд орсны дараа 2 сарын цалингаар хохирлыг төлж өгнө. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

3. Хохирогч М.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Төрсөн дүү маань Казахстан Улсад ажилладаг. Өмнө нь дүү маань хилээс машин гаргаж чадаагүй. Тухайн үед шүүгдэгч би Гаалийн газарт ажилладаг надад итгэж болно гэж хэлсэн тул итгэсэн. Дүү маань Казахстан Улсад гэр бүлийн хамт ажиллахаар явсан. Үлдсэн хохирол төлбөрийг маань шүүгдэгчээс гаргуулах хүсэлттэй байна. Бидэнд ч хэцүү байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн  2313003160346 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Иргэн М.Б-ээс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

5. А.Ж-тэй харилцсан гэх зурвасын гэрэл зураг, орчуулга хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-30 дахь тал/,

6. Хохирогч М.Б-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33 дахь тал/,

7. Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 43, 46 дахь тал/,

8. Яллагдагч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

9. Шүүгдэгч А.Ж-, хохирогч М.Б- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

10.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

11. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ж-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

12. Шүүгдэгч А.Ж- нь 2023 оны 06 дугаар сарын эхээр хохирогч М.Б-т өөрийгөө Гаалийн байгууллагад техникийн албаны дарга хийдэг хүн байгаа юм гэж итгүүлэн, түүний төрсөн дүү нь болох М.Х-ын тээврийн хэрэгслийг Казахстан улс руу гаргаж өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, нийт 2,230,000 төгрөгийг авч залилсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

13. Иргэн М.Б-ээс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан “...2023 оны 6 дугаар сарын эхээр иргэн А.Ж- гэгч өөрийгөө гаалийн байгууллагад техникийн албаны дарга хийдэг хүн байгаа юм гэж итгүүлэн, миний дүүгийн машиныг Казакстан улс руу гаргаж өгнө гэж надаас нийт 2,230,000 төгрөг авч залилсан...” гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

14. А.Ж-тэй харилцсан гэх зурвасын гэрэл зураг, орчуулга хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-30 дахь тал/,

15. Хохирогч М.Б-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33 дахь тал/,

16. Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний дүү Х- нь 2023 оны 04 дүгээр сарын үед Казахстан улсаас ирж Улаанбаатар хотод очиж кроун-180 загварын тээврийн хэрэгсэл авч ирж, тухайн машинаар Казахстан улс руу явж байх замдаа машинаа хилээс гаргаж чадахгүй буцаад ирсэн. Тэгээд машинаа яаж гаргах уу гэж хүн болгоноос асууж явж байгаад А.Ж- гэх залуутай уулзаж танилцсан. Тухайн үед А.Ж- нь өөрийгөө гаалийн байгууллагад техникийн албаны дарга ажилтай хүн байгаа юм, би чиний энэ машиныг чинь гаргаж өгч чадна гэж хэлэхээр нь би түүнд итгэсэн. Тэгээд эхлээд нэг сая төгрөг хэрэгтэй гэхээр нь би өөрөө бэлнээр нэг сая төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа холбогдож “ажил бүтэхгүй байна, дахиад нэг сая төгрөг хэрэгтэй боллоо” гэж хэлэхээр нь дахин нэг сая төгрөгийг миний дүү Х- аваачиж өгсөн. Түүний дараа мөнгө хүрэхгүй байна гэхээр нь миний дүү өөрт байсан 30,000 /гучин мянга/ тенге /Казахстан улсын мөнгөн тэмдэгт/ бэлнээр өгсөн байна. Ингээд бид нар А.Ж-т нийт гурван удаагийн үйлдлээр 2,230,000 төгрөгийг бэлнээр өгч залилуулсан. Түүнээс хойш А.Ж- нь хаана байгаа нь тодорхойгүй алга болсон. Миний дүү тухайн машинаа гаргаж чадаагүй болохоор аймагт үлдээгээд өөрөө Казахстан улс руу явсан. Иймд бид нарт худлаа хэлж итгүүлэн, төөрөгдөлд оруулж залилж хохирол учруулсан А.Ж- гэгчийг олж тогтоон хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. ...Намайг залилж надаас мөнгө авсан А.Ж- гэх залуу надтай ирж уулзсан. Тэгээд надаас уучлалт гуйж “та намайг уучлаарай, би таны мөнгийг ойрын хугацаанд олж өгөх болно, хэрэв та өргөдлөө буцааж авахгүй бол би таныг мөнгийг олж өгч чадахгүй, та өргөдлөө буцааж авчих, би таны хохирлыг бүрэн барагдуулж өгье” гэж хэлээд халааснаас 280,000 /хоёр зуун наян мянган/ төгрөг гаргаж өгсөн. Тэгэхээр нь би түүнд “би чамаас бэлэн мөнгө авч чадахгүй, чи миний данс руу мөнгөө шилжүүлж өг, хэрэв бүрэн шилжүүлж өгөх юм бол би гомдлоо буцааж авч болно шүү” гэж хэлсэн. Тэр өдрийн орой миний ХААН банкны 51............. гэсэн дансанд 280,000 /хоёр зуун мянган/ төгрөг орж ирсэн ба утга дээр нь “J.....” гэж шилжүүлсэн байсан. Дараа нь гурван хоногийн дараа дахин нэг 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл А.Ж- нь би өргөдөл гаргаснаас хойш надаас авсан 2,230,000 /хоёр сая хоёр зуун гучин мянган/ төгрөгөөс 630,000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийг буцааж өгсөн. Одоо 1,600,000 /нэг сая зургаан зуун мянган төгрөг үлдэгдэлтэй байгаа. Миний дүү Х- Казахстан улсад ажил хийж байгаа. Тийм учраас ирэх боломжгүй байгаа. Би түүний төрсөн ах нь байгаа юм. Дээр нь бүх мөнгө төгрөг надаас гарсан болохоор энэ хэрэгт зөвхөн би өөрөө ганцаараа оролцох болно. Учир нь миний дүү Х- Казахстан улс руу явахаар болсон үед түүний А.Ж-т өгч залилуулсан мөнгийг би өөрөөсөө гаргаж өгөөд “чи Казахстан улс руу явж байгаа болохоор чамд мөнгө хэрэгтэй байх, би өөрөө А.Ж-ээс мөнгөө олж авах болно” гэж хэлээд явуулсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт одоо Х- оролцох ямар ч шаардлага байхгүй. Би өөрөө хариуцаж, А.Ж-ээс мөнгөө авах болно. А.Ж- нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйсан. Мөн ямар ч ажилгүй залуу гэдгээ хэлсэн. Анхнаасаа надад худлаа ярьж явж байсан гэдгээ өөрөө хэлсэн. Хамгийн гол нотлох баримт нь А.Ж- миний дансанд хоёр удаагийн үйлдлээр 630,000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийг буцааж өгсөн үйлдэл байгаа юм. Шаардлагатай гэвэл би дансны хуулгыг гаргаж өгч болно. Харин А.Ж- анхнаасаа ямар санаа зорилгоор намайг залилсныг өөрөөс нь асуух юм бол тодорхой хэлж өгөх байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 43, 46 дахь тал/,

17. Яллагдагч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ““...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй..., ...2023 оны 6 дугаар сард хувийн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй болсон үед цахим сүлжээнд “Билгүүн” гэсэн хуурамч хаягаар “хилээр тээврийн хэрэгсэл гаргана” гэж нэг л удаа мэдээлэл байрлуулсан. Тэр үед нэг хүмүүс цахимаар надад холбогдож эхэлсэн. Уг нь би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор нэг тээврийн хэрэгслийг хилээр гаргаж мөнгөтэй болох санаатай байсан. Тухайн үед миний гадаад паспортын хугацаа дууссан байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийг гаргаж чадаагүй. Тэр үед надад тээврийн хэрэгсэл гаргуулах зорилгоор мөнгө өгсөн ах дүү хоёр залуугийн нэг нь буюу дүү нь гэх залуу Казакстан улс руу явсан. Харин түүний ах нь дахин дахин надаас мөнгөө асуугаад байхаар нь би түүнтэй ганц хоёр удаа уулзсан. Тэгээд түүнд худлаа хэлж мөнгө авсан нь үнэн, одоо мөнгөгүй байна, хэд хоногийн дараа мөнгийг чинь буцааж төлнө гэдгээ хэлж, уучлалт гуйж, түүнээс авсан 2,230,000 төгрөгийн 630,000 төгрөгийг дансаар нь буцааж төлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл Б- бид хоёр сайн дураараа эвлэрсэн ба иргэний маргааны журмаар үлдсэн мөнгийг ойрын хугацаанд бүрэн төлж өгч барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

18. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ

19. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

20. Шүүгдэгч А.Ж- нь 2023 оны 06 дугаар сарын эхээр хохирогч М.Б-т өөрийгөө Гаалийн байгууллагад техникийн албаны дарга хийдэг хүн байгаа юм гэж итгүүлэн, түүний төрсөн дүү нь болох М.Х-ын тээврийн хэрэгслийг Казахстан улс руу гаргаж өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, нийт 2,230,000 төгрөгийг авч залилсан үйл баримт тогтоогджээ.

21. Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нь шүүгдэгч А.Ж-т итгэн төөрөгдөж, мөнгөө шилжүүлэн өгсөн байна.

22. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогчийг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

23. Иймд прокуророос шүүгдэгч А.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

24. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Ж-ийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

26. Шүүгдэгч А.Ж-ийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-т 2.230.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтогдсон байна.

27. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

28. Шүүгдэгч А.Ж- нь хохирогч М.Б-т учирсан хохирлоос 630,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч А.Ж-, хохирогч М.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

29. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ээс үлдсэн хохирол болох 1600.000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-т олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

30. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

31. Шүүгдэгч А.Ж-ээс “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно.

32. Шүүгдэгч А.Ж- нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

34. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт “Газар шороо”-ны 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоов.

37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

38. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Ж- нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

39. Шүүгдэгч А.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт А-ийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ийг 250  /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт “Газар шороо”-ны ажил хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч А.Ж-т оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ээс 1600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч М.Б-т олгосугай.  

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч А.Ж- нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК