Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2831

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, 27/3 дугаар байр, ......тоотод оршин суух ....... овогт ..............Ш.Я /РД:ЦА73121261/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах НШШГГт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00376 дугаар шүүгчийн захирамжаар 65,400,000 төгрөгийг Ш.Ш.Яаас гаргуулж “Дэвжих нэхий ББСБ” ХХК-д олгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ....дугаар хороолол, 7 дугаар байрны ......тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болно.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг “Баян модот” ХХК-иар гаргуулахад 115,841,800 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү “Баян модот” ХХК-ийн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий тодорхой байх, Хөрөнгийн үнэлгээний тухай хуупийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасныг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Баян модот” ХХК-иар хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй. Зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн тул хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэх байна. Иймд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 115,841,800 төгрөгөөр үнэлсэн “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00376 дугаар захирамжаар Ш.Ш.Я, Ц.О, Ц.Н нараас 65,400,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 400,235 төгрөгийг гаргуулж “Дэвжих нэхий ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.  Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ш.Ш.Я, Ц.О, Ц.Н өмчлөлийн эрхийн улсын Ү-2204000012 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо .... дугаар хороолол, 7 дугаар байрны ...... тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19260920/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19260920/05 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 4/207 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Баян модот” ХХК-иар тогтоолгоход 115,841,800 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан “Баян модот” ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ш.Ш.Я нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, .... дугаар хороолол, ..... дугаар байрны ............ тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Баян модот” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж  байна.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00376 захирамжаар Ш.Ш.Яаас 65,400,000 төгрөг гаргуулж  “Дэвжих нэхий ББСБ” ХХК-д олгож, Ш.Ш.Я, Ц.Одончимэг, Ц.Наранчимэг нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, ......... дугаар хороолол, ...дугаар байрны ..... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. Тус шүүхийн шийдвэрт 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 275 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Ш.Я, Ц.Одончимэг, Ц.Наранчимэг нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар хороолол, .......дугаар байрны ....... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19260920/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19260920/05 тоот тогтоолоор хураажээ.

 

Эд хөрөнгө хураах тухай 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19260920/03 тоот тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр хүчингүй болгож, дахин 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19260920/05 тоот тогтоолоор хураасан талаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй буюу төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У “...үнийн санал өгөх боломжгүй...” талаар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тайлбар ирүүлжээ. Шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ц.О, Ц.Н нараас үнийн санал авахаар тэдгээрийн оршин суух бүртгэлтэй хаяг руу албан мэдэгдэл хүргүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал өгөөгүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/207 тоот тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилжээ.  

 

 Битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь өгөөгүй тул хариуцагч НШШГГ  шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.

 

Шинжээч “Баян модот” ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 115,841,800 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ тухай НШШГГ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/14546 тоот мэдэгдлээр төлбөр авагчид, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/14547 тоот мэдэгдлээо төлбөр төлөгч Ш.Ш.Яд, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/14545 тоот мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ц.О, Ц.Н  нарт тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгджээ.

  

Нэхэмжлэгч Ш.Ш.Я нь шинжээч “Баян модот” ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Мөн шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Шинжээч “Баян модот” ХХК нь дүгнэлт гаргахдаа үндсэн хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх орчны шинжилгээ,  өртгийн хандлагын үнэлгээний тооцоо, орлогын хандлагын үнэлгээний тооцоо, зах зээлийн хандлагын тооцоо зэргийг судалж, үнэлгээ гаргахтай холбоотой Монгол Улсын хууль, стандарт зэргийг мөрдлөгө болгон гаргасан байна.

 

Иймд шинжээч “Баян модот” ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч НШШГГ нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо, ..... дугаар хороолол, ...... дугаар байрны ..........тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Баян модот” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ш.Ш.Яын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ