| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/03870/И/ |
| Дугаар | 3019 |
| Огноо | 2020-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 3019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....... дүгээр хороо, ...... дугаар байр, ........... тоотод оршин суух, Боржигон овогт .......... Ц.Д /РД:.........../-гийн хэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ........дугаар хороо, Баянмонгол хороолол, ...........дүгээр байр, ...... тоотод оршин суух, ........... овогт У......... У.Г /РД:........../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
У.У.Гт нь миний багийн танил байсан. Тэрээр ажилчдын цалин тавьчихаад 7 хоногийн дотор өгнө гэж хуурч мэхэлж, 25,000,000 төгрөг авсан. Миний мөнгийг өгөхгүй зугатдаг байсан. Гэвч би мөнгөө барагдуулж авч чадаагүй учраас эрэн хайж, өчнөөн явж тахарын албанд хандаж, оршин суух хаягийг нь тогтоосон. Дараа нь миний мөнгөний оронд газар байна, тэрийг түр чам дээр шилжүүлж байгаад заръя гэж хэлсэн. Энэ нь Налайхын өвөлжөөний 700 м.кв газар байсан. Дараа нь надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүх юмыг маань хураасан өртэй байгаа тул чамд байгаа газраа өгье гэсэн. Тэр газар нь зөвхөн тэндийн малтай айлд зориулсан газар байсан. Уг газрыг ямар ч үнэ хүрэхгүй болохыг би сүүлд нь мэдсэн.
2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Гэхдээ яг бодитоор 15,600,000 төгрөг зээлдүүлсэн. Уг 15,600,000 төгрөгөө төлөөгүй тул хүү бодож 25,000,000 төгрөг болгосон. Төлбөр барагдуулах тухай хэлцлийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхэлж байгаад гарын үсэг зуруулсан юм. У.У.Г нь шийдвэр гүйцэтгэх газарт олон хүнд өртэй байсан ба Ц.Ц.Дг гуйж байгаад төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. У.У.Г нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нийт 15,600,000 төгрөгийг зээлсэн бөгөөд үүний дагуу талууд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг бичгээр байгуулсан нотариатаар батлуулсан. Үүнээс хойш нийт 6,000,000 төгрөгт тооцож 20,000 ширхэг тоосго нэхэмжлэгчид өгч мөн 2,000,000 төгрөгийг дансаар төлж үлдэгдэл төлбөрт тооцон Налайх дүүргийн 3-р хороонд байрлах 700 м.кв газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгч 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр дууссан хэлцэлийг байгуулан нотариатаар батлуулсан болно. Иймд талуудын хооронд төлбөр тооцооны асуудал бүрэн дуусгавар болсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрийг андуураад буруу хэлээд байна. Анх 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аман гэрээ байгуулж, 15,600,000 төгрөгийг бэлнээр авсан юм. 2015 онд зээлийн төлбөрөө гаргуулахаар шүүхэд эрэн сурвалжлуулж байсан хүмүүс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулна гэж байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц.Д нь хариуцагч У.У.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 15,600,000 төгрөгийг зээлдүүлэгч Ц.Ц.Д нь зээлдэгч У.У.Гт шилжүүлсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба талууд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө 15,600,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй, уг гэрээнд хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...15,600,000 төгрөгийг зээлийн хүү, алданги тооцож 25,000,000 төгрөг болохыг тодорхойлсон, уг төлбөрийнхөө оронд газар шилжүүлсэн боловч уг газар нь өвөлжөөний зориулалттай болохыг сүүлд мэдсэн, төлбөр барагдуулах хэлцэлд хуурч гарын үсэг зуруулсан” гэж тайлбарласан.
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг 25,000,000 төгрөг болгосон үйл баримтад маргаагүй. Харин уг үүргийн гүйцэтгэлийг 5,000,000 төгрөгт тооцож тоосго, 2,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн төлбөрт нь тооцож газрын эрх шилжүүлэх замаар гүйцэтгэж дууссан гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.
Учир нь талууд нийт 2 удаа төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр “...15,600,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг бэлнээр болон бараа материалаар төлсөн. Одоо 25,000,000 төгрөгийг нийт зээл болон хүүнд тооцож төлнө” гэж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр “...2016.02.25-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу 25,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон тул уг гэрээг дуусгаварт тооцов. Үүнд, Налайх дүүргийн ......дугаар хороо, ................. байрлах 700 м.кв №........... газрын эрхийг шилжүүлсэнээр төлбөр барагдуулах гэрээг дуусгавар болгов” гэжээ.
Дээрх төлбөр барагдуулах гэрээний дагуу талууд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Налайх дүүргийн ...................ар хороонд байрлах, өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрыг У.У.Гөөс Ц.Ц.Дд шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Ц.Дд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн ............. дугаар хороонд байрлах, өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгосон болох газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн болон 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Мөн энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зарим үүргийг мөнгөн хөрөнгөөр, бусад гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дэх заалтад зааснаар түүний үүрэг дуусгавар болсон байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож газрын эрхийг 2016 онд шилжүүлж авах үедээ газрын зориулалтыг болон уг газрыг хаана, ямар байрлалтай болохыг мэдэх боломжтой байсан. Тэрээр нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлээ тухайн газар нь өвөлжөөний зориулалттай, үнэд хүрэхгүй гэх шалтгаанаар тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай.
Мөн зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй гэж нэхэмжлэгч үзэж байсан бол газрын эзэмших эрхийн гэрчилгээ 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан өдрөөс хойш түүний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор байна. Гэвч тэрээр шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар түүний зээлийн гэрээний үүрэг гаргуулах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлээ хариуцагчийг эрэн сурвалжлуулж шүүхэд хандсан гэх боловч тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандсан болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6190 дүгээр шийдвэрээр тогтоогдсон.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Ц.Дгээс хариуцагч У.У.Гт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба тэрээр эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцах хугацаа шаардлагагүй, өмгөөлөгчөөр ажилладаг, хэргийн үйл баримтыг бүрэн мэднэ гэх хүсэлт гаргасны дагуу тус өдөр хэргийг хэлэлцүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар хариуцагч У.У.Гт холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ