| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/3563/И/ |
| Дугаар | 3506 |
| Огноо | 2020-09-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 3506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ........ дүгээр хороо, Бага тойруу гудамж, .... байр, ... тоотод оршин суух ............ буурал овогт ....... Ч.Ц /РД:........../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах НШШГГт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн ..........дүгээр хороо, Бага тойруу, .........дугаар байр,... тоотод оршин байрлах, “ОИББСБ” ХХК,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд хийсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар тогтоосон журмын дагуу НШШГГ нь Ч.Ч.Цгийн өмчлөлийн үл хөдпөх хөрөнгийг хураан авсны дараа өмчлөгч Ч.Ч.Цгээс үнийн санал албан ёсоор авч, талуудын хооронд үнэ тохиролцуулах арга хэмжээ авах ёстой. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Ч.Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2020.06.09-ний өдрийн 15260200/01 тоот тогтоолоор хураан авсныхаа дараа өмчлөгч Ч Ч.Цгээс үнийн санал авалгүйгээр 2020.06.18-ны өдрийн 6/315 тоот тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын энэхүү үйлдэл нь холбогдох хуулиудаар тогтоосон үнэлгээний журам болон өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болж байна.
“Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 дүгээр зүйлд “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, мөн хуулийн 9.2.3 дугаар зүйлд “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Ч.Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020.06.29-ний өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 дүгээр зүйл болон 9.2.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч Ч.Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинжбайдал, зах зээлийн үнэлгээ тогтооход ашигтай давуу талуудыг огт судлаагүй, үндэслээгүй, тэр талаар үнэлгээний тайланд ч тусгагдаагүй байна. Түүнээс гадна үнэ тогтоосон үндэслэл нь тодорхой бус байна. Мөн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020.06.29-ний өдрийн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн тухай хуулийн 9.3 дугаар зүйлд заасан бүх мэдээллүүд бүрэн дүүрэн бодитой тусгагдаж чадаагүй байна. Тухайлбал “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9.3.8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл” нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020.06.29- ний өдрийн үнэлгээний тайланд бодитой тусгагдаж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ч.Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ........дүгээр хороо, Бага тойруу гудамж, ......байр, ......... тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь 158.6 м.кв том талбайтай, нэг давхарт байрлалтай тул үйлчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой. Хотын А зэрэглэлийн төв бүсэд байрлалтай зэрэг давуу байдлаараа зах зээлийн бодит үнэ ханш нь багадаа л 700 зуун сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Гэтэл шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК нь нэхэмжлэгч Ч.Ч.Цгийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас хамаагүй багаар буюу 492,263,800 төгрөгөөр үнэлсэн байна. Түүний улмаас нэхэмжпэгч Ч.Ч.Цгийн өмчлөлийн тус үл хөдпөх хөрөнгө үнэгүйдэж, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж, ихээхэн хохирол амсах байдалд шууд хүрч байна. Улмаар НШШГГ нь шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хийсэн хөрөнгийн тус үнэлгээг үндэслэн, түүний 70, 50 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах тул Ч.Ч.Цгийн үл хөдлөх хөрөнгө улам бүр үнэгүйдэж, энэ бүхний эцэст Ч.Ч.Ц эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд шууд хүрч байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.05-ны өдрийн 101/Ш32020/14963 дугаартай захирамжаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.11.18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн билээ. Гэтэл НШШГГ нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, улмаар 2020.08.07-ны өдөр Ч.Ч.Цгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн .......... дүгээр хорооны Бага тойруу гудамжны .......... дугаар байрны .......... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Ч.Ч.Ц миний бие нь шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжпүүлэн явуулж, улмаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020.08.07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг 2020.08.26-ны өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан олж мэдлээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.08.07-ны өдөр зохион байгуулсан нэхэмжлэгч Ч.Ч.Цгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ......... дүгээр хорооны Бага тойруу гудамжны....... дугаар байрны ...........тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах асуудлаар НШШГГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч тэдгээр холбогдох байгууллага, албан тушаалтнууд нь нэхэмжлэгч Ч.Ч.Цгийн гомдлыг хангахаас татгалзсан болно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээг болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.08.07-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Лхагважавын Энхтүвшингээс 232.928.000 төгрөгийг гаргуулж “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.Энхтүвшинд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн **** тоот 158.6 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ий өдрийн 164/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15260200/01 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдэхэд хөндлөнгийн шинэжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйнт” ХХКомпаниар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг төгрөгөөр үнэлсэн тул 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4- 162/24419 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 344.584.660 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй болно.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/14963 дугаар захирамжийг манай алба 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан. Уг захирамж гарсан болохыг манай байгууллага мэдээгүй байсан тул 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсан. Гэвч уг дудулага худалдаагаар Ч.Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдаа явуулахад манай байгууллагын буруу байхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч.Ч.Цгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Лхагважавын Энхтүвшингээс 232.928.000 төгрөгийг гаргуулж “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдэхэд хөндлөнгийн шинэжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйнт” ХХКомпаниар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг төгрөгөөр үнэлүүлсэн. Шинжээч “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-иас 492,263,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч мэдсэн атлаа шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх атлаа түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Анхны албадан дуудлага худалдаан хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчаас гаргасан тайлбартай санал нэг байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ч.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн ........ байрны ... тоот 158.6 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Энхтүвшингээс 232,928,000 төгрөг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгож, Чингэлтэй дүүргийн ........ дүгээр хороо, Бага тойруу, ............байрны ........ тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаартай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. Тус шүүхийн шийдвэрт 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 211 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ч.Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн .......дүгээр хороо, Бага тойруу, .......... байрны .......... тоотод байрлах 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ий өдрийн 164/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15260200/01 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураажээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй буюу төлбөр төлөгч Л.Э-ээс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “...үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөхөөс татгалзаж байна” гэж, өмчлөгч Ч.Ч.Цгээс 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “...зах зээлийн үнийн ханшийг хэлж мэдэхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү...” гэж тус тус тайлбар ирүүлжээ.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/315 тоот тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь өгөөгүй тул хариуцагч НШШГГ шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.
Шинжээч “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 492,263,800 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ тухай НШШГГ 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4-162/24419 тоот мэдэгдлээр төлбөр авагч, төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгджээ.
Нэхэмжлэгч Ч.Ч.Ц нь шинжээч “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-иас гаргасан үнэлгээг хууль зөрчиж гаргасан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
“Хөрөнгө-Эстимэйнт” ХХК нь хөрөнгөд, зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн орон сууцны зах зээлийн үнийг 492,263,800 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.
Мөн шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Шинжээч “Баян модот” ХХК нь дүгнэлт гаргахдаа үндсэн хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх орчны шинжилгээ, өртгийн хандлагын үнэлгээний тооцоо, орлогын хандлагын үнэлгээний тооцоо, зах зээлийн хандлагын тооцоо зэргийг судалж, үнэлгээ гаргахтай холбоотой Монгол Улсын хууль, стандарт зэргийг мөрдлөгө болгон гаргасан байна.
Иймд шинжээч “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч нь “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн болохоо тэрээр нэхэмжлэлдээ дурдсан. Гэвч нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/14963 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Уг захирамжийг хариуцагч НШШГГ нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 04/2744 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан байх ба дуудлага худалдаа явагдсан тус өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг хариуцагч мэдээгүй байна. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хууль зөрчиж анхны албадан дуудлага худалдаа явуулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Ч.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “...шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд явуулж, миний биеийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. Харин нэхэмжлэгч миний өмгөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд биечлэн оролцох болно” гэж хүсэлт гаргасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох Чингэлтэй дүүргийн ........ дүгээр хороо, Бага тойруу, .......... байрны .......... тоотод байрлах 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээг болон 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Ч.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ