| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2018/0021/З |
| Дугаар | 118/ШШ2019/0018 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 118/ШШ2019/0018
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******т холбогдох 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0167848 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж.*******, нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.******* нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хуулиар хүлээх чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ...н.******* нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан ... гэх зөрчлийг илрүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаад 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зөрчилд холбогдогч н.*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Эрх бүхий албан тушаалтан Ж.******* нь дээрх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, зөрчилд холбогдогч н.*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Зөрчлийн хэргийн материалд: Эрх бүхий албан тушаалтан Ж.******* нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хуулиар хүлээх чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ...н.******* нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан ... гэх зөрчлийг илрүүлж, шалгасан байх боловч зөрчилд холбогдогч н.*******оос мэдүүлэг авч болсон асуудлыг тодруулаагүй, мөн н.******* нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь тодорхойгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, мөн зүйлийн 2. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******ийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зөрчилд холбогдогч н.*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0167847 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2018 оны 02/37 тоот Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд ******* сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэрт Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шалгах явцад тус багийн Огторын дунд бууц хэмээх газарт Тосонцэнгэл сумын Дархан Уул багийн иргэн н.******* нь тус сумын иргэн Н.*******, Б.******* нарын хамт тарвага 5 /толгой/-г хууль бусаар агнасан байдалтай байв. Зөрчлийг илрүүлж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иргэн н.******* нь дээрх 5 толгой тарвагыг хууль бусаар агнасан болох нь хамт явсан Н.*******ээс авсан гэрчийн мэдүүлэг, Б.*******ын ярьсан зүйл зэргээс харагдаж байв. Н.******* нь буяны ажилтай гээд Улаанбаатар хот руу яваад ирээгүй гэдэг. Иргэн н.*******т *******дугаартай шийтгэлийн хуудас бичигдсэн гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлттэй захиргааны зөрчлийн хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж *******дугаар шийтгэврийг гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, дутуу үнэлсэн учраас хүчингүй болгох боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.******* нь тус аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн *******дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.******* нь Прокурорын дүгнэлттэй захиргааны зөрчлийн хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн *******дугаар шийтгэврийг гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, дутуу үнэлсэн учраас хүчингүй болгосон Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/41 дугаар тушаалыг ирүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг ... захиргааны байгууллага бүхэлд нь хүчингүй болгох-оор заасан байх тул хариуцагчийн зөвшөөрөл үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******т холбогдох 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн *******дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР