Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0552

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Нэхэмжлэгч: С.Н

Хариуцагч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2026/0042 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 119/2026/0039/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Н-ээс Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2026/0042 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч С.Н-н Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

С.Нн 1980 оны 07 дугаар сараас "Орхон аймаг дахь Б эмчилгээний төв"-д рентген техникчээр томилогдон ажиллаж 2014 оны 01 дүгээр сард "Хөдөлмөрийн хортой нөхцөл"-өөр өндөр насны тэтгэвэрт гарсан хэдий ч тус оныхоо 03 дугаар сараас мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш хуульд заасны дагуу тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтийг "Орхон аймгийн нийгмийн даатгалын газар"-т гаргаж байсан. Нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж ажиллаж байгаа тохиолдолд тухайн цалин хөлснеес тооцож тэтгэврийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.16-д (... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч тэтгэвэр авч байх хугацаандаа өөр ажил, хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол анх тогтоолгосон тэтгэврийг өөр жилүүдийн 5 жилээр сольж, тэтгэврийг өөрчлөн тогтоох талаар хуульчлаагүй болно) гэж дүгнэсэн нь хууль буруу хэргэлсэн буюу нэхэмжлэгч С.Н анх тэтгэвэр тогтоолгоход сонгосон 5 жилийн цалин хөлсийг өөрчлөх, өөр хугацаагаар солих тухай шаардлага гаргаагүй буюу анх тэтгэвэр тогтоолгосноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, орлого, шимтгэлийн өөрчлөлтийг хуульд заасан үндэслэлээр тооцуулах буюу тэтгэвэр тогтоолгосны дараа дахин хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн үр дүнг тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг хүссэн.

Нэхэмжлэгч С.Н нь өөрийн хүсэлтээр болон Засгийн газрын тогтоолоор тэтгэвэрээ нэмэгдүүлж байсан нь тус хуулийн 25 дугаар зүйлээр олгосон "Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох" зохицуулалт хэрэглэгдэхгүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох зохицуулалтыг тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалттай адилтган ойлгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д "Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэвэрийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно" гэж заасан даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж, нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгосноос хойш 10 гаруй жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хууль ёсны үр дагаврыг үгүйсгэж байна.

Нэхэмжлэгч С.Н нь 2014 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед 34 жил шимтгэл төлсөн хугацааг үндэслэл болгосон боловч, түүнээс хойш тасралтгүй ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөөр өнөөдрийн байдлаар нийт шимтгэл төлсөн хугацаа 45 жил болсон. Нэхэмлэгч С.Н нь хуульд заасан үүргээ биелүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөөр өнөөдрийг хүрсэн байхад тухайн хугацааны үр дүнг тэтгэврийн хэмжээнд тусгахгүй байх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн зорилгод нийцэхгүй бөгөөд иргэнд хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байна. Иймд Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд анхан шатны шүүх уг асуудлыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2026/0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын С.Нн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Нн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоохыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

           2. Нэхэмжлэгч С.Н-ээс Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насын тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           3. Хэргийн үйл баримтын тухайд,

3.1. Нэхэмжлэгч С.Н нь Орхон аймгийн Б эмчилгээний төвд “рентген техникч”-ээр ажиллаж байгаад тус төвийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

3.2. Нэхэмжлэгч С.Н нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд Орхон аймгийн Б эмчилгээний төвийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/35 дугаартай тушаалаар “рентген техникч”-ээр эргүүлэн томилогдож, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажилласан.

3.3. С.Н нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч Орхон аймгийн Б эмчилгээний төвийн “рентген техникч”-ээр эргүүлэн томилогдон нийгмийн даатгалын шимтгэл төлж, шимтгэл төлсөн жилд тутам 1.5 хувийн тэтгэврийг нэмэгдүүлэн авч байсан үйл баримтууд тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өндөр насны тэтгэврийг 2014 онд 383,877 төгрөгөөр тогтоолгосон хэдий ч 2025 он хүртэл ажиллаж, үндсэн цалинтай уялдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоолгох...” гэж тайлбарлан маргасан.

5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.4-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй…” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Н нь 2014 онд нийт 32 жил, 10 сар, 13 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд ажиллаж 54 насанд хүрснээр 383,877.00 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон.

6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно.”, 7.3-т “Энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Нн тэтгэвэрт гарснаас хойш ажилласан жил тутамд 1.5%-иар тэтгэврийг нэмэгдүүлэн тогтоож олгосон байна.

7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно:”, 25.1.2-т “тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол” гэх зохицуулалт нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан жил тутамд 1.5%-ийн нэмэгдлийг олгохдоо өөрчлөн тогтоолгох зохицуулалт байна.

8. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол;” гэж заасан тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох үндэслэл нь анх тэтгэвэр тогтооход баримталсан буюу нэхэмжлэгчийн хувьд 2014 оноос өмнөх жилүүдийн шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөхийг ойлгоно.

9. Тодруулбал, нэхэмжлэгч талаас тэтгэврээ шинэчлэн тогтоолгох хүсэлтэй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаар анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тэтгэвэр тогтоолгосноос хойш албан журмын даатгал төлсөн сарын дундаж цалингаар шинэчлэн тогтоолгох л боломжтой бөгөөд нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2014 оноос хойш төлсөн шимтгэл төлсөн хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээнээс тооцож өөрчлөх боломжгүй байна.

10. Энэ талаар анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан тэтгэврийг өөрчлөн тогтоох үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2026/0042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

         ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА

 

                               ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН