Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2020/03598

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.С холбогдох

698,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Н миний бие Ч.Стай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн *** давхарт байрлах 40 мкв талбайтай цайны газрыг сарын 1,300,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Ч.С болон түүний нөхөр Ц.Орхон нар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өөрсдийн хүсэлтээр түрээслэхээ больсон бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх төлбөрөө төлж, 5 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл 1,048,000 төгрөгийг төлбөр гарснаас 5 дугаар сард 500,000 төгрөгийг төлсөн. Түрээсийн үлдэгдэл 548,000 төгрөг болон цахилгааны төлбөр 150,000 төгрөг нийт 698,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тохирсон боловч одоо болтол төлж барагдуулаагүй болно. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2020 оны 9 дүгээр сард 100,000 төгрөгийг төлсөн.

Иймд түрээслэгч Ч.Сгаас түрээсийн гэрээний дагуу төлөх 698,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.С шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Ч.Сд холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болон ашиглалтын зардалд 698,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Сд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гардуулж, хариу тайлбар өгөх хугацааг 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоосон боловч хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.

Р.Н, Ч.С нар нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг, *** давхарт байрлах 40 мкв талбайтай цайны газрын зориулалттай ажлын байрыг, сарын төлбөр 1,300,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг бүрэн хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хөлслөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан байна.

Ч.С нь дээрх цайны газрыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл түрээсэлсэн ба Р.Н нь цайны газраа буцаан хүлээн авсан, ийнхүү хүлээн авахад 5 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл 1,048,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба Ч.С нь 5 дугаар сард 500,000 төгрөгийг төлж, 548,000 төгрөг үлдэж, үүн дээр ашиглалтын зардал буюу цахилгааны төлбөр 150,000 төгрөг, нийт 698,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн дотор Ч.С нь Р.Нт төлөхөөр тохирч, тооцоо нийлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зохигчдын тооцоо нийлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү тооцоо нийлснээс хойш Ч.С нь тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-д хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байхаар заасан байх бөгөөд Ч.С нь гэрээ болон хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон ба уг шүүх хуралдаан нь хариуцагчид тов хүргэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан бүхий л журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч Ч.Сд хүргүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Мөн хариуцагчид нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтуудыг түүнд нэхэмжлэлийн хувь гардуулахад танилцуулсан ба үүнээс хойш зохигчдын зүгээс нэмж нотлох баримт ирүүлээгүй болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.  

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөн 100,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 598,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Сгаас 598,000 /таван зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Нт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 18,590 /арван найман мянга таван зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Нт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

                       

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Т.ЭНХЖАРГАЛ