| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2023/0094/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/98 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч *******,
Хохирогч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Орхончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2333000820114 тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сайхан сум 0-р баг ******* хорооллын 0000 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “******* ус” компанид гагнуурчин ажилтай, ял шийтгэлгүй, Б- овогт Б-х овогтой Ц-, /РД:ТГ***/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг, ******* хороолол 0000 тоотод орших өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******тай хардалтын улмаас маргалдан *******г бие эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь хамар, зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун мөр, баруун, зүүн бугалга, бүсэлхий, баруун өгзөг, 2 гарын сарвуу, 2 өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь шинжлэн судлав.
******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг, ******* хороолол 000 тоотод орших өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******тай хардалтын улмаас маргалдан *******г бие эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь хамар, зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун мөр, баруун, зүүн бугалга, бүсэлхий, баруун өгзөг, 2 гарын сарвуу, 2 өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч *******гийн: ...Анх бид 2-ын зөрчилдөөн маргаан гарсан нь 09 сарын 01-ны өдөр байсан. Би тэр өглөө ээлжээ хүлээж аваад 24 гараад 72 амардаг юм.. Тэр өдөр манай ус сувгийн 40 жилийн ой болж байсан. 40 жилийн ой гээд шагнал авсан бүх ажилчид болон ахмад ажилчдаа өрөөндөө хүлээж аваад баяраа тэмдэглэсэн. Би ээлжийн ажилтай болохоор ууж идсэн юм байгаагүй ээлжийн деспечир чинь засварчинтайгаа цуг гардаг. Манай ажилчид өрөөндөө ганц хоёр юм уугаад баярласан. Тэр орой шөнө манай ажилчид маргалдаад би цагдаа дуудаад өгсөн. Тэгээд наашаа цаашаа гүйгээд явж байхад манай гэр бүлийн найз хүүхэн байдаг. Тэр цагдаа дээр бүгдээрээ хүрээд ир гэж байна. Байгаа бүх хүмүүсийг дууд гэж байна гэж хэлсэн. Би тэгээд ажилчдын хойд талын грашын хаалгаар гараад явах гэсэн чинь найз хүүхэн маань өсгийтэй гуталтай нэлээн согтуу байсан. Тэгээд ерөөсөө явж чадахгүй унаад байхаар нь би нөхрийгөө ерөөсөө больё чи миний өрөөнд оруулаад миний сандал очоод хэвтүүлчих амарч байгаад наадах чинь гайгүй болохоор нь гэрт нь хүргээд өгчихье гэсэн. За гээд энэ 2 явсан. Тэгээд би буцаад том хаалгаар ороод цагдаа дээр очсон. Манай асуудал үүсгэсэн ах, эгч нар бүгдээрээ сууж байсан. Тэгсэн цагдаа танай нөхөр байсан байна нөхрийгөө заавал авчир гэсэн. Буцаж өрөөндөө очсон чинь ус сувгийн тог тасраад харанхуй байсан. Бид нар лаа бариад өрөөндөө орсон чинь байдаггүй. Найз хүүхэн маань ч байдаггүй. Харъя гэсэн юм байлгүй тэгээд хүргэж өгөх гээд явсан юм болов уу гэж бодсон юм. Том хаалга онгорхой орхисон байхаар нь албан байгууллагын эд материал тэнд байгаа юм чинь гэж бодоод тэрийг хаачихдаг юм уу гээд том хаалга хаачхаад эргээд харах гэсэн чинь манай машин оруулдаг том граш байдаг. Граш дотор чимээ гарсан. Тэгэхээр нь би гайхаад энэ 2 чинь энэ дотор ороод тасраад уначихсан юм байх даа гэж би бодсон. Тэгээд би том утасныхаа гэрлийг тусгаад явж байсан. Энэ 2-ыг чинь тэгж байж байна гэж бодоогүй амьтан, нохой, муур орсон юм болов уу гэж бодоод гэрлээ тусгаад явсан чинь манай нөхөр манай гэр бүлийн найз хүүхэн 2 тэврэлдээд үнсэлцээд зогсож байсан. Тэгээд би цочирдоод тэр шөнө бөөн асуудал болсон. Манай найз хүүхэн намайг хараад зугтаагаад алга болсон. Нөгөө өсгийтэй гуталтай явж чадахгүй байсан найз маань юу хийгээд байгаа юм та 2 наана гээд би хэлэхэд зугтаагаад алга болсон. Би тэрийг харчхаад гомдоод тэр шөнөжингөө энэ хүнтэй хэрүүл маргаан хийж хоносон. Тэрнээс хойш бид 2 байнгын хэрүүлтэй байгаа тэрнээс хойш би ууж идсэн юм байхгүй 10 сарын 02-нд манай ажлын газрын захиргааны ажилчин эгчийн хурим болно гээд урилга өгсөн. Захиргааны бүх хүүнүүд орсон. Хуримд ороод тэр эгчид байр хүргээд би уусан согтоод ордон дотор гайгүй байсан гараад салхинд цохиулаад тасарсан юм шиг байна лээ. Би санахгүй байна. Нэг сэрсэн чинь машин дотор би нэг үг хэлсэн чинь намайг цохиод авах шиг болсон. Тэгээд би гэр лүүгээ ч орж чадахгүй тасарсан юм шиг байна лээ. Намайг гэр лүү оруулж тавьсан нь тэр тавьсан гэсэн. Тэгээд нэг сэрсэн чинь намайг ухаан мэдрэлгүй цохиж нүдээд байсан. Би болиоч ээ гээд эсэргүүцсэн. Наашаа явж байхдаа чи муухай би нүдээрээ харсан зүйлээ хэлэхэд энэ хүн уурласан. Чи наад үгээрээ намайг хэчнээн дарамтлах гэсэн юм гээд миний толгой руу цохих гэж байсан санагдаад байна. Би хойшоо савж унахдаа хойд гал тогооны шүүгээнээс хутга шүүрч авсан. Над руу дахиж ойртох юм бол би өөрийгөө хутгална шүү гэж хэлсэн. Ноцолдож байх хооронд хүүхэд уйлахаар нь би хөл нүцгэн сарфанчигтайгаа гараад зугтаасан. гуай гэж дэлгүүр ажиллуулдаг хөгшин хүн байдаг. Бид нар хоорондоо орж гаран цагаан сараар орж гараад бид нар хүндэлдэг байсан. Намайг хүлээж аваад намайг хамгаалах болов уу гэж бодоод хөл нүцгэн гараад тэдний дэлгүүр хүртэл гүйсэн. Намайг гэртээ оруулаач намайг алах гээд байна гэхэд гуай цонхоо онгойлгоод цонхоор толгойгоо гаргаад яасан бэ, юу болсон бэ гэсэн чинь манай хүн наадах чинь согтуу байгаа шүү гэсэн чинь гуай за за одоо харьж амарцгаа гэж хэлсэн. Буцаад харсан чинь миний хүүг тэвэрсэн зогсож байсан. Миний хүү нүцгэн уйлаад зогсож байсан. Чи нааш ирээ хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь би нүцгэн даараад уйлаад байгаа хүүхдээ хараад би очсон. Тэгээд хүү дээрээ очоод гэртээ ороод хүүгээ өвөртлөөд унтсан. Бид 2-ын асуудал гэр бүлийн гадуурх харилцаанаас үүссэн... гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1.Хохирогч *******гийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Соёлын оронд ажлынхаа хамт олонтой ажлын эгчийнхээ хүүхдийнх нь хуримд орсон. Тэгээд 23 цаг өнгөрч байхад манай нөхөр намайг Соёлын ордноос ирж аваад гэрлүүгээ явах замдаа машин дотор нөхөр бид 2 маргалдсан. Тухайн үед манай нөхөр миний толгой руу цохиод гэрийн үүдэнд ирээд гэрлүүгээ ор гэхээр нь би орохгүй гээд гэрийнхээ гадаа нэлээн ноцолдсон. Тэгээд би нөхөртэйгөө 00 цаг өнгөрч байхад гэрлүүгээ ороод хувцас хунараа тайлангаа нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд байгаа талаар нь хэлэхэд манай нөхөр уурлаж миний баруун гарын шуу хэсэг рүү цохиж авахаар нь би өөдөөс нь зууралдахад намайг түлхэж унгаагаад зодсон. Тэр үед нь би гал тогоондоо ороод дахиад надруу хүрэх юм бол өөрийгөө алчихна шүү гээд хутга барьж айлгасан. Тэр үед манай бага хүү уйлсан чинь манай нөхөр нөгөө өрөө рүү орох хооронд нь би гарч зугтаагаад урд дэлгүүрийнхээ ахаас тусламж гуйхад цонхоо онгойлгоод намайг яасан бэ гэхээр нь ахаа манай нөхөр намайг зодоод байна, та надад цагдаа дуудаач өгөөч гэхэд цаанаас нь манай нөхөр наадах чинь согтуу байгаа юмаа гэхэд ах наадхаа аваад явж үз гээд надад туслаагүй, цонхоо хаасан. Би гэртээ орохгүй гээд нөхөртэйгөө нэлээн зууралдаж байхад манай нөхөр гэр лүүгээ ороод бага хүүг шалдан тэвэрч гарч ирээд наашир чи хүүхэд чинь даараад байна гээд хүүхдээр түрүү барьсан. Тэгээд би хүүгээ хараад өрөвдсөндөө гэр лүгээ ороод хүүхдээ хөхүүлээд унтсан. Маргааш өглөө нь босох гэсэн босож чадахгүй байхаар нь цагдаа руу дуудлага өгсөн. Асуулт: Та ямар шалтгааны улмаас нөхөртэйгөө хэрүүл маргаан үүсгэсэн талаараа ярина уу? Таны нөхөр ******* гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн эсэх талаар та ярина уу? Хариулт: Тухайн өдөр би дотроо бодож явсан зүйлээ гаргаж нөхөртөө хэлснээс болж хэрүүл маргаан үүссэн. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай ажлын хамт олон хүндэт тэмдгээр шагнуулсан ажилчдынхаа баярыг ажлынхаа байран дээр хийж байхад нь би ээлжинд гарч байсан юм. Тэр үед манай нөхөр ажлын Цэдэвсүрэн гэх хүүхэнтэй ёс бус харилцаа үүсгэж байгааг би нүдээрээ харсан юм. Энэ асуудлаас болж бид 2 маргаантай байсан юм. Тэгээд би маш их шаналж дотроо бодож яваад хуримын дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж их хурдан согтсон, тэрнээсээ болж нөхөртөө агсам тавьж бухимдлаа гаргахад манай нөхөр болсон асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй надруу уурлаж намайг зодсон. Миний толгой руу 2 удаа гараараа цохиж, баруун гарын шуу хэсэг рүү бас гараа цохиж газар унгаачихаар нь би гал тогоо лугаа мөлхөөд явж байхад миний араас ахар сүүл рүү ажлынхаа гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд намайг хэчнээн удаа наад үгээрээ дарамтлах гэсэн юм пизда минь одоо болоо юм биш үү гэж хэлсэн.
Тухайн үед бид 2 гадаа нэлээн удаан ноцолдсон. Гэрт ороход хүүхдүүд унтаж байсан. Харин намайг гэртээ орохгүй гэхэд манай том охин Номуулан, бага хүү Хангал нарыг манай нөхөр гэрээс гаргаж ирсэн. Тухайн үед манай нөхөр намайг ирж авахдаа нэлээн уур бухимдалтай ирсэн. Тэгээд би хэрүүл хийсэн чинь бүр их уурласан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн өдөр хуриманд оролцсон болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Соёлын ордонгоос гараад салхинд цохиулаад манарсан юм болов уу хэсэг болсон асуудлыг санахгүй байгаа. Машинд сууж байснаа санаад нөхөр толгой руу цохисноос хойш л гайгүй сэргэсэн. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл өдөр болгон хэрэглээд байдаггүй. Хааяа баяр ёслол, найз нөхөдтэйгөө уулзахаараа л уудаг. Бид гэр бүлээ 2009 онд батлуулсан. Хамт амьдраад 16 жил болж байна. Дундаасаа охин 2-16 насны 5 охин 1 хүүтэй. Манай нөхөр бид 2 найз нөхөдтэйгөө нийлж ууж идэж дууссаны дараа хэрүүл маргаан хийж, нөхөр намайг зодож би маргааш нь уучлаад л өнгөрдөг байсан. Нөхөр маань хүн амьтны хажууд хэрүүл маргаан хийж намайг зодож нүдэхгүй. Харин явсных нь дараа л асуудал гаргадаг. Би энэ талаар олон удаа тэвчиж байсан. 1 удаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан асуудал бий. Миний зүүн нүд, баруун шанаа хавдаж хөхөрсөн, бие хэсгээр нэлээн их хөхрөлттэй, ахар сүүл хавдаж нэлээн өвдөлттэй сууж босоход хүндрэлтэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
... 2023 оны 10 дугаар сарын 01-ний ажлын эгчийн охиныхон хурим болоод хамт олноороо хуримд очсон юм. Тухайн үед би ч өөрөө хамт олонтойгоо яваа болохоор хөөрөөд нэлээд архи уугаад согтсон байсан. 23 цагийн орчим манай нөхөр намайг Соёлын ордноос ирж авсан юм. Манай таньдаг дүү дуудаад намайг авхуулсан юм билээ. Ингээд харьж явах замдаа бид 2 маргалдсан. Тухайн үед нөхөр миний нүүр лүү цохисон. Машинаас буугаад намайг гэрт оруулчхаад гал тогооны өрөөнд хэвтүүлээд орхиод гарсан байна лээ. Би тэр үеийг санахгүй байгаа юм. Нэг ухаан орох үед нөхөр гаднаас хаалга тогшоод би хаалгаа онгойлгож өгчхөөд чи хаашаа яваад ирж байгаа юм гэж хэлээд бид 2 ахиж маргалдсан. Тухайн үед би нөхрийн гэр бүлийн гадуур үүсгэсэн харилцааг бодоод уур хүрээд байсан тул далимдуулаад уурандаа гаргачихсан юм. Ингээд бид 2 гал тогооны өрөөнд нэлээн зууралдаад би тэсэлгүй хутга аваад надад ахиж ойртох юм бол би өөрийгөө алчихна шүү гэж айлгасан. Тэр үед бага хүү уйлсан чинь нөхөр нөгөө өрөө рүү орох үеэр нь би гараад зугтаачихсан юм. Гадаа гараад хажуу гудамжинд байдаг дэлгүүрийн ах дээр очиж цонхыг нь тогших үед цонхоо онгойлгоод яав аа гэхээр нь би цагдаа дуудаарай, намайг хөөгөөд байна гэсэн чинь араас наадах чинь согтуу байгаа юмаа гэж хэлтэл гуай наадхаа аваад эндээс явж үз гэж хэлээд цонхоо хаачихсан. Тэгээд гэрийн гадна ирээд намайг гэртээ ор гэхээр нь би орохгүй гэсэн чинь нөхөр гэрээс бага хүүг нүцгэн тэвэрч гарч ирээд хүүхэд даараад байна оръё гэхээр нь би хүүхдээ хараад өрөвдөөд гэртээ ороод амарсан. Тухайн үед гэрийн гадна байхад том охин Номулан бас гараад ирчихсэн байсан. Би тэрийг бол сайн санахгүй байгаа юмаа. Ямар ч байсан гэрт байхад бол нөхрийн үүсгэсэн гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон. Би тэвчиж явсан зүйлээ ил гаргасан юм. Би нэлээн согтуу байсан. Гайгүй байсан байхаа. Гэр бүлийн баталгаатай. Хамт амьдраад 16 жил болж байна. 2-16 оны 5 охин 1 хүүтэй. Бид 2 хамт юм уу эсвэл 2-лаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалддаг юм. Нөхөр эрүүл байвал чимээгүй орхиод гараад явчихдаг юмаа. Би олон удаа тэвчиж байсан. 1 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Хүүхдүүддээ бол сайн аав. Дажгүй анхаарал тавьдаг. Тухайн үед миний зүүн нүд, баруун шанаа хавдаж хөхөрсөн байсан. Бүх бие нэлээд хөхөрсөн байсан. Одоо миний ахар сүүл өвдөөд байгаа. Эмч яс нь цууралт үүссэн байна. Өөрөөр нь бороолуулаад лаа хий гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
2.Насанд хүрээгүй гэрч : “...2023 оны 10 дугаар сарын 01-ний шөнө үүрээр унтаж байхад миний доод талын дүү Саранцацрал бага дүүг тэвэрчихсэн орж ирээд дүүг авч бай гэхээр нь би дүүгээ харж үлдсэн юм. Удалгүй гаднаас аав дүүгээ аваад ир гээд орилохоор нь би дүүгээ тэврээд гэрийн гадаа гарч аавд дүүг өгсөн. Гадаа гарахдаа ээжийн нүүрний хамар хэсэг хавдчихсан байсан. Ээж цаана дэлгүүрийн гадаа оччихсон цонхыг нь тогшоод байсан. Аав бага дүүг тэврээд ээжийн араас яваад дүү бид 2-ыг орж бай гэхээр нь бид 2 гэр лүү гээ орсон. Түүнээс хойш юу болсон талаар би огт мэдэхгүй байна. Эрүүл үедээ бараг муудалцдаггүй. Согтуу үедээ маргалдаад байдаг. Нүүр нь хавдсан байсан. Маргааш өдөр нь харахад нүүр нь бүр аймар хавдаад хөхөрчихсөн байсан. Үгүй санагдаж байна. Маргалдаж байгаад л унтчихдаг байсан. Сайн аав гэж боддог. Бид нарыг хүүхдээрээ бай гэж хэлдэг юм. Манай доод талын 2 ихэр дүү нүүрээ буддаг юм. Тэр үед нь аав хүүхдээрээ бай гээд будуулдаггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
3.Гэрч Р.ын: “...Шөнө унтаж байхад манай хөгшин өвгөн чи босох уу? Хаалга тогшоод байх шиг байна. Хүн юм авах гээд байх шиг байна гэхээр нь би бостол 2 хүн цаашаа яваад өгсөн. Би хэн гэдгийг нь ч хараагүй. Дараа нь манай дэлгүүрт согтуу орж ирээд та надад яагаад туслаагүй юм гэж хэлэхээр нь би чамайг гэж мэдээгүй ээ. Босоод иртэл цааш явчихсан шүү дээ. Мэдсэн бол би үүргээ биелүүлээд цагдаа дуудах байсан гэж хэлсэн юм. Үгүй ээ. Тийм зүйл сонсоогүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, маргалдаж байсан талаар би лав мэдэхгүй юм байна... гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
4. аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №995 дугаартай: “...1. *******-н биед хамар, зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун мөр, баруун, зүүн бугалга, бүсэлхий, баруун өгзөг, 2гарын сарвуу, 2 өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1%-аас илүү учраас эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” Шинжээч эмч /хавтаст хэргийн 08-09-р хуудас/,
5.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
6.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 24-28-р хуудас/,
7.Дөмбөн Дөрөвдүгээр багийн хамтарсан багийн хурлын дүгнэлт /хавтаст хэргийн 29-р хуудас/,
8.2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0028411 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 30-р хуудас/,
9.Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хувийн байдалтай холбоотой/, /хавтаст хэргийн 56-67-р хуудас/,
10.2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /*******оос гаргасан хувийн байдалтай холбоотой/, /хавтаст хэргийн 68-74-р хуудас/,
11.2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж томьёолжээ.
Түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хууль ёсны гэр бүл болсон болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгч, хохирогч нар нь хуулийн үйлчлэлд хамаарах, гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
Мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тухай гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан байх бөгөөд *******ийн “гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүний эрүүл мэндийн эсрэг санаатай үйлдэл хийж хөнгөн хохирол учруулсан” үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь *******гийн бие махбодод цохивол бие эрүүл мэндэд нь хохирол учирна гэдгийг мэдсээр байж санаатай үйлдлээр, хүсэж бие махбодод нь халдаж хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан зарчмын дагуу шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн хохирогч нь согтууруулах ундааны улмаас биеэ хянах чадваргүй буюу согтуурсан, мансуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй маргалдан нэгнийхээ бие эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулсан ба энэ нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон болохыг цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “...Миний бие нөхөр *******той гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж цохиулсны улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Одоо биеийн байдал хэвийн. Хоорондоо эвлэрсэн тул нөхөр *******ид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр үгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүхээс шүүгдэгч *******ид гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Улсын яллагч санал, дүгнэлтдээ өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Саргийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт ...миний нөхөр ******* нь ажил үүргийн шаардлагаар ойролцоох сумуудад ажиллах шаардлага гардаг тул зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ялаар шийтгэж өгнө үү... гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшдэг, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул эдгээр байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт овогтой ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН