| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 115/2026/0001/З |
| Дугаар | 221/МА2026/0553 |
| Огноо | 2026-08-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0553
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Ц.Б
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай А/80 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 115/2026/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК-иас Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай А/80 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115/ШШ2026/0018 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.2, 43 дугаар зүйлийн 43.2, 47 дугаар зүйлийн 47.1.6, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.27, 12 дугаар зүйлийн 12.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.8, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай А/80 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Ц.Б нарын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй, Захиргааны ерөнхий хууль, Автотээврийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Маргаан бүхий А/80 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.2.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Захирамжид зөвхөн эхлэх хугацааг заасан боловч үйлчлэл хэзээ дуусах, ямар нөхцөл бүрдэхэд хүчингүй болох талаар огт тусгаагүй бөгөөд "тодорхойгүй хугацаагаар" гэсэн байдлаар эрхийг хязгаарласан байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байхыг шаардсан. Энэхүү шаардлагын зорилго нь тухайн актыг уншсан этгээд зөвхөн актын агуулгаас эрх, үүрэг, үйлчлэх хугацаа, дуусгавар болох нөхцөлийг шууд ойлгох боломжийг хангахад оршино. Гэтэл маргаан бүхий захирамжид нүүрс тээврийн хөдөлгөөнийг ямар нөхцөл бүрдэхэд сэргээх, захирамж ямар хугацаанд үйлчлэх талаар огт зохицуулаагүй тул уг актыг уншсан аливаа этгээд түүний эрх зүйн үр дагаврыг ойлгох боломжгүй байна. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан "...зөрчил арилгаж, тусгай зориулалтын замыг зохих журмын дагуу батлуулсны дараа захирамжаа хүчингүй болгож болно..." гэсэн тайлбар нь маргаан бүхий захиргааны актын агуулгад огт тусгагдаагүй шинэ нөхцөл юм.
Захиргааны актын хууль ёсны байдлыг тухайн актын бичвэр, түүнийг гаргах үеийн нөхцөл байдалд үндэслэн үнэлэхээс бус, дараа нь гаргасан тайлбараар нөхөн тодорхойлж, агуулгыг өөрчлөн тайлбарлах боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх захиргааны актын агуулгыг бус, хариуцагчийн тайлбарыг үндэслэн "тодорхойгүй хугацаа" нь тодорхой нөхцөл бүрдэх хүртэл гэсэн утгатай гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д заасан шаардлагыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй байна. Захирамжийн үндэслэл болгосон Улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан шаардлага нь зөвхөн илэрсэн зөрчлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор арилгах үүрэг өгсөн бөгөөд нүүрс тээврийг зогсоох талаар ямар нэгэн шаардлага агуулаагүй байна. Гэтэл Мандах сумын Засаг дарга уг албан шаардлагад байхгүй шинэ эрх зүйн үр дагавар бий болгон нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон нь эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн үйлдэл юм.
Хэрэгт авагдсан баримтаар эрх бүхий улсын байцаагч өөрөө зөрчлийг арилгах хугацаа тогтоосон байхад хугацаа дуусаагүй, зөрчил арилсан эсэхийг шалгаагүй нөхцөлд Засаг дарга илүү хатуу арга хэмжээ авч, бүхэлд нь тээврийг зогсоосон нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүх Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.5-д заасан аюул бий болсон гэж дүгнэсэн боловч энэхүү дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хэрэв үнэхээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд аюул учирсан бодит нөхцөл байдал байсан бол эрх бүхий улсын ахлах байцаагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн үйл ажиллагааг шууд зогсоох боломжтой байсан. Гэтэл тэрээр үйл ажиллагааг зогсоогоогүй, харин зөрчил арилгах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн нь тухайн үед "гарцаагүй", "хойшлуулшгүй" нөхцөл байдал байгаагүйг нотолж байна. Ийм байхад анхан шатны шүүх зөвхөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн ерөнхий зорилгыг үндэслэн захиргааны актыг зөвтгөсөн нь үндэслэлгүй бөгөөд эрх хэмжээ, хэрэглэх журам, арга хэмжээний төрлийг ялган дүгнээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй бөгөөд шүүх үүнийг мөн хуулийн 28.1.2-т заасан "гарцаагүй байдал"- аар зөвтгөсөн. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар эрх бүхий байгууллагаас 2025 оны 06 дугаар сарын 20 хүртэл хугацаа олгосон байсан нь тухайн нөхцөл байдал хойшлуулшгүй, гарцаагүй байгаагүйг харуулж байна. Иймээс сонсох ажиллагааг алгасах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад шүүх эсрэгээр нь дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй байна.
Маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу албан ёсоор мэдэгдэж, баримтжуулаагүй байна. Хариуцагч зөвхөн цахим шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарласан боловч түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу тухайн акт хүчин төгөлдөр болсон гэж үзэх боломжгүй юм Автотээврийн тухай хуулийн 14.1.2-т Засаг даргад тээврийн үйл ажиллагааг "түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах" эрх олгосон. Гэтэл хариуцагч илүү хөнгөн, эрхэд бага халдах арга хэмжээг сонгох боломжтой байхад шууд хамгийн хүнд үр дагавартай арга хэмжээ болох тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан хууль ёсны, үндэслэлтэй, пропорциональ байх зарчимд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитоор үнэлээгүй, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115/ШШ2026/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий А/80 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т ХХК-иас Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай А/80 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Т ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газраас олгосон 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн MV-021530 дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл-ийн (1-р хх-ийн 174-177-р тал) дагуу Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт Д нэртэй уурхайн талбайг эзэмшдэг.
3.2. Тус компани нь Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай зориулалтын авто замын чиглэл батлах тухай А/23 тоот тушаалын дагуу тус яамтай Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Ногоон тал нүүрсний уурхайгаас Тавантолгой-Манлай-Ханги боомт чиглэлийн авто замтай холбох 127.48 км тусгай зориулалтын авто зам барих, ашиглах тухай 189 дугаартай гэрээг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, мөн тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 148 дугаартай гэрээг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус тус байгуулсан байна.
3.3. Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг дарга, мөн тус аймгийн Мандах сумын Засаг дарга нарын зүгээс авто замын чиглэл болон тусгай зориулалтын авто замын чиглэлийг Д буюу Ногоон тал нүүрсний уурхайгаас Таван толгой-Манлай-Ханги боомт чиглэлийн автозам хүртэл болон түүнээс цааш Ханги хилийн боомт хүртэлх чиглэлийн замыг тус тус баталсан.
3.4. Зам, тээврийн яамны зүгээс орон нутгийн буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэд, малчдаас гаргасан гомдол мэдээлэлд үндэслэн, Т ХХК-ийн Д уурхайгаас тээвэрлэлт хийж буй авто зам, замын байгууламжийн нөхцөл байдал, засвар арчлалтад холбогдох хяналт шалгалт явуулж, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/-00-02/008/29 дугаар Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг Т ХХК-д холбогдуулан гаргаж, улмаар тус яамнаас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Албан шаардлага хүргүүлэх тухай 11/2452 тоот албан бичгийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллах чиглэл хүргүүлжээ.
3.5. Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг даргаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил зохион байгуулах тухай А/403 дугаар захирамжаар Хатанбулаг, Хөвсгөл, Мандах суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, тэдгээрийн туслан гүйцэтгэгч тээврийн компаниуд-ийг хамруулсан хяналт шалгалтыг зохион байгуулж Зам, тээвэр хөгжлийн яам болон нэхэмжлэгч Т ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 189 дүгээр гэрээний 1.3 болон 2.8 дахь заалтуудыг үндэслэн тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь түр саатуулах, хяналт тавих түр постыг 2025 оны 05 сарын 30-ны өдрөөс ажиллуулж эхлэх чиглэлийг Мандах сумын Засаг дарга-д өгч, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/23 дугаар тушаалаар батлагдсан Т ХХК-ийн тусгай зориулалтын авто замын чиглэлийг цуцлуулах санал хүргүүлсэн.
3.6. Ингээд хариуцагчийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоох, хяналтын пост ажиллуулах тухай А/80 дугаар захирамжаар Д нүүрсний ордоос Ханги хилийн боомт хүртэлх чиглэлд нүүрс тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоож шийдвэрлэснээр маргаан үүссэн.
4. Т ХХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн дээрх хяналт шалгалтуудын явцад, түүний гэрээний дагуу хийж гүйцэтгэх авто зам, замын байгууламжийн ажил эхлээгүй, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилгын ажилд ашиглах түр замаар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж, үүний улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал, тоос тоосжилт ихтэй болж, түр замын дагуу хог хаягдал ихсэж, хагарсан дугуй, машины тос, масло гоожсон зэргээр малын бэлчээрийг бохирдуулах, ан амьтны бэлчээр солигдох, хөрсний эвдрэл гарч, бамбалзуур үүсэх, цөмрөх, машины дугуйн мөрний гүн ховил үүсэх зэргээр хүн, мал, амьтан амьдарч, бэлчихэд хүндрэлтэй болж, байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож, энэхүү байдалд нэхэмжлэгчээс хэрэгжүүлэх тусгай зориулалтын авто зам барих зориулалтаар батлагдсан автозамын нийт чиглэлийн дийлэнх хэсэг болох 127.48 км зам нь хамаарч байгаагийн хувьд тус чиглэл дэх Мандах, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт голлох сөрөг нөлөөллийг үзүүлж байгааг хариуцагчаас тогтоосон гэж,
Нэхэмжлэгчээс “Зам, тээврийн яамны Улсын ахлах байцаагчийн Албан шаардлага дахь зөрчлүүдийг арилгаж, энэ тухай хариуг Албан шаардлагын биелэлтийн хуудас үйлдэн, хийсэн ажлын талаарх баримтуудын хамт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25/111 тоот албан бичгээр тус яамны холбогдох газарт хүргүүлсэн” гэж маргадаг.
5. Зам, тээврийн яамнаас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/3104 тоот албан бичгээр “... танай компаниас өнөөдрийг хүртэл ямар нэгэн биелэлт, тайлбар, мэдээлэл ирүүлсэнгүй, ... тус яамтай байгуулсан ... 189 дугаартай гэрээний 2.8-д “Авто зам, замын байгууламжийг гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтад оруулаагүй, ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, орон нутгийн иргэд болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг арилгах талаар эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй...”, 6.4.2-д “Захиалагчаас гэрээний үүргээ зөрчсөн, зөрчлийг арилгах тухай үндэслэл бүхий хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхэд Гүйцэтгэгч нь хугацаандаа холбогдох арга хэмжээг авч зөрчлийг арилгаагүй”, 6.4.4-д “Гэрээнд заасан хугацаанд авто замын барилгын ажлыг эхлүүлээгүй, барилга угсралтын ажил нь тодорхойгүй хугацаагаар зогссон” зэрэг заалтуудыг үндэслэн Захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах болсныг мэдэгдэж, 2025 оны 03/3104 дугаартай мэдэгдлийг хүргүүлж захиалагчийн зүгээс авто зам барих гэрээг цуцалсан.
6. Хариуцагч маргаан бүхий А/80 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн зүгээс тусгай зориулалтын авто замыг барьж байгуулахаасаа өмнө нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхэлж явуулснаас үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулыг бий болгосон нөхцөл байдлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар ...хүний буруутай үйл ажиллагаанаас ... хамгаалах,
Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэвсгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах”; 12.1.8-д “харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах”;
Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...аюул тохиолдсон нөхцөлд тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах шийдвэрийг...”, мөн хуулийн 14.1.2-т “орон нутгийн тээвэрлэлтийн чиглэлд ... тухайн ... сумын Засаг дарга” хэрэгжүүлэхээр олгосон чиг үүргийн хүрээнд гаргасан байна.
7. Үүнээс үзэхэд маргаан бүхий А/80 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох Захиргааны ерөнхий хууль дахь Захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийг зохицуулсан 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх захиргааны актын илт хууль бус шинжийг агуулахгүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.
8. Мөн нэхэмжлэгчийн зүгээс, хариуцагч нь А/80 дугаар захирамжийг тодорхойгүй хугацаагаар гаргасан, тус захирамжийг гаргахад сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26, 33, 38 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн гэж маргасан.
9. Харин маргаан бүхий А/80 дугаар захирамжийг гаргах үед, хүн, мал, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхэд голлох шалтгаан болсон нэхэмжлэгчээс гэрээний дагуу барьж гүйцэтгэх тусгай зориулалтын авто зам хэдийд, хэрхэн хэрэгжиж дуусах нь тодорхойгүйгээс хугацааг нарийн тогтоох боломжгүй байснаар хариуцагчийн хувьд дээрх сөрөг нөлөөллийг зогсоож нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоохдоо тодорхойгүй хугацаа зааж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;” сонсох ажиллагааг заавал хийхгүй байхаар зохицуулсантай нийцжээ.
10. Анхан шатны шүүхээс Зам, тээврийн яамны 2025 оны 03/3104 тоот, 2025 оны 07/4243 тоот албан бичгүүдэд дурдсанаар, нэхэмжлэгчээс тус яамтай байгуулсан Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Ногоон тал нүүрсний уурхайгаас Тавантолгой-Манлай-Ханги боомт чиглэлийн авто замтай холбох 127.48 км тусгай зориулалтын авто зам барих, ашиглах тухай гэрээг тус яам буюу захиалагчийн санаачилгаар цуцалсан байгаатай холбогдон нэхэмжлэгчийн хувьд А/80 дугаар захирамжаар зогсоосон чиглэл дэх нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах эрх сэргэх боломжгүй талаар зөв дүгнэсэн байна.
Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115/ШШ2026/0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН