Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 3661

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Унгар улс, .......... хот, Н-1135 гудамж, ........... дугаар байр, 5 дугаар давхар ........... тоот хаягт оршин суух, Ү.Дгийн Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах НШШГГт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  НШШГГ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03232 дугаар шийдвэрээр Г.Т-Э нараас 236,725,993 төгрөг гаргуулж, Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу НШШГГ нь Д.Д.Агийн хамтран өмчлөх дундын өмч болох Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө    ...... дугаар дугаар байр, ... тоотод байх Ү-...........бүртгэлтэй орон сууцыг шинжээчээр үнэлүүлж дуудлага худалдаанд оруулсан байна. НШШГГ ийнхүү шинжээч томилж үнэлүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Д.Агаас үнийн санал аваагүй байна. МУ-ын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д шийдвэр гүйцэтгэгч талуудаас үнийн санал авна. Үнийн санал нийлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх тухай зохицуулалтай. Гэтэл НШШГГ нь дээрх зохицуулалтыг зөрчин Д.Д.Агаас үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон байна. НШШГГ одоо энэ хууль бус ажиллагаагаа үргэлжүүлж 2 дахь дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

  Миний бие хэргийн материал болон эрх үүрэгтэйгээ бүрэн танилцаж гарын үсэг зурагдсан. Мөн шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 13 цаг 30 минутад болохыг мэдлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан үндэслэлээр шүүх хурлыг нэхэмжлэгч талын эзгүйгээр явуулж, хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрээр Г.Т-Э, Ү.Д нараас 236.725.993 төгрөгийг гаргуулж “Капитал континент инвестмент” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн ....дүгээр хороо, .... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ... дугаар байрны ....тоот, мөн байрны ....тоот хаягт байрлах орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 18261200/01, 18261200/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хугацаа тогтоож, тоггоолуудын нэг хувийг төлөгч, өмчлөгч Г.Т-Э, Ү.Ү.Д нарт танилцуулж, гарын үсэг зуруулан энэ тухай тэмдэглэлд тусгасан. Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөрт битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр төлөгч Г.Тунамал- Эрдэнэ, Ү.Ү.Д нарыг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18261200/07, 18261200/08 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч Г.Т-Э, Ү.Ү.Д нараас үнийн санал авахад ... тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 540 саяар, ....тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай орон сууцыг 250 сая төгрөгөөр тус тус үнэлсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичгээр ирүүлсэнийг төлбөр авагч “Капитал континент инвестмент ББСБ" ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/1126 дугаар албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн. Төлбөр хураагдсан хөрөнгийн үнийг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 261 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд" ХХК-ийг томилоход, 27 тоот орон сууцыг 180,200,000 төгрөгөөр, 43 тоот орон сууцыг 126,600,000 төгрөгөөр тус тус үнэлсэнийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/18070, 4/18071 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Г.Т-Эд биечлэн, Ү.Ү.Дд 95956077 дугаарын утсаар холбогдон мэдэгдэж, №54-01, №54-02 дугаартай үнэлгээний тайланг танилцуулж хуулбарлан өгч энэ тухай тэмдэглэл хөтөлсөн.  Үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн боловч худалдан борлогдоогүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/Ш32019/01331 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлэхэд 27 тоот орон сууц нь 92,100,000 төгрөгөөр, 43 тоот орон сууц нь 65,300,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Мөн төлбөр төлөгч Ү.Ү.Д, Г.Т-Э нар нь хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулагдсаны дараа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барьцаа хөрөнгөнүүд худалдан борлогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаа авах талаар тайлбар гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөх баталгаа гаргаж төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнээс орж ирэх хөрөнгө оруулалтаар төлбөрөө төлж барьцаа хөрөнгөнүүдээ буцааж авна гэдгээ илэрхийлсэн боловч одоог хүртэлх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгч Г.Т-Э, Ү.Ү.Д нар нь шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргах, дуудлага худалдаа зохион байгуулагдаад дууссаны дараа төлбөр төлөх тайлбар, баталгаа гарган өгөх замаар хугацаа авч одоог хүртэлх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулсаар байна.  Нэхэмжпэгч Д.Д.А нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоох буюу үнийн санал авах ажиллагаа явуулах үед /2018 оны 10 дугаар сард/ Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн буюу 17 настай хүүхэд байсан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэгт “...Иргэний эрх зүйн чадамжгүй, иргэний эрх зүйн зарим, эсхүл иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Д.Аг түүний төрсөн эцэг Ү.Ү.Д, эх Г.Т-Э нар нь бүрэн төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон. Иймд шийдвэр гүйцэтгзх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д.Б  нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж  байна.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00532 дугаар тогтоолоор Г.Т-Э, Ү.Ү.Д нараас 236,725,993 төгрөгийг гаргуулж “Капитал континент инвестмент ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. Тус шүүхийн шийдвэрт 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 782 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдсан байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Г.Т-Э, Ү.Ү.Д, Д.Д.А, Д.Сундуй нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ....дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ... дугаар байрны .....тоотод байрлах 109.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Ү.Ү.Дгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, .... дугаар байрны .... тоотод байрлах 77.02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, хураажээ.

 

Нэхэмжлэгч Д.Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д.Баас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон буюу талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 27 тоотод байрлах 109.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц байна. Иймд шүүх уг орон сууцанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар дүгнэлт өгсөн болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй буюу төлбөр төлөгч нараас 27 тоот орон сууцыг 540,000,000 төгрөгөөр төлбөр авагчаас хүлээн зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх тайлбар ирүүлжээ.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 261 тоот тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилжээ.  Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-иас 27 тоотод байрлах орон сууцыг 180,200,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

 Битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналт төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул хариуцагч НШШГГ  шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.

 

 Мөн талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгч нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1024 дүгээр магадлал хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Д.Агаас үнийн санал аваагүй нь шийдвэр ажиллагаа хууль бус явагдсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу талуудаас үнийн санал авах үед буюу 2018 онд нэхэмжлэгч Д.Д.А нь насанд хүрээгүй байсан болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспортын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Д.Д.Агийн эцэг, эх болох Г.Т-Э, Ү.Ү.Д нараас үнийн санал авах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Нэхэмжлэгч Д.Д.А нь хожим буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авсанаас хойш насанд хүрсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.  

 

Иймд шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч НШШГГ нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байна.  

 

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9 дүгээр тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  зохион байгуулахаар товлосныг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хуульд заасан журмын дагуу мэдэгджээ.

 

Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар талуудын маргааны зүйл худалдан борлогдсон болох нь төлбөр төлөгч нараас НШШГГт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “...2 дахь дуудлага худалдаатай холбоотой гомдол санал байхгүй. Харин 2 сарын хугацаа авч зарагдсан хөрөнгийг буцаан авах хугацаа олгоно уу”  гэх хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4-161/32448 тоот мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. Иймд худалдан борлогдсон эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт ирүүлсний дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ... дугаар байрны ...тоотод байрлах 109.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ