| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02195/И |
| Дугаар | 210/МА2018/01729 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2018/01729
Д.П-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/01951 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.П-ийн хариуцагч П.Т, Б.М нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 35 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.П, өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагч Б.М, өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн хүү болох П.Т нь Б.Мтай 2013 онд гэр бүлээ батлуулсан бөгөөд анхнаасаа хэрүүл уруултай, салж нийлсэн амьдралтай байсан. 2014 онд хүү, бэр 2 маань салахаар болж тусдаа амьдрах үедээ эд хөрөнгөө хуваасан. Ингэхдээ миний захиалан бариулсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны D430 дугаар байрны 35 тоотод байрлах 50,97 м/кв талбай бүхий орон сууцыг Б.М авч, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20-22 тоот 85,65 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхээсээ татгалзахаар тохиролцсон. Ингээд Олимп хотхоны 2 өрөө орон сууцны төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг гүйцээн төлж захиалгын гэрээг шилжүүлэн өгөөд Алтай хотхоны 3 өрөө орон сууцыг би өөрийн нэр дээр болгож авсан. Гэтэл Б.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хамтран өмчлөх эрхээсээ татгалзсан 3 өрөө орон сууцаа П.Т, Б.М нарын хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тооцуулж Д.П миний 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг хүчингүй болгосон. Өгсөн авснаа буцаагаад шийдвэрлэчих байх гэхэд ийм шунал гаргаж байгаад харамсаж байна. Иймд П.Т, Б.М нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны D /430/ байрны 35 тоот, 50.97 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.П надад буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мын шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд П.Ттай гэр бүл болж, 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Б.М, П.Т нар нь хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан хэлцэл нь гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваахтай холбоотой байсан боловч эвлэрч гэрлэлт цуцлагдаагүй болно. Энэхүү орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр П.Тын нэрээр захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг би 25 000 000 төгрөгийн зээл авч төлсөн болох нь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зээл болон барьцааны гэрээгээр, дансны гүйлгээ, нөхөр П.Тд мөнгө шилжүүлсэн баримт болон 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууцны урьдчилгаа төлбөрийн 90 хувь болох 86 658 700 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл 10 хувь буюу 1 184 300 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт зэргээр нотлогдоно. Харин 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны доорх 55, 56 тоот авто зогсоол, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр мөн хотхоны 20-22 тоот 3 өрөө орон сууцыг нөхөр П.Т нь өөрийн төрсөн эцэгтээ хууль зөрчин хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 35 тоот Орон сууц захиалгаар барих гэрээг шилжүүлсэн байсан. Д.П нь Алтай хотхоны байрыг нэр дээрээ шилжүүлээд авчихсан, мөн Олимп хотхоны байрыг манай нөхөр төлбөрийнх нь 90 хувийг төлөөд байхад шилжүүлээд авчихсан байсан. Уг шилжүүлгийг хийхдээ манай нөхөр болон Д.П нар нь хоёр иргэний үнэмлэхээ хуулбарлаад гараар П.Т нь гадагшаа явах гэж байгаа учраас Олимп хотхоны байрыг Д.Пд шилжүүлж байна гэх хүсэлтийг бичиж өгсөн байсан. Нэр шилжүүлснийг нь тэр үед захиалгад ороогүй байсан учраас би мэдээгүй байж байгаад сүүлд нь олж мэдээд буцаж надад шилжүүлэгдсэн. Захиалгын гэрээг хууль бусаар 5 сарын хугацаанд өөртөө байлгаж байснаас үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ бол гэр бүлийн дундын өмч бөгөөд боломжтой, цалинтай бололцоотой хүмүүс өөрсдөө худалдаж авсан гэдэг нь бүх баримтаар нотлогдож байна. Алтай хотхоны байрыг хууль бусаар шилжүүлж аваад би энэ асуудлаар 2 жил 6 сар шүүхээр явж байж шийдвэрлүүлж авсан. Тухайн маргааны явцад тус Олимп хотхоны байрны асуудал байнга яригдаж байсан. Уг байрыг өөрсдийн мөнгөөр авсан, гэр бүлийн дундын өмчлөл гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан. Баянзүрх дүүргийн Олимп хотхоны байрны төлбөрийн 90 хувийн төлөлтийг бид төлөөд дараа нь 10 хувийн төлөлтийг хийсэн. Тэр төлбөрийн баримт дээрх төлбөрийн утга гэх хэсэгт Олимп хотхоны байрны төлбөр гэж бичээгүй, энэ нь тухайн байрны төлбөр гэдгийг нотлохгүй зүгээр байрны захиалгын төлбөр гэж бичсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Пийн амьдарч байгаа байрыг П.Т, Б.М нар худалдаж авч өгсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт байгаа баримтуудаас хаана байдаг ямар орон сууцыг хэдэн төгрөгөөр Д.Пид авч өгсөн тухайгаа Б.М тайлбарлах байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар анх 3 өрөө байрнаас нэрээ хасаад, одоо Д.Пийн нэхэмжилж байгаа 2 өрөө байрны захиалгын гэрээг шилжүүлж, төлбөрийг 100 хувь хийлгэж, шилжүүлж авсан. Үүнийгээ ч өмнөх хэрэгт болзол тавьж хийсэн хэлцэл гэж шүүхэд хандаж байсан. Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэхэд процессийн ноцтой алдаа гарсан гэж үзэж байсан. Гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгөө хуваагаад, гэрлэлтээ цуцлуулъя гэж байхад Б.М нь жирэмсэн гэдгээ мэдээд түүнээс үүдэн гэрлэлт цуцлагдаагүй. Тухайн 2 өрөө байр нь Б.Мын өмч байсан бол нотариатаар гэрээ хийгээд тухайн байрыг авах боломжтой л байсан. Д.Пийг хуурамч баримт үйлдсэн гэж тайлбарлаж байсан боловч бүх баримт нь шүүхэд ирсэн байгаа. Байрны үлдэгдэл 10 хувийн төлөлт буюу 10 гаруй сая төгрөг дутуу байсан бөгөөд Б.М нь уг төлбөрийг бүрэн хийж гүйцээхгүй бол гэрээ хийхгүй гэсэн учир Д.П нь П.Тын данс руу 10 хувийн төлбөрийг хийгээд, П.Т нь цаашаа компанийн данс руу шилжүүлээд, байрны төлбөр 100 хувь төлөгдөж, захиалгын гэрээ нь Б.Мын нэр дээр шилжиж, барилга баригдсаны дараа тухайн байрны улсын бүртгэлийн гэрчилгээ нь Б.Мын нэр дээр гарсан байгаа. Тийм учраас хамтран хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 26 хороо, Олимп хотхоны 430-7-35 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Пийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч П.Т, Б.М нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 165 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 642 165 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн агуулгыг эрх зүйн үүднээс зөв дүгнэж чадаагүйн зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, П.Т нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр "Тайгам Алтай" ХХК-тай байгуулсан гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлээс өмнө аав Д.Пдаа шилжүүлсэн болох нь "Миний бие болох П.Т би Олимп хотхоны Р блокны 35 тоот 2 өрөө байраа аав Д.Пид шилжүүлж өгч байна. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан гарахгүй" гэж өөрийн гараар бичсэн өргөдөл, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр буюу гэрээ байгуулсан өдрөө орон сууцны 90 хувийг төлсөн баримт, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үлдсэн 10хувийг төлсөн баримтуудаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэх П.Тын гаргасан хүсэлт няцаагдаж байна.
Уг орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нь Б.М, П.Т нарын хооронд байгуулагдсан бөгөөд хэлцлээр бусдын өмчлөлийн эд хөрөнгө шилжүүлэх талаар тохиролцоогүй бөгөөд өөрсдийн эд хөрөнгөө гэр бүл цуцалсан тохиолдолд хэрхэн хуваах тухай хэлцэл хийсэн юм. Өөрөөр хэлбэл, Д.Птай Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар болзол тавьсан хэлцэл хийгээгүй болно. Гэтэл шүүх тухайн үйл баримт болоогүй тул уг орон сууцыг хариуцагч Б.Мад шилжүүлэх үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, нотолгооны хэрэгслээр үгүйсгэгдэх нотлох баримтгүй хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь тухайн хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй байна.
Иргэний хуулийн 183 зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна. Хэрэв бүртгэлийг Б.М бүртгүүлэх эрхгүй гэж үзсэн бол Д.П бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг бүртгэлд нэр нь байгаа этгээдээс шаардаж болно. Мөн хуулийн 183.3 дахь хэсэгт зааснаар бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргах эрх нь нээлттэй байна. Гэтэл улсын бүртгэлийн үнэн зөв эсэх талаар маргаагүй байхад бусдын өмчлөх эрхэд халдах хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 638 дугаартай магадлалд "...хариуцагч Б.М, П.Т, нэхэмжлэгч Д.П нарын "Тайгам-Алтай" ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан "Орон сууцыг захиалгаар бариулах гэрээ"-нүүд хэрэгт авагдсан байх ба П. Тувшинжаргал, Д.Пурэвдаш нартай байгуулсан гэрээнд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх" гэснийг зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл анхан шатны шүүх дахин шийдвэрлэхдээ "Тайгам-Алтай" ХХК-ний П.Ттай байгуулсан анхны чухал ач холбогдол бүхий гэрээг нотлох баримтын шаардлага хангахгүйгээр хэргийг шийдвэрлэж магадлалын заалтыг биелүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч П.Т, Б.М нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-7-35 тоот орон сууцыг Д.Пийн өмчлөлд буцаан шилжүүлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.Т хүлээн зөвшөөрсөн, харин Б.М уг орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Д.П нь нэхэмжлэлийн үндэслэлээ П.Т, Б.М нарын хооронд хийгдсэн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр тохиролцсон тохиролцоо бодит байдалд хэрэгжээгүй учраас хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэж тайлбарлан энэ хэлцлийн дагуу хариуцагч П.Т, Б.М нарын өмчлөлд захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрх үүссэн гэж тайлбарласныг үндэслэлгүй гэж үзэв.
Маргаж буй Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-7-35 тоот орон сууцыг П.Т нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Тайгам-Алтай ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээгээр захиалан бариулж, төлбөрийн 90 хувь буюу 86 658 700 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 17-нд /хх-33/, 10 184 300 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр /хх-34/ тус тус төлсөн баримт хэрэгт авагдсан ба П.Т нь уг орон сууцыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан хуваарьт хөрөнгө гэж маргаагүй.
Харин гэрлэгчид буюу П.Т, Б.М нар нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хийхдээ гэр бүл цуцлуулах тохиолдолд Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот, Олимп хотхоны 430-7-35 тоот орон сууц буюу гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцож байжээ.
Дээрхээс үзвэл дээр дурдсан 2 орон сууц нь хууль ёсны гэр бүл болох П.Т, Б.М нарын буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх бөгөөд зохигчдын тайлбар, хэргийн бусад баримтаар тэдний гэрлэлт цуцлагдаагүй байгаа нь тогтоогдсон.
Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлүүлэхээр гэр бүлийн гишүүн биш Д.П шаардлага гаргах үндэслэлгүй бөгөөд П.Т, Б.М нарын хооронд хийгдсэн гэрээг бодит байдалд биелэгдээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг 492.1.1-д заасан үндэслэлээр шаардлага гаргах эрхгүй.
Шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд зөв дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Пийн хувьд сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг гэрлэгсдээс шаардах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Мын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/01951 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-7-35 тоот орон сууцыг Д.Пийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч П.Т, Б.М нарт даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 165 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.ОТГОНЦЭЦЭГ