Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,                                          

улсын яллагч М.Гантулга,

насанд хүрээгүй шүүгдэгч Д.Түшигттөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Туяажаргал, өмгөөлөгч Г.Бат-Отгон,

насанд хүрээгүй шүүгдэгч П.Энхбаатар, түүний хууль ёсны төлөөлөгч П.Мөнхзаяа, өмгөөлөгч Ц.Тунгалаг,

насанд хүрээгүй шүүгдэгч А.Тайванбаатар, түүний хууль ёсны төлөөлөгч А.Туяацэцэг, өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваадоржийн Түшигттөр, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Энхбаатар, Ширээт овогт Амармэндийн Тайванбаатар нарт холбогдох эрүүгийн 201625022716 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 нас 10 сар 27 хоног, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо 26 дугаар байр 8 тоотод оршин суух, Хүрээ дунд сургуулийн 8А ангид сурдаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД УЦ 02240634 /Боржигон овогт Даваадоржийн Түшигттөр,   

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 07 сар 15 хоног, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Баянгол дүүргийн 03 дугаар хороо 22 байр 1-3 тоотод оршин суух, ШУТИС-ийн дэргэдэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүнд механизмын засварын 1 дүгээр дамжаанд суралцдаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УО 01271850 /  Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Энхбаатар, 

3. Монгол улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 15 нас 5 сар 21 хоног, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 2, аавын хамт Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо 52 дугаар байр 0 тоотод оршин суух, 6 дугаар дунд сургуулийн 8Б ангид сурдаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЛМ 01291211 / Ширээт овогт Амармэндийн Тайванбаатар нар нь:  

Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 тоотод оршин суух хохирогч Р.Очбаярын гэрт хууль бусаар нэвтрэн орж “ Ай пад “ маркын 1.200.000 төгрөгний үнэтэй гар утас, “ Самсунг эс 2 “ маркийн 85.000 төгрөгний үнэтэй гар утас, “ Ленова “ маркийн 300.000 төгрөгний үнэтэй гар утас, 1000 рубль 5 ширхэг буюу 188.550 төгрөг, 10.000 вон 1 ширхэг, 1000 вон 2 ширхэг буюу 24.840 төгрөг, 115 доллар буюу 273.034 төгрөг, 350 юан буюу 122.566 төгрөг, 14.000 төгрөгийг тус тус хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу нийт 2.207.990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Очбаярын мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн хүүхэд Баяр-Эрдэнэд хичээлээ тараад өвөөгийндөө очих байсан тул гэрийнхээ хичээл хийдэг ширээн дээр нь 20.000 төгрөг үлдээчээд явсан. Тэгээд манай хүүхэд Баяр-Эрдэнэ нь хичээлээ тараад 13 цагийн орчимд гэртээ ирдэг бөгөөд тэр өдөр 13 цаг 40 минутын үед утасдаад “ 20.000 төгрөг орхичихсон байгаа аваарай “ гэж хэлсэн чинь байхгүй байна гэж хэлсэн. Өмнөх өдрийн оройн 20 цагийн үед гэртээ очих үед манай хүүхэд Баяр-Эрдэнэ нь 12.000 төгрөг алга болчихлоо гэж хэлж байсан. Би яагаад чамд тийм их мөнгө байгаа юм бэ? гэж асуусан чинь өдөр бүр өгч байсан 2000 төгрөгийг сүүлийн хэдэн өдөр цуглуулаад хичээл амрах үед эгчтэйгээ кино үзнэ гэж бодоод цуглуулж байсан юм. Алга болсон байна гэж хэлсэн.

Тэгэхээр нь чи “ өөрөө энд тэнд хийчээд санахгүй байгаа юм байлгүй “ гээд өнгөрсөн. Тэгсэн тэр өдөр дахиад өглөө нь тавьсан 20.000 төгрөг алга болохоор нь өөртөө нь ярилцана гэж бодоод нөхөр Ч.Самданд “ Гэртээ очоод байж бай. Хүүхэдтэйгээ ярина “ гэж хэлээд очсон. Аав Ч.Самдан нь Баяр-Эрдэнийн түлхүүрийг нь хүүхэд авдаг гэж байна. Чи өөрөө сайн асуу гэж хэлсэн. Би тэгээд өөрийн хүү Баяр-Эрдэнэгээс асуусан чинь өнөөдөр Түшигттөр нь хичээл дээр 10 цаг өнгөрөөж ирээд гэрийн түлхүүр авсан. Би тэгэхээр нь “ Чи яагаад гэрийн түлхүүрээ айлын хүүхдэд өгдөг юм бэ “ гэсэн чинь Түшигттөрийн гэрийн түлхүүр манай гэрийн түлхүүр таардаг юм. Түшигттөр гэрийн түлхүүрээ гэртээ орхичихсон байна. Би гэрээ онгойлгочихоод аваад ирье гэж хэлээд аваад явсан гэхээр нь “ Айлын гэрийн хаалга нь манай гэрийн түлхүүрээр онгойхгүй шүү дээ. Юу гэж тийм юм байдаг юм бэ “ гэж хэлсэн. Тэгсэн чинь Түшигттөрийн гэрийн хаалга нь манай гэрийн түлхүүрээр онгойдог, Түшигттөр нь танай гэрт орохгүй, би амлаж байна гэж хэлээд аваад явсан. Тэгсэн чинь манай нөхөр Ч.Самдан нь надад “ Чи нөгөө ажлын “ Ай пад” -аа аваад явсан юм уу. Байдаг газраа алга байна “ гэж хэлэхээр нь шүүгээгээ онгойлгоод үзсэн алга байсан. Тэгсэн манай нөхөр чи Баяр-Эрдэнийн “ Самсунг галакси эс 2 “ маркийн гар утсыг авсан юм уу гэхээр нь байдаг газар нь үзсэн чинь алга байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагаас бүрэлдэхүүн ирэхээр нь нөгөө хүүхдийг манай хэсгийн байцаагч мэднэ гэхээр нь цагдаагийн алба хаагчийн хяналтан дотор байдаг гэж хэлэхээр, дараа нь манай хүүхдийг яачих ч юм бэ билээ гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол саналгүй гэж хэлээд явуулсан юм. Тэгээд цагдаагийн алба хаагч нарыг явуулчихаад гэртээ орсон чинь Манай хүүхэд Баяр-Эрдэнэ нь “ Түшигттөр над руу ярьсан. Чи маныгаа цагдаад хэлсэн юм уу. Мань нь одоо колонд явлаа шүү дээ “ гэж хэлсэн гэсэн. Би тэгэхээр нь Баяр-Эрдэнээс чи хэдэн удаа түлхүүрээ өгсөн юм бэ. Хэдэн хүнд яагаад өгөөд байсан юм бэ гэхэд миний хүүхэд “ Түшигттөр чинь 6 сургуулийн атман, нийт 6 удаа, 2-4 хүүхэд ирээд өгчихөөч гэж хэлээд түлхээд байхаар нь өгчихдөг юм “ гэж хэлсэн гэжээ. / хх 17-19 /

            Насанд хүрээгүй гэрч Ч.Баяр-Эрдэнийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … Би 2016 оны 09 дүгээр сард гадаа тоглож байхад Түшиттөр нь “ Чи түлхүүрээ өгч бай даа “ гэхээр нь би өөрийн гэрийн түлхүүрийг “ Май “ гэж хэлээд өгөөд явуулсан чинь хэсэг хугацааны дараа манай гэрийн түлхүүртэй таарч байна гэж хэлээд буцаагаад өгсөн. Би тухайн үедээ тоогоогүй. Тэгээд би дахиад гадаа тоглож байхад Түшигттөр нь дахиж ирээд “ Чи дахиад гэрийн түлхүүрээ өгч байгаач. Би гэрийн түлхүүрээ хаячихсан. Ээж гэрийн түлхүүр хувилж өгнө гэж хэлээд удаж байгаа. Түлхүүр чинь байна уу “ гэхээр нь би гэрийн түлхүүр байхгүй гэсэн чинь “ Худлаа яриад бай. Би чамайг зодож байгаад авна шүү “ гэсэн. Тэгэхээр нь байгаа гэсэн чинь одоо өгчих гээд байхаар нь “ Ээж, аав хоёр гэрийн түлхүүртэй гарсан талаар мэдэж байгаа. Өгөхгүй гэсэн чинь “ Чи тэгвэл хаячихсан. Маргааш жижүүр олчихлоо “ гээд хэлчих гэсэн. Тэгээд өгөхгүй, гэр рүүгээ орсон. Тэгээд дахиад 3, 4 хоногийн дараа миний гэрийн түлхүүрийг авчихаад өгөхгүй байхаар нь түлхүүр өгчих гэсэн чинь Түшигттөр нь “ Би нэг газар хувилуулах гэж өгсөн байгаа. Маргааш авчих ” гэсэн. Би тэгээд “ Чи битгий худлаа яриад бай “ гэсэн чинь Түшигттөр нь түрийвчин дотроосоо гаргаж өгсөн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын эхээр гадаа тоглож байхад Түшигттөр “ Чи гэрийн түлхүүрээ өгчих. Би маргааш хичээлээ таслах” гэж байгаа юм гэхээр нь “ Чи маргааш яаж авах гэж байгаа юм. гэсэн чинь “ Сургууль дээр чинь очоод авъя “ гэхээр “ Яах юм бэ “ гэж хэлсэн. Маргааш нь манай сургууль дээр ирээд “ 09 цагийн үед авч яваад 11 цагийн үед авчирч өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа “ Түлхүүрээ өгчих. Би дахиад хичээлээ тасалчихсан “ гэж хэлээд дахиад аваад явсан. Тэр өдөр манай ээж Очбаяр нь над руу залгаад "Эмээд чинь өгөх гэж 20.000 төгрөг тавьсан байгаа гэсэн. Тэгээд хичээл 13 цаг 30 минут гэж тараад 14 цагийн үед гэртээ очсон чинь нөгөө 20.000 төгрөг байхгүй байсан. Би тэгээд ээж Очбаяр руу утасдаад та яг үлдээсэн юм уу? гэж хэлсэн чинь ээж Очбаяр нь би яг үлдээсэн байгаа сайн үз гэсэн. Би хайгаад олдохгүй байхаар нь ээж Очбаярт олсон гэж хэлээд Түшигттөрийг авчихсан юм байна гэж бодоод Түшигттөрийн утасруу залгаад байсан чинь утасаа авахгүй байсан. Манай аав Самдан нь гэртээ ирэхээр нь ааваас та 20.000 төгрөг авсан юм уу гэж асуусан чинь аав аваагүй гэж хэлсэн. Би тэгээд ээж Очбаярт үнэнийг хэлсэн. Өмнөх өдөр нь хичээл хийдэг ширээн дээр төмөр хайрцган дотор бутархай мөнгө гэж бичээд 12.000 төгрөг хийсэн байсан чинь тэр 12.000 төгрөг алга болсон байсан. Түшигттөр нь сургууль дээр ирэх үедээ сургуулийн гадаа 2-4 хүүхэдтэй ирдэг байсан. Тэгээд надаас түлхүүр авахдаа нөгөө хүүхдүүдээ сургуулийн гадаа үлдээчихээд ганцаараа орж ирж авдаг байсан юм. Намайг сургуулийн цонхоор харах үед гадаа Тайванбаатар, Мөнх-Эрдэнэ нар хамт ирсэн байдаг байсан гэжээ.  / хх 22-23 /

Хохирогч Д.Очбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч бөгөөд мөрдөн байцаалтын явцад Д.Түшигттөрөөс 552.000 төгрөг, П.Энхбаатараас 552.000 төгрөг, А.Тайванбаатараас 552.000 төгрөг, Н.Мөнх-Эрдэнээс 552.000 төгрөг нийт 2.208.000 төгрөгийг хүлээн авсан болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

Монгол банкны лавлагаа / хх 69-70 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 73 /

Насанд хүрээгүй шүүгдэгч П.Энхбаатарыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 40-41 /,  2016 оны 12 дугаар сарын 27-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 59-61 /,

Насанд хүрээгүй шүүгдэгч  Д.Түшигттөрийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 45-48 /, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 53-55, 56 /,

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Тайванбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 49-52 /, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 57-58 /

Насанд хүрээгүй шүүгдэгч нарыг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 101-103  / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Д.Түшигттөр мэдүүлэхдээ: Мөнх-Эрдэнэ бид нар нийлээд Баяр-Эрдэнээс түлхүүрээ өгчих гэж ээлжилж хэлээд авсан. Мөнх-Эрдэнэ Энхбаатарыг аав ээжийг нь ирэхийг нь харж бай гээд Тайванбаатар бид хоёр гэрээс нь юмыг нь авсан.  Энхбаатар, Мөнх-Эрдэнэ бид нар мөнгөө солиулаад мөнгөөрөө Пи Си тоглоомын газарт орж тоглоод дууссан. Энэ хэргийг Мөнх-Эрдэнэ санаачилсан. Мөнх-Эрдэнэ надад чи Баяр-Эрдэнийн гэрийн түлхүүрийг ав гээд байсан. Ээж өглөө гараад орой ирдэг. Энэ хооронд би гадуур тэнээд байж байдаг. Би манай гэрт танай түлхүүр таардаг гэж хэлээгүй. Уучлалт гуйсан. Дахин хулгай хийхгүй. Ээждээ хайртай, хичээл номоо сайн хийнэ. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч П.Энхбаатар мэдүүлэхдээ:  Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Намайг аав, ээж нь ирж магадгүй, чи таних юм чинь харж бай гэсэн. Хоёр, гурав дугаар ангиас бие биенээ мэднэ. Би Баяр-Эрдэнийг огт танихгүй. Бид нар хичээл номоо сайн хийнэ. Дахин хулгай хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч А.Тайванбаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Бид нар хоёроос гурван удаа хулгай хийсэн. Хичээлээ сайн хийнэ. Буруу зүйл хийснээ ойлгож байна гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Д.Түшигттөрийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяажаргал мэдүүлэхдээ: Миний хүү багаасаа гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн бөгөөд ааваасаа авсан хүмүүжил нь нөлөөлсөн. Буруу хүүхдүүдтэй нийлснээс ийм байдалд хүрсэн. Өмнө нь хүү  маань орцондоо болон гадуур явж байхдаа 2, 3 удаа зодуулж, дээрэмдүүлж байсан. Би тэр үед нь цагдаад хандалгүйгээр зүгээр өнгөрүүлсэн нь гэмт хэрэг үйлдэж болдог юм байна гэсээн ойлголт өглөө гэж бодож байна. Надаас болж ийм болсонд харамсаж байна. Би хүүгээ сэтгэл зүйчтэй хамтарч засаж авах хүсэлтэй байгаа. Миний хүүгийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч П.Энхбаатарын хууль ёсны төлөөлөгч П.Мөнхзаяа мэдүүлэхдээ: Манай дүү аав, ахтайгаа хамт амьдардаг. Сургуульдаа явдаг даруухан хүүхэд байсан. Сургуулийг нь шилжүүлснээс болж муу хүүхдүүдтэй нийлж, ийм хэрэг хийсэн байна. Цаашдаа харж хандан өөрийн асрамжиндаа авч хараа хяналтанд байлгана. Миний дүүд холбогдох хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч А.Тайванбаатарын хууль ёсны төлөөлөгч А.Туяацэцэг мэдүүлэхдээ: Миний дүү тайван, дөлгөөн хүүхэд. Болгоомжгүй байдлаас болж энэ хэрэгт холбогдсон байна. Би дүүгээ өөрсдийнхөө гэрт аваачиж, хүмүүжүүлж сайн хүн болгоно. Миний үгэнд их сайн ордог. Миний дүүд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо 24 дүгээр байрны 1 тоотод оршин суух хохирогч Р.Очбаярын гэрт хууль бусаар нэвтрэн орж “ Ай пад “ маркын 1.200.000 төгрөгний үнэтэй гар утас, “ Самсунг эс 2 “ маркийн 85.000 төгрөгний үнэтэй гар утас, “ Ленова “ маркийн 300.000 төгрөгний үнэтэй гар утас, 1000 рубль 5 ширхэг буюу 188.550 төгрөг, 10.000 вон 1 ширхэг, 1000 вон 2 ширхэг буюу 24.840 төгрөг, 115 доллар буюу 273.034 төгрөг, 350 юан буюу 122.566 төгрөг, 14.000 төгрөгийг тус тус хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу нийт 2.207.990 төгрөгийн хохирол учруулсан гэмт

хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: ... Хүү Баяр-Эрдэнийг хичээлээ тараад өвөөгийндөө очих байсан тул гэрийнхээ хичээл хийдэг ширээн дээр нь 20.000 төгрөг үлдээчээд аваарай гэж хэлсэн чинь байхгүй байна гэж хэлсэн. Өмнөх өдрийн оройн 20 цагийн үед гэртээ очих үед манай хүүхэд Баяр-Эрдэнэ нь 12.000 төгрөг алга болчихлоо гэж хэлж байсан. Аав Ч.Самдан нь Баяр-Эрдэнийн түлхүүрийг нь хүүхэд авдаг гэж байна гэхээр нь хүүгээсээ асуусан чинь Түшигттөр нь танай түлхүүр манай гэрт таардаг гээд авсан байсан. Тэгсэн нөхөр Ч.Самдан нь “ Ай пад” байдаг газраа байхгүй, Баяр-Эрдэнийн “ Самсунг галакси эс 2 “ маркийн гар утас алга байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Очбаярын мэдүүлэг / хх 17-19 /,  … 2016 оны 09 дүгээр сард гадаа тоглож байхад Түшиттөр нь чи түлхүүрээ өгч байдаа гэхээр нь би өөрийн гэрийн түлхүүрийг “ Май “ гэж хэлээд өгөөд явуулсан. Үүнээс хойш олон удаа ирж түлхүүр авсан. Манай ээж Очбаяр нь над руу залгаад "Эмээд чинь өгөх гэж 20.000 төгрөг тавьсан байгаа гэсэн. Тэгээд хичээлээ 13 цаг 30 минут гэж тараад 14 цагийн үед гэртээ очсон чинь нөгөө 20.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд Түшигттөрийг авчихсан юм байна гэж бодоод Түшигттөрийн утас руу залгаад байсан чинь утсаа авахгүй байхад манай аав гэртээ ирэхээр нь ааваас та 20.000 төгрөг авсан юм уу гэж асуусан чинь аав аваагүй гэж хэлсэн. Би тэгээд ээж Очбаярт үнэнийг хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ч.Баяр-Эрдэнийн мэдүүлэг / хх 22-23 /, Монгол банкны лавлагаа / хх 69-70 /, Эд зүйлийн үнэлгээ / хх 73,  / зэрэг болно.

Шүүхээс насанд хүрээгүй шүүгдэгч Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нар нь насанд хүрээгүй бөгөөд  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрт ял шийтгэл оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзсэн тул тэдгээрт хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Даваадоржийн Түшигттөр, Пүрэвсүрэнгийн Энхбаатар, Амармэндийн Тайванбаатар  нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1-д заасны дагуу Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нарыг нэг жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг хууль ёсны төлөөлөгч Д.Туяажаргал, П.Мөнхзаяа, А.Туяацэцэг нарын хяналтанд өгсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нар нь засарч хүмүүжихгүй бол тэдгээрийг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг дурьдсугай.

5. Д.Түшигттөр, П.Энхбаатар, А.Тайванбаатар нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ