Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/шцт/05

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2333000000139 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл * эхнэр хүүхдийн хамт **** аймгийн ***** сумын ***** 2-р баг, ***** хөдөө оршин суух, **** овогт ****** (РД*******).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ***** аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газраас зөвшөөрөлгүйгээр гар хөрөө ашиглаж ойд мод бэлтгэсэн, **** СЭА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр 30 ширхэг 1 м.куб Шинэс модыг тээвэрлэж экологи эдийн засагт 481,873 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 1,445,619 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 58-р хуудас/,

2.Иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 58-р хуудас/,

3.Гэрч *******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64-р хуудас/,

4.Гэрч ******* өгсөн /хавтаст  хэргийн 66-67-р хуудас/,

5.2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2333000000139 дугаартай прокурорын тогтоол /хавтаст  хэргийн 70-73-р хуудас/,

6.2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай Орхоны бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-35-р хуудас/,

7.2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01-29-02/279 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 40-р хуудас/,

8.2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 47-48-р хуудас/,

9.2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-16, 17-18-р хуудас/,

10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст  хэргийн 82-83-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлон тогтоогдож  байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуулыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Прокурорын газраас шүүгдэгч *******г зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газраас бэлтгэсэн, ******* эзэмшлийн - СЭА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр 30 ширхэг 1 м.куб Шинэс модыг тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд 1,445,619 төгрөгийн хохирол учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай”саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 104-105-р хуудас/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохиролд 1,455,619 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 99-р хуудас/,

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан - СЭА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нь ******* тээврийн хэрэгсэл болох нь иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар *******гийн хувьд ноогдох хөрөнгөөс 1,500,000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 талдаа модон бариултай 90см урттай модны  төмөр хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 30 ширхэг 1 м3 куб модыг хураан авч улсын орлогод оруулж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ***** СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** овогт **** С.Ц зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***** мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар С.Ц***** хувьд ноогдох хөрөнгөөс 1,500,000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 талдаа модон бариултай 90см урттай модны  төмөр хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 30 ширхэг 1 м3 куб модыг хураан авч улсын орлогод оруулсугай.

6.2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч Ц.**** буцаан олгосугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН