| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0001/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/08 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч А.Лхагваа,
Хохирогч Ж.*******,
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 203 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2307000000309 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******, *******т төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн*******,******* тоотод хөрш Ж.*******тай “хаалга түгжлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохин зодож хохирогч Ж.*******ы биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогч Ж.*******ы мэдүүлэг /хх-5-6/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-8/, шинжээчийн дүгнэлт /хх-16-17/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-29-30/, шүүгдэгч Л.*******ын ял шалгах хуудас /хх-37/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-/, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг /хх-54/, хохирогч Ж.*******ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-40-45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би гаднаас орж ирсэн. Хаалга цоожтой байсан. Би нэлээн цохисон чинь нэг ууртай юм гарч ирээд хаалга нээсэн. Өдрийн цагаар юугаа хийж хаалга түгжээд байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд хаалга саваад гарсан. Би засах гээд нойл орчхоод хаалгыг нь саваад хаачихсан чинь гарч ирж орилоод байсан. Хаалга үүд түгжээгүй байсан бол би ийм юм хийхгүй. Хаалга байнга цоожтой байдаг. Байнга архи уудаг. Өнөөдөр өөрийгөө энхийн тагтаа юм шиг яриад байна. Би энэ байранд дэг оруулах гэж нэлээн үзсэн хүн. Миний нүүр амыг маажиж урсан. Тэр талаар бичээгүй байна лээ. Тэрнээс учир зүггүй нүдсэн зүйл байхгүй гэв.
Хохирогч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “.... тоотод амьдраад 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Л.******* ахад өдөр болгон хараалгуулж, өдөр болгон доромжлуулж байна. Чи ахынхаа толгойг залгиж энэ орон байрыг авсан гэж дарамтлуулж ирсэн. Хэд хэдэн удаа эхнэртэйгээ нийлж миний биед халдаж байхад би нэг ч удаа цагдаад мэдэгдэж гомдол гаргаж үзээгүй. Саяхан хүү маань хүний гарт өнгөрчихлөө. Л.******* ах чи хүүхдийнхээ толгойг залгисан бузартай хүүхэн эндээс зайл гэж хэлсэн. Л.******* ахын эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь үнэн. Нөхөр нь байхгүй үед манайд орж ирж зовлон жаргалаа ярьдаг. Бага хүүг маань Л.******* ахын хүүхэд гэж доромжилдог. Яг энэ сэдвээр 30 гаран жил намайг доромжилж амьдарч байна. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Л.******* ах гаднаас орж ирэхэд хаалга онгорхой байсан. Амралтын өдөр байсан тул би гэртээ их цэвэрлэгээ хийж байсан. Цэвэрлэгээ хийж байхад чимээгүй болохоор нь унтчихсан юм байна гэж бодоод гадаа хаалгаа цоожлоод цэвэрлэгээгээ хийж байсан. Гэтэл хаалга өшиглөх чимээ сонсогдсон. Очоод тайлахад үмхий хар янхан минь чиний шоронд амьдраагүй шүү гэхээр нь та юу гээд олон юм яриад байгаа юм бэ? гээд би гэр лүүгээ орсон. Тэгснээ чам шиг хуйхай хар янхныг хэн тоодог юм бэ? байрнаас зайл гэхээр нь би чи өөрөө зайл гэж хэлсэн. Жорлон орж бие засчхаад гараад ирсэн чинь чамайг алчихсан байхад гэрч байхгүй шүү. Үмхийрчихсэн байхад чинь ч чам дээр орж ирэх хүн байхгүй юм байна лээ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би айсандаа шууд цагдаа дуудсан. Согтох болгондоо манай хаалгыг ирж өшиглөж, намайг зайл гэж хэлдэг. Би энэ хүмүүстэй сайн, муу харьцдаггүй. Эмнэлгийн чиглэлээр бариа засал хийдэг болохоор ядарч ирээд гэртээ шууд амардаг. Би хүүхдээ алдсаны дараа сэтгэл санаа хямраад нойргүй болсон. Надаас уучлалт гуйх нь байтугай манай бага хүү гэртээ ирээд хоноход хаалга онгорхой байсан. Гэтэл Л.******* ах утсыг нь хулгай хийгээд аваад явчихсан байсан...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Л.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн*******,******* тоотод хөрш хохирогч Ж.*******тай “хаалга түгжлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохин зодож хохирогч Ж.*******ы биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:
/хх-28-30 дугаар тал/
/хх-16-17 дугаар тал/
/хх-37 дугаар тал/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь хохирогч Ж.*******ы нүүр рүү гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 331 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн*******,******* тоотод хөрш Ж.*******тай “хаалга түгжлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохин, зодож хохирогч Ж.*******ы биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.*******ы зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.ын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, хохирогч Ж.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг, хохирогч Ж.*******ы хувийн байдалтай холбоотойгоор, шүүгдэгч Л.*******ын хувийн байдалтай холбоотой баримтуудаар тогтоогдож байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг нотлон тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц хангалттай гэж үзлээ. Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцогч нараас хавтас хэрэгт цуглуулсан нотлох баримтаас хасуулах, үнэлэхгүй орхих талаар санал гаргаагүй болно. Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед өөрийн гэр болох Налайх дүүргийн*******,******* тоот хаягт байрлах, дотор хэсэгтээ 3 айл зэрэгцэн амьдардаг байранд эхнэр С.ын хамт очтол гэрийн хаалга түгжээтэй байсан байна. Тэрээр цоожтой хаалгыг 10 орчим минут тогшиход хөрш Ж.******* нь хаалга онгойлгож өгөн тэдний хооронд “өдрийн цагаар хаалга түгжлээ” гэх хувийн таарамжгүй харилцаа үүсэж улмаар Л.******* нь Ж.*******тай маргалдан түүний хоолой хэсгээс боож, нүүр хэсэгт гараараа цохиж зодон хохирогч Ж.*******ы биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас Ж.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.*******ы зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.аас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, Иргэний нэхэмжлэгч Ж. нь шүүгдэгч Л.*******аас хохирогч Ж.*******ы эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд төлөгдсөн 505,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөр төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Л.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 505,000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Ж.*******д төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Л.******* нь хохирогч Ж.*******ы биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ хүнээс болоод эм тарианы мөнгөө өөрөө гаргаад нийгмийн даатгалын төлбөрөө өөрөө төлөөд явж байгаа тул гомдолтой байна...” гэх хүсэлт гаргасан хэдий ч хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 505,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв
Харин шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчээс 505,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ