| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/02903/И |
| Дугаар | 3320 |
| Огноо | 2020-09-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 3320
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ...дугаартай Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтцийг шинэчлэн батлах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны ......дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2020 оны 04-р сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, уг цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Засгийн газрын тухай хуульд заасан эрхийн хүрээнд сайд сангийн бүтцийг баталсан, уг тушаалаар баталсан бүтцээр дэд захирлын албан тушаал хасагдсан, бүх зүйл хуульд заасан журмаар явагдсан, сайдын тушаалтай холбогдох шаардлага нь харьяалал зөрчиж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ........ тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтцийг шинэчлэн баталсан байна. /хэргийн 118-119 дүгээр тал/
Улмаар сангийн бүтэц өөрчлөгдөж байгаа талаар нэхэмжлэгчид 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн болох нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/427 дугаар албан тоот, мэдэгдэл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 64- 65 дугаар тал/
Ийнхүү бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан талаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д нийцнэ.
Энэхүү ... тушаал гарсантай холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... тушаалаар нэхэмжлэгч А.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 9 дүгээр тал/ Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь ..... тушаалаар орон тоо цөөрөөгүй гэж маргасан бол хариуцагч нарын төлөөлөгч нь орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байна.
Улмаар хариуцагч нарын төлөөлөгч нь ийнхүү дэд захирлын орон тоог хасаж, зээлийн мэргэжилтний орон тоог нэмж сангийн бүтэц баталсан нь Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 1.3-т зааснаар бүх төрлийн дэд захирал, дарга нарын орон тоо хасагдсан тул шаардлагагүй албан тушаал болох дэд захирлын албан тушаалыг хасаж, улмаар шаардлагатай албан тушаал болох зээлийн мэргэжилтний албан тушаалыг нэмсэн гэж тайлбарласан.
Гэвч дээрх ... тушаалаар сангийн бүтцийг баталснаас хойш 5 сар гаруй хугацааны дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ........ тушаалаар шинээр зохион байгуулагдсан, өөрөөр хэлбэл сангийн эрх, үүргийг залгамжлан авсан Жижиг, дунд үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байна. Ийнхүү газрын бүтцийг шинэчлэн баталсан ............тушаалын хавсралтыг судлан үзвэл орон тоо нэмэгдсэн, өөрөөр хэлбэл дэд даргын албан тушаалыг баталсан байгаа нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад дэд даргын албан тушаал шаардлагатай гэж үзжээ.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хэрэг хөтлөлтийн журмын 2.2-т сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаал гаргах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулсан байна. Үүнд тушаал гарахын өмнө урьдчилан танилцуулга хийгдэж, улмаар холбогдох газар, хэлтсийн дарга нараас санал авсны дараа сайд, төрийн нарийн бичгийн дарга нар тушаалыг гарах талаар заажээ. Уг журам өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа болох нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн .....тушаал, түүний танилцуулга, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ...... тушаал, түүний хөтөлбөрөөр тогтоогдож байна. /хэргийн 115-117, 123-131 дүгээр тал/
Харин сайдын ..... тушаал гарахдаа дээрх журмын дагуу танилцуулга хийгдээгүй болох нь хариуцагч нарын төлөөлөгчийн ......... тушаалын танилцуулгын талаар яамны архивт баримт байхгүй гэх тайлбараар тогтоогдсон.
Мөн зохигчийн маргаж буй ........ тушаал нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гарсан боловч холбогдох газар, хэлтсийн дарга нараас санал аваагүй болох нь төсөлд санал авах хуудасны хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 120 дугаар тал/ Үүнийг тодруулбал 11-ний өдөр тушаал гаргасан боловч зарим газар, хэлтсийн дарга нар 12-ны өдөр санал өгч байгаа нь маргаж буй .... тушаал гарах үед дээр дурдсан албан хэрэг хөтлөлтийн журмыг баримтлаагүй, харин зөвхөн нөхөж бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд хэдийгээр сайд нь сан буюу газрын бүтцийг батлах эрхтэй боловч дээр дурдсан журмыг баримтлаагүй, холбогдох албан тушаалтанд танилцуулга хийгдээгүй, санал аваагүй, ажиллагааны алдаатай байх тул хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзнэ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ....... тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, маргаж буй А-81 дүгээр тушаал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дүрмийн 6.1.10, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөдөлмөрийн дотоод журмын 4.16 болон ........ тушаалыг танилцуулсан албан тоотыг үндэслэсэн байна. Улмаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирлын албан тушаал хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч А.Аг ажлаас чөлөөлжээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн .. тушаалын үндэслэл нь маргаж буй ..... тушаалаар дэд захирлын албан тушаал буюу орон хасагдсан гэж үзсэн. Гэвч дэд захирлын албан тушаалыг хасаж, бүтэц баталсан ....... тушаал нь дээрх үндэслэлээр хууль зүйн хувьд үндэслэлгүй, холбогдох журмыг зөрчиж батлагдсан байх тул энэхүү тушаалыг үндэслэж гарсан .... тушаалыг мөн адил үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч нарын төлөөлөгч нь сайдын .... тушаал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан тул иргэний хэргийн шүүхэд хянагдахгүй, нэхэмжлэл нь шүүхийн харьяалал зөрчсөн гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзсэн байх тул гомдлоор хэлэлцэх маргаанд хамаарна. Харин ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь сайдын ........ тушаал байх тул уг тушаалын үндэслэлийг иргэний хэргийн шүүх хянаж, ажил, албан тушаалд эгүүлэн томилох эсэхийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх нь буруу биш юм.
Эдгээр үндэслэлээр нь нэхэмжлэгч А.А өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлтэй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ..тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулах хөтөлбөр, газрын бүтцийг баталсан байна. /хэргийн 123-131 дүгээг тал/
Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн .... тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгаж, улмаар үндсэн чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн байна. /хэргийн 53-54 дүгээр тал/
Ийнхүү Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдсан ба бүтцэд дэд даргын албан тушаал батлагджээ. Харин нэхэмжлэгч нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байх цаг хугацаанд дэд захирлын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд ажил, албан тушаалд эгүүлэн томилох тул түүнийг Жижиг, дунд үйлдвэрийн газрыг дэд даргын албан тушаалд томилох нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарна гэж үзлээ.
Нэгэнт ажил, албан тушаалд эгүүлэн томилсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан нийт хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ...... шийдвэрээр нэхэмжлэгч А.А.г Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон. /хэргийн 10-15 дугаар тал/ Улмаар шүүхийн шийдвэрийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ....... тушаалаар биелүүлсэн байна. /хэргийн 6 дугаар тал/ Гэвч 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас буцаан чөлөөлсөн. Үүнээс үзэхэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн .... тушаалаар баталсан журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ......, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ...... шийдвэрт нэхэмжлэгчийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг сарын 1,366,816 төгрөг, өдрийн 64,472 төгрөг гэж тогтоогдсоноор энэ хэрэгт нэхэмжлэгчийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл 4 сар, ажлын 30 хоног өнгөрсөн байна. Үүнээс түүнд олгох ажилгүй байсан хугацааны олговрыг тооцвол 4 сард 5,467,264 төгрөг, 30 хоногт 1,934,160 төгрөг, нийт 7,401,424 төгрөг тооцогдоно.
Түүнчлэн нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар олговроос нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удиртгал болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 3-р сарын 11-ний өдрийн .....дугаартай Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтцийг шинэчлэн батлах тухай тушаал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ....... А.А.г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тооцож, нэхэмжлэгч А.А.г хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэд даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацаанд ногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч нараас 7,401,424 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хэмжээнд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 203,573 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД