| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/04408/И |
| Дугаар | 273 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 273
| 2020 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2020/00273 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Т
Хариуцагч: С.Я нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 53,049,509 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Т, С.Я нар нь Хас банк ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1110008251 дугаартай зээлийн гэрээ, 1110008251-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1110013925 дугаартай зээлийн гэрээ, 1110013925-01 дугаартай барьцааны гэрээг байгуулан 30,300,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 28,2 хувийн хүүтэйгээр, үндсэн хөрөнгийн болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, дээрх 2 зээлийн дансыг нэгтгэн, зээлийн хугацааг 2018 оны 10 дугаарын сарын 06-ны өдрийг хүртэл сунган, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн дансны дугаарыг 1110015780 болгон өөрчилсөн. Энэ гэрээнд Сангийн Янжмаа нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нар нь дараах хөрөнгөнүүдийг зээлийн барьцаанд барьцаалуулсан. Үүнд:
1. Ачааны автомашин - 1995 онд үйлдвэрлэгдсэн, KN4JAT6S2SKO74013 арлын дугаартай, ..... улсын дугаартай, ногоон өнгөтэй автомашин;
2. Суудлын автомашин - 1997 онд үйлдвэрлэгдсэн, HZJI81-0005582 арлын дугаартай, ....... улсын дугаартай, цагаан өнгөтэй Тоёота Ланд круйзер маркийн автомашин;
3. Орон сууц - Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, .........дугаартай, 29 м.кв талбайтай орон сууц.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь 1110013925 дугаартай зээлийн дансны үндсэн зээлд 3,672,727.28 төгрөг, зээлийн хүүнд 4,981,231.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,641.7 төгрөг, 1110008251 дугаартай зээлийн дансны үндсэн зээлд 26,876,429.2 төгрөг, зээлийн хүүнд 16,342,788.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 56,281.92 төгрөг, 1110015780 дугаартай зээлийн дансны үндсэн зээлд 2,246,285.74 төгрөг, зээлийн хүүнд 6,615,219.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,494.92 төгрөг, нийт үндсэн зээлд 32,795,442.22 төгрөг, зээлийн хүүнд 27,939,239.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 87,418.54 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нар нь 1110015780 дугаартай зээлийн дансны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээл, хүүний эргэн төлөлтийг төлөлгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан 1110008251, 1110013925 дугаартай зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110008251, 1110013925 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар доорх зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд зээлийн үндсэн төлбөрт 27,504,558 төгрөг, зээлийн хүүнд 22,869,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,675,726 төгрөг, нийт 53,049,509 төгрөгийг 1110008251, 1110013925 дугаар зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байна. Иймд Д.Т, С.Янараас 53,049,509 төгрөгийг гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 493,398 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 27 504 558 төгрөг, хүү 22 869 225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 675 726 төгрөг, нийт 53 049 509 төгрөг гаргуулна. Хариуцагч нар нь 2012 он болон 2015 онд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ болон баталгаат барьцааны гэрээ байгуулсан. 2015.10 .28-нд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан. Улмаар зээлийн дансыг өөрчилсөн. Энэ гэрээнд С.Я нь хамтран үүрэг гүйцэтгэгч болсон. Улмаар уг зээлийн гэрээгээр 2 автомашин, 1 орон сууц барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 3 672 727.28 төгрөг, хүүнд 4 981 231.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17 641.70 төгрөг, дараагийн гэрээгээр үндсэн зээл 26 876 429.20 төгрөг, хүүнд 16 342 788.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56 281.92 төгрөг төлсөн. Сүүлийн нэгтгэсэн гэрээгээр үндсэн зээлд 2 246 285.74 төгрөг, хүүнд 6 615 219.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13 494.92 төгрөг төлсөн. Нийт үндсэн зээлд 32 795 442.22 төгрөг, хүүнд 27 939 239.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 87 418.54 төгрөг төлсөн. Сүүлд нэгтгэсэн гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байсаар гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь олон удаа үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж байсан. Иймд өмнөх 2 гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан тул төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч С.Я төлөөлөгч Д.Тнь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр С.Я хамт ХХХК-аас зээл авсан. Эрхэлсэн ажил албан тушаалтай холбоотойгоор зээлээ төлдөг, сайн зээлдэгч байсан. 2012 онд хүү маань өвдөөд МУ-д хагалгаа хийх боломжгүй гээд Тайланд улсад очиж хагалгаанд орсон. Тэгээд зээлээ төлөөд явж байсан боловч 2014 онд миний бие гэнэт муудаж хөдөлмөрийн чадвар алдалттай гээд группд орсон. Ингээд банкны зээл төлөх асуудал үүсээд бэрхшээлүүдтэй болсон. ХХХК-ийн нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх хэрэгтэй болоод байгаа. Мөн 2012 онд хагалгаанд орсон хүүхдийн маань бие 2019 онд дахин муудаад Монголд хагалгаанд орсон. Ийм байдлуудаар удаа дараа амьдрал маань өвчин зовлонтой байгаа учраас ХХХК-ийг тусламж явуулах ажилд хамруулж өгөөч гэж хүсэж байгаа. ХХХК-ийн өмнө тодорхой үүрэг хүлээж үндсэн зээлээ төлөх үүргийг хүлээж байгаа. Зээлээс төлөлт хийхгүй биш зээлээ төлөөд явж байсан талаар нэхэмжлэгч тал хэлж байна. Энэ байдлуудыг харгалзан үзэж, мөн зээл төлөлтөд нийт 60 гаран сая төгрөг төлөгдсөн байгаа анхаарч үзнэ үү. Нэгэнт байр банкны барьцаанд байгаа учраас үндсэн зээлийг барагдуулъя гэсэн хүсэлт гаргаад байгаа. Банкны удирдлагуудтай уулзах хүсэлт гаргаад байгаа. Хүсэлтээ дахиад гаргаж байна. Нэхэмжлэл гаргаад байгаа нь бол зүй ёсных байх.
Эхнэрийн хамт нэхэмжлэгчээс зээл авсан. Хариуцлагатай зээлдэгч байгаад хүүхэд өвдсөн тул хагалгаанд орох болж Тайланд улс уруу явсан. Хагалгаанд орох болоод зээл авсан. Зээлээ төлөөд явж байсан боловч 2014 оны 5 сард миний бие муудаж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж групп тогтоогдсон. Энэ хугацаанд амьдралд хүнд хэцүү бэрхшээл учирсан. Улмаар зээлээ төлж чадаагүй. Мөн хагалгаанд орсон хүүхэд маань дахин бие нь муудаж дахин хагалгаанд орсон. Миний бие ч мөн адил муу байгаа тул нэхэмжлэгчид хандаж тусламжид хамруулж өгөхийг хүссэн. Цаашид надад 53 сая төгрөг төлөхөд хэцүү байна. Би үндсэн зээлээ төлөх хүсэлтэй байна. Зээл авсанаас хойш тодорхой хэмжээний төлбөр төлж байсан. Нийт 60 гаруй сая төгрөг эргэн төлөгдсөн байдаг. Байр маань банкны барьцаанд байгаа тул үндсэн зээлээ төлөхийг хүсэж байгааг нэхэмжлэгчийн удирдлагад хүсэлт гаргасан. 2012 онд 30 саяын зээл аваад 2015 онд 10 гаруй сая үлдсэн дээр нэмж зээл аваад 30 сая 300 000 болсон гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 53,049,509 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болох 27,504,558 төгрөг төлөхийг зөвшөөрч байх боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг амьдралын боломжоос шалтгаалан нэхэмжлэгчийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж, чөлөөлөгдөх хүсэлтэй талаар тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1110008251 дугаар, 30,000,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 10-14 дүгээр тал/ Уг гэрээг 36 сарын хугацаатай байгуулж, сард 2,4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна. Улмаар гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусах байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгажээ. /хэргийн 27 дугаар тал/ Иймд зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шаардах эрхтэй.
Мөн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1110013925 дугаар, 30,300,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан. /хэргийн 19-21 дүгээр тал/ Уг гэрээг 36 сарын хугацаатай байгуулж, жилд 28,2 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ.
Хариуцагч бөгөөд хариуцагч С.Я төлөөлөгч Д.Т нь 2015 оны 1110013925 дугаар зээлийн гэрээг байгуулахдаа өмнөх 2012 оны 1110008251 дугаар зээлийн гэрээг дүгнэж, нэмэлт зээл авсан. 2012 оны 1110008251 дугаар зээлийн гэрээний дагуу 10 гаруй сая төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байсан тул нэмж 18 орчим сая төгрөг аваад нийт 30,000,000 төгрөгний зээл болсон гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх тайлбарыг үгүйсгэж, тус тусдаа зээлийн гэрээ гэж маргаж байна.
Дээрх 2012 оны 1110008251 дугаар болон 2015 оны 1110013925 дугаар зээлийн гэрээ тус бүрийн 1.3-т зааснаар тухай бүр хариуцагч нарын дансанд зээлийг шилжүүлсэнээр зээл олгосон өдрийг тооцохоор тохиролцжээ. Улмаар хэргийн 32-33 дугаар талд байгаа хариуцагч Д.Т Х банк дахь 1110008251 болон 1110013925 дугаар дансны хуулгаас үзэхэд 30,000,000 төгрөг болон 30,300,000 төгрөгийн зээл нь тус тусдаа олгогдсон гэж үзэхээр байна. Мөн дээрх 2015 оны 1110013925 дугаар зээлийн гэрээг судлан үзвэл хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн өмнөх зээлийн гэрээний үргэлжлэл гэх тайлбар нотлогдохгүй байна. Иймд хариуцагч нарыг дээрх 2 гэрээний дагуу зээлийг тус тусад нь авсан гэж үзлээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
Иймд зээлийн гэрээ тус бүрт хариуцагч нарын хүлээх үүргийг тооцвол:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн гэрээнүүдийн 4.1-т зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардана гэж тайлбарласан. Гэвч гэрээний энэхүү заалт нь нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан боловч хувь хэмжээний талаар тохиролцоогүй байна. Тодруулбал гэрээний 4.1-т зөвхөн нэмэгдүүлсэн хүүний дээд хязгаарыг заажээ. Иймд нэмэгдүүлсэн хүүний хувийг тусгайлан заагаагүй байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.
Эдгээрийг нэгтгэн тооцвол хариуцагч нар нь дээрх 2 зээлийн гэрээний дагуу нийт 165,060,049.30 төгрөг төлөх үүрэг үүссэн.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу нийт 60,822,100 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчимаар явагдах бөгөөд зохигчийн маргаагүй зүйлийг дахин нотлох шаардлагагүй.
Иймд зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх төлбөрөөс төлсөн төлбөрийг хасвал 104,237,949.30 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь дээрх 2012 оны 1110008251 дугаар болон 2015 оны 1110013925 дугаар зээлийн гэрээний дагуу нийт 53,049,509 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1110008251-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 15-18 дугаар тал/ Энэхүү гэрээгээр Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, .......... дугаарт бүртгэгдсэн 29 мкв талбайтай орон сууцыг барьцаалжээ. Улмаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болсон.
Мөн 1110008251-01 дугаар гэрээний 1.8-д зааснаар ..... улсын дугаартай, ачааны автомашиныг барьцаалсан. Түүнчлэн зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1110013925-01 дугаар барьцааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 22-25 дугаар тал/ Энэхүү гэрээгээр ...... улсын дугаартай Тоёота, Ланд круйзер маркийн авто машиныг барьцаалжээ. Эдгээр барьцааны зүйл нь гэрээнд зааснаар дээрх 2012 оны 1110008251 дугаар болон 2015 оны 1110013925 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид тохиролцсон байна.
Иймд хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.Т, С.Янараас 2012 оны 1110008251 дугаар болон 2015 оны 1110013925 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 53,049,509 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Т, С.Янар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ............ дугаар бүртгэгдсэн 29 мкв талбайтай орон сууц, 29-34УНЧ улсын дугаартай, ачааны автомашин, ........ улсын дугаартай Тоёота, Ланд круйзер маркийн авто машиныг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 493,398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т, С.Янараас 493,398 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД