Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2024            01              16                                           2024/ШЦТ/56

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Б.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000002088 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б** овогт Б.С /РД:**********/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Movie pub” нэртэй пабд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э.Э-тэй хардалтын улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгой, цээжин тус газар цохиж биеийн эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй далд хугарал, цус хуралт, зүүн хоншоор, баруун хөхлөг сэртэн, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, бугалга, баруун доод зовхи, бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Movie pub” нэртэй пабд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч /эхнэр/ Э.Э-тэй хардалтын улмаас маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй далд хугарал, цус хуралт, зүүн хоншоор, баруун хөхлөг сэртэн, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, бугалга, баруун доод зовхи, бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би яагаад хохирсон талаараа 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлсэн бөгөөд миний өмнө гэрчээр өгсөн  мэдүүлэг үнэн зөв ба өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. ...Дүгнэлт дээрх гэмтлүүдийг манай нөхөр Б.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ цохиж зодож учруулсан, манай нөхрөөс өөр хүн надад гар хүрч, цохиж зодоогүй. ...Би тухайн үед уг нь эрүүл байсан гэхдээ нөхөртэйгөө маргалдаад уур хүрээд 100-200 грамм вайян уусан байсан, тийм их согтуу байгаагүй. Манай нөхөр бол тэр үед тасарчихсан маш их согтолттой байсан. ...Б.С эмчилгээний зардал гэж надад 527,000 төгрөгийг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (хэргийн 5 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12722 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Э.Э-н биед хамар ясны зөрүүтэй далд хугарал, цус хуралт, зүүн хоншоор, баруун хөхлөг сэртэн, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, бугалга, баруун доод зовхи, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 11-12 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хэрэг явдал болох өдрийн урд өдөр архи уусан байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн түрээслэн ажиллуулдаг “Movie pub” дээр 18 цагийн орчим очоод пабаа нээгээд хэсэг суусан хүн орж ирэхгүй байхаар нь “Эдэн” нэртэй архинаас өөртөө нэг хундагалаад хийж уусан. Түүнээс хойш бага багаар уусаар байгаад 1 литрийн “Эдэн” ганцаараа уугаад дуусгасан. Тэр үед манай эхнэр Э.Э 22 цагийн орчим паб дээр ирсэн. Цаг 00 өнгөрч байхад хаасан боловч 25 орчим насны эмэгтэй манайхаас гарахгүй суугаад байсан. Би нэлээн халсан байдалтай байхад нөгөө эмэгтэй текэн дээр ирээд пиво уунгаа надтай юм ярихаар нь би “Соёрхол” архи өөртөө хийгээд хундагалаад ууж байсан. Нэг мэдсэн манай эхнэр эргэж ирээд нөгөө үйлчлүүлж байсан эмэгтэйтэй намайг хардаад байсан. Би юу болоод эхнэр надтай хэрүүл хийгээд байгаа юм бол гэж бодож байсан. Тэгээд нэг мэдсэн пабын хаалга нүдээд сэрсэн чинь манай эхнэрийн нүүр нь цус болоод хавдсан цагдаа нартай орж ирээд эхнэрээ зодсон гээд цагдаагийн алба хаагчид цагдаа руу намайг аваад явсан. Би эхнэрээ цохих үеийн үйл явдлыг санахгүй байгаа. Ер нь эхнэр бид 2 жаахан маргаантай байсан болохоор би урд өдөр нь архи уусан. Мөн хэрэг болох өдөр паб дээрээ архи уусан. ...Эхнэртэй маргалдсан байсан учраас надтай ямар нэгэн зүйл хэлэлгүй пабаас гараад явсан. Би тэр эмэгтэйтэй юм яриад байж байснаа санаад өөр зүйл санахгүй байсан. Нэг мэдсэн чи нөгөө хүүхэнтэй VIP өрөө рүү хамт орсон байна, би хяналтын камер шүүлээ, чи тэр өрөөнд яасан гээд надтай хэрүүл хийж байсан. Манай эхнэр намайг хардаад л хэрүүл хийсэн. Түүнээс  болж ийм асуудал болсон. ...Би болсон явдлаа санахгүй байгаа. Дараа нь паб дээрээ ирээд хяналтын камер шүүхэд эхнэр надтай маргалдаж байгаад пабаас гарч яваад 10 минутын дараа буцаж орж ирээд над руу ширээн дээр байсан пивоны шил шидээд байхаар нь би очоод тэврэхэд намайг цохих үед нь би эхнэрээ буцаагаад цохиж байсан. Мөн бичлэг дээр би үйлчлүүлэгч эмэгтэйтэй VIP өрөөнд ороод 1 минут 20 секунд болоод гарч ирж байсан. Би эхнэрээ цохих үед 03 цаг 30 минут орчим болж байсан...” гэх мэдүүлэг (хэргийн 26-27 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 61 дүгээр хуудас), асап сангийн лавлагаа (хэргийн 45-60 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 40 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 41 дүгээр хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хэргийн 35-37 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (34 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 38 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хэргийн 39 дүгээр хуудас), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 65-68 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Movie pub” нэртэй пабд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э.Э-тэй хардалтын улмаас маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй далд хугарал, цус хуралт, зүүн хоншоор, баруун хөхлөг сэртэн, чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, бугалга, баруун доод зовхи, бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл” гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “Тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С, хохирогч Э.Э нар нь эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгүүд болон шүүгдэгч, хохирогч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.С нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч Б.С нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч Б.С-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчээс хохирогчид 527,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн “...Б.С эмчилгээний зардал гэж надад 527,000 төгрөгийг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (хэргийн 5 дугаар хуудас), “Сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй” гэсэн санал (хэргийн 19 дүгээр хуудас), “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тэмдэглэл (хэргийн 63 дугаар хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.С-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхээс шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.С-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б** овогт Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

           5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

           6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО