Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 3738

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...дүгээр байр, .... тоотод оршин байрлах “ҮА” ХХК /РД:5...../,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ...дугаар хороолол, ...дүгээр байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр .... тоотод түр оршин суух Хүдэн овогт Тувааны Т.П /РД:...../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ....угаар хороо, Намъяанжүгийн гудамж, Их тойруу 1....., “Хос” худалдааны төвд байрлах “Х” ХХК /РД:...../-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн ....дүгээр хороо, Стадион Оргил зайсангийн гудамж, Оргил стар хотхон, ...дүгээр байр .... тоотод байрлах, “С” ХХК /РД:.../,

 

  Түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 43,614,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч З.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Л., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Т.Т.П захиралтай “ҮА” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Х” ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн ....дугаар хороонд байрлах “Хос” Худалдааны төвд 9 м.кв талбайг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор сарын 450,000 төгрөгөөр түрээслэсэн. Гэтэл 2014 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө “Х” ХХК-ийн байранд хулгай орж, ломбарданд байсан эд зүйл алдагдсан.  Уг гэмт хэрэгт 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул маргаж буй иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

 

            Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст хянагдаж байсан эрүүгийн ................. дугаартай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулиар 5 жил тул 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй болсон. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Худалдааны төвийн ажлын бус цагт түрээсийн талбайн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг түрээслүүлэгч буюу 'Х” ХХК хариуцахаар заасан байдаг. Энэхүү үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас дараахь хохирол учирсан. Үүнд:  35,388,900 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний алт, мөнгө монетэн эдлэл, бэлэн мөнгө 5,884,930  төгрөг, дахиж ашиглах боломжгүй эвдэлсэн хүндрүүлэгчтэй төмөр сейф 750,000 төгрөг,  алт мөнгөн эдлэл хэмждэг жин алга болсон 50 000 төгрөг, хяналтын камер бүрэн эвдэрч хэмхэрсэн 350,000 төгрөг, нотариатын төлбөр 191,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1,000,000 төгрөг,  нийт 43,614,830 төгрөгийн хохирол учирсан. Түрээслүүлэгч “Х” ХХК нь ажлын бус цагаар түрээсийн талбайн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах үүргээ биелүүлээгүй. Уг хулгай нь шөнийн цагаар гарсан байдаг. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 43,614,830 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү   гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д заасныг зөрчиж, “Ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлага хангасан талаарх дүгнэлт" гаргуулаагүй үйл ажиллагаа эрхэлсэн. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тоггоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д заасныг зөрчиж, гэрээ байгуулаагүй, бүртгүүлээгүй үйл ажиллагаа явуулсан. Мөн Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд заасныг зөрчиж, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний MNS 5274:2003 сандарт”-ыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан.  Ажлын байр түрээслэх гэрээний 3.8, 3.10, 3.18, 3.20, 3.21, 6.7 зэрэг заалтуудыг зөрчсөн. “Х” ХХК-ийн “Хос” худалдаа үйлчилгээний төвийн ажиллах дотоод журмын 4.3 дахь заалтыг зөрчсөн. “Х” ХХК-ийн харуул, хамгаалалтыг хариуцаж ажиллаж байсан “Сейфмарт” ХХК-тай сайгуулсан гэрээний 3.1.6, 3.1.7, 3.1.10,4.2.1,4.2.5 дахь заалтуудыг зөрчсөн. Нэхэмжлэгч “ҮА" ХХК-ийн 2014 оны санхүүгийн тайланд 4,400,000- 5,000,000 төгрөгөөс өөр хөрөнгө бүртггэгдээгүй атлаа 35,388,900 төгрөгийн үнэт эдлэл, 5,884,930  төгрөгийн бэлэн мөнгө байсан гэдэг нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид хохирол учруулсан этгээд тоггоогдоогүй, дотроосоо байх үндэслэлтэй. Хохирлын хэмжээ тогтоогдоогүй, дотроосоо өөрсдөө авч хэрэглэдэг, баримтууд шаардлага хангахгүй, бүхэлдээ эргэлзээтэй. Шаардлага хангахгүй баримтуудыг нотариат гэрчилсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан "харуул хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой үүргийн гүйцэтгэлийг дүгнэхдээ "харуул хамгаалалт, аюулгүй байдал"-тай холбоотой асуудлаар талуудын хүсэл зориг ажлын байр түрээслэх гэрээнд хэрхэн тусгагдсаныг нарийвчлан тогтоох, мөн Монгол Улсын стандарт хууль тогтоомжоор барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа этгээд "харуул хамгаалалт, аюулгүй байдал"-ын асуудлаар ямар үүрэг хүлээсэн болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай. Талуудын хооронд байгуулсан "Ажлын байр түрээслэх гэрээний 2.7-д, 3.10, 3.20-д тус тус түрээслэгчийн үүргийг тодорхойлсон байна. Үүнээс дүгнэхэд худалдааны төвийн ажлын бус цагт түрээсийн талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах түрээслүүлэгчийн үүрэг нь "түрээслэгч ажлын цаг дуусмагц харуул хамгаалтын ажилтанд ажлын байраа хүлээлгэн хүлээлгэн өгсөн" үеэс эхлэхээр маш тодорхой заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ажлын цаг дуусмагц ажлын байраа харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгөөгүй. Хэрэв ажлын байраа харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн егөөгүй бол үүнээс учирсан хохирлыг түрээслэгч өөрөө хариуцахаар гэрээний 3.10-т тодорхой заасан байна. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас учирсан хохирол хэмээн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

        Нэхэмжлэгч "ҮА" ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч нь нийтэд хандсан үйлчилгээ явуулдаг, бусдын эд хөрөнгийн эрхэд тодорхой байдлаар нөлөөлдөг, барьцаанд тавьсан бусдын эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг хүлээдгийн хувьд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын стандартыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5274:2003 гэсэн Монгол Улсын стандарт хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү стандартын 6.3-т “Үйлчилгээний газар /барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ/ нь дохиолол хамгаалалтад бүрэн хамрагдаж, зээлдэгчийн эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах боломж, ажлын байрны нөхцлийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагаар/цагдаа, галын байгууллага/ тус тус дүгнэлт гаргуулсан байна, 6.13-т “Зээлдүүлэгч нь ажлын байраа барьцаалан зээлдүүлэх газрыг харуул хамгаалалтанд үлдээхдээ эд материалын жагсаалтаар бус хаалганы лац, цонхны бүрэн байдлаар хүлээлгэн өгч бүртгэл хөтөлнө” гэж тодорхой заасан байна. Гэтэл "ҮА" ХХК нь дохиолол хамгаалалтанд хамрагдаагүй болох нь хулгайн хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад хохирогч Т.Т.Пийн өгсөн мэдүүлгээр нотлогддог. Мөн нэхэмжлэгч нь ажлын дараа барьцаалан зээлдүүлэх газрыг харуул хамгаалалтанд хаалганы лац, цонхны бүрэн байдлаар хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэгч нь өөрөө хууль тогтоомж, стандартаар тогтоосон шаардлага, үүргийг биелүүлээгүй байж бусдаас хохирол нэхэмжлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.

         "С" ХХК нь тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас олгосон гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу гэрээт хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байсан. "С" ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 2013.08.14-нд Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалт, Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1.7-д зааснаар үйлчлүүлэгч нь “хамгаалалтанд авагдсан байр, өрөө тасалгааг цоожтой байлгаж, ажлын бус цагаар цоожлон лацдаж, түлхүүрийг харуул хамгаалалтын алба хаагчид хүлээлгэн өгөх”,  “эд хөрөнгө агуулж байгаа өрөө, тасалгаа агуулахыг  заавал лацдаж, лацыг хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгөх” үүргийг хүлээсэн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн өдөр өөрийн түрээсийн өрөөг лацдаж, лацыг харуул хамгаалалтын албанд хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэгч нь өөрөөс шалтгаалах хууль, стандарт болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байж ажлын байр түрээслэх гэрээний улмаас учирсан хохирол хэмээн 43,614,830 төгрөг нэХж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “ҮА” ХХК болон Т.Т.П нар нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 43,614,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ҮА” ХХК-ийн захирал Т.Т.П нь  хариуцагч “Х” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Хос” худалдааны төвийн байрнаас 1 давхарт байрлах 9 м.кв талбай бүхий 114 тоот өрөөг ломбард ажиллуулах зориулалтаар 1 жилийн хугацаатай, түрээсийн төлбөрт сарын 450,000 төгрөг төлөх нөхцөлтэй байгуулсан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан.  Гэвч түрээслэгч тал нь Хос худалдааны төвд байрлах талбайг бүхэлд нь түрээслээгүй тул дээрх хуульд заасан хэлбэрийн шаардлага хамааралгүй болно.

 

Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэрээний зүйл болох 114 тоотод байрлах 9 м.кв талбай бүхий өрөөнд хулгай орж, “ҮА” ХХК-ийн ажиллуулж байсан барьцаалан зээлдүүлэх газарт байсан эд хөрөнгө алдагдсан болох нь талуудын тайлбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2491 дүгээр тогтоол зэргээр тогтоогдсон.

 

Тус эрүүгийн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

 

Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2.7-д заасан үүргээ хариуцагч нь хангалтгүй биелүүлээгүйгээс дээрх хулгай орж, гэрээний улмаас хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч нь талуудын байгуулсан гэрээний 3.8, 3.10, 3.20, 6.7-д заасан үүргээ нэхэмжлэгч нь өөрөө биелүүлээгүй, зохих стандарт, жрумын дагуу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулаагүй тул түүнд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж тус тус маргасан.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч “ҮА” ХХК нь 2014 онд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгуулаагүй, түрээсийн байранд дохиолол, хамгаалалт суурилуулаагүй, 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр харуул хамгаалалтын ажилтанд түрээсийн талбайг лацдаж хүлээлгэж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон боловч энэ нь түрээслүүлэгчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэлд хамаарахгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт харуул хамгаалалтын ажилтанд түрээсийн талбайг лацдаж хүлээлгэн өгдөг бүртгэлийн дэвтэр байдаггүй талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Дээрх үйл баримтаас үзэхэд харуул хамгаалалтын ажилтанд ажлын байраа хэрхэн хүлээлгэж өгөх эсэх нь тодорхойгүйгээс гадна харуул хамгаалалтын ажилтанд ажлын байр хүлээлгэж өгөх үүрэг нь зөвхөн түрээслэгч талын үүрэгт хамаарахааргүй байна. Уг үүрэг нь мөн түрээслүүлэгч талд хамааралтай буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өрөө тасалгааг журмын дагуу хүлээн авах үүрэгтэй.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.7-д “Худалдааны төвийн ажлын бус цагт түрээсийн талбайн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг түрээслүүлэгч тал хариуцна” гэж заажээ. Уг гэрээний зохицуулалтаас үзэхэд ажлын бус цагаар түрээсийн талбайн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэг нь  түрээслүүлэгч “Х” ХХК-д хамаарч байна.

 

Хариуцагч “Х” ХХК нь уг үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээ “...харуул хамгаалалтын байгууллага болох С ХХК-тай гэрээ байгуулах замаар биелүүлсэн. Нэхэмжлэгч нь дохиолол, хамгаалалт суурилуулаагүйгээс хулгай орсон” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

 

Талуудын маргааны зүйл болох талбайд шөнийн цагаар хулгай орсон болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар учирсан хохирлоо хариуцагч “Х” ХХК-иас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирлоо 35,388,900 төгрөгтэй тэнцэх хэмжээний алт, мөнгө, монетэн эдлэл, бэлэн мөнгө 5,884,930  төгрөг, дахиж ашиглах боломжгүй эвдэлсэн хүндрүүлэгчтэй төмөр сейф 750,000 төгрөг,  алт мөнгөн эдлэл хэмждэг жин  50 000 төгрөг, хяналтын камерны үнэ 350,000 төгрөг, нотариатын төлбөр 191,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1,000,000 төгрөг,  нийт 43,614,830 төгрөг гэж тодорхойлсон.

 

Гэвч нэхэмжлэгч тал дээрх 43,614,830 төгрөгийн хохирол учирсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Тодруулбал,

 

Түрээсийн талбайд хулгай орох үед нийт 35,388,900 төгрөгтэй тэнцэх хэмжээний алт, мөнгө, монетэн эдлэл байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэсэн. /2-р хх-ийн 117-118 дугаар тал/

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар “ҮА” ХХК-ийн ломбарданд байсан алт мөнгөн үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 35,388,900 төгрөг болохыг тодорхойлжээ. Шинжээч дээрх дүгнэлтийг гаргахдаа “Ломбардад байсан алт, мөнгөн эдлэлүүд хулгайд алдагдсан тул барьцаанд авсан зээлийн хуудсан дээр дурдсан тодорхойлолт, жин зэргийг харгалзан үнэлгээний тайлан бичив. Барьцаанд үнэт эдлэлээ тавьж зээл авсан хүмүүстэй утсаар холбогдож тодруулга хийв. Зарим хүний дугаар нь холбогдох боломжгүй хариу өгөхгүй байлаа” гэжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шинжилгээ хийсэн обьект нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа 1-р хавтаст хэргийн 24-171 дүгээр талд авагдсан барьцаат зээлийн гэрээнүүдэд тусгагдсаныг үндэслэн гаргасан нь учир дутагдалтай.

 

Учир нь дээрх 24-171 дүгээр талд авагдсан баримтуудаас үзэхэд “бөгж, гинж, ээмэг, кулон” гэх мэтээр эд зүйлийг тэмдэглэсэн байх боловч эдгээр эд зүйлийн шинж байдал буюу алт эсэх, монет эсэх, мөнгөн эдлэл эсэх аль нь болох нь тодорхойгүй байна. Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа алт, монет, мөнгөн эдлэлийг  тус бүр хэдий хэмжээгээр тооцож, тэдгээрийн зах зээлийн үнэ цэнийг хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна.

 

Иймд дээрх шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэдэг тул талуудаас дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, дахин шинжээч томилуулах хүсэлтийг хэн аль нь гаргаагүй тул шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Нэхэмжлэгч нь бэлэн мөнгө 5,884,930  төгрөг байсан гэж нэХсэн боловч уг мөнгөн хөрөнгийг хулгай гарах үед түрээсийн байранд байсан эсэхийг тогтоосон баримтгүй, бэлэн мөнгөний данс бүртгэлийн тооцооллыг агуулсан баримтад мэдээлэл хэрэгт авагдаагүй.

 

Түүнчлэн хүндрүүлэгчтэй төмөр сейф 750,000 төгрөг, алт мөнгөн эдлэл хэмждэг жин  50 000 төгрөг, хяналтын камер 350,000 төгрөгийн тус тус үнэтэй болох, мөн эдгээр эд зүйлсийн талаархи баримтаа нэхэмжлэгч хэрэгт баримтаар цуглуулж өгөөгүй.

 

Нотариатын зардалд 191,000 төгрөг нэХсэн атлаа нотариатад төлбөр төлсөн баримтаа нэхэмжлэгч нь хэрэгт хавсаргаагүй. Шинжээчийн ажлын хөлс 1,000,000 төгрөг нэХсэн боловч хэрэгт “Лэндс” ХХК-д ажлын хөлс 440,000 төлсөн баримт авагдсан. /2-р хх-ийн 102 дугаар тал/  Гэвч нэхэмжлэгч нь шинжээч  “Лэндс” ХХК-ийн дүгнэлтийг нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д ажлын хөлс төлсөнтэй холбоотой баримтгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо баримтаар нотлоогүй тул тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

  

“ҮА” ХХК нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг урд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолтой иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талууд өөрт хамааралтай гэх баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан./1-р хх-ийн 239, 2-р хх-21, 40 дүгээр тал/

 

Дээрх хүсэлтийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архиваас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1618 дугаар тогтоолтой хэргийг хэрэгсэхгүй болгох тухай иргэний хэргийг тус шүүхэд татан авсан. Уг татан авсан иргэний хэргээс талууд өөрсдийн гаргуулахыг хүссэн нотлох баримтуудыг /2-р хх-ийн 41-140/ нотариатаар гэрчлүүлж, тус иргэний хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-д холбогдох 43,614,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ҮА” ХХК болон Т.Т.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ