| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа,
улсын яллагч: Б.Энэрэл /томилолтоор/,
шүүгдэгч Б.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Шд холбогдох эрүүгийн 2208038711081 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********** овогт ******ийн ****** /регистрийн дугаар: **********/
Монгол Улсын иргэн, ****** оны *** дугаар сарын ***-ны өдөр ******** аймгийн ******** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *********************** тоотод оршин суух хаягтай, урьд:
-Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1081 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн,
-Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийтгэгдсэн.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 16-аас 17-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ************* тоотод оршин суух ******** хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Еlко” маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 16-аас 17-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод оршин суух ***** хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Еlко” маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “улбар шар өнгийн модон хаалгатай 5 ханатай Монгол гэрт хулгай орсон” ба №4, 5 дахь гэрэл зурагт цоож эвдэрсэн талаар авагдсан /хавтаст хэргийн 07-12 дахь тал/,
-Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр бага хоёр хүүхдийн хамт хөдөө яваад хоёр хоночихоод ирсэн. Намайг хөдөө явж байх үед манай хүү ***** ажлаасаа ирээд гэрт хулгай ороод зурагт алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хөдөөнөөс ирэхэд манай гэрийн “Elko” маркийн 55 инчийн зурагт алга болсон байсан. Өөр алдагдсан эд хөрөнгө байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг зурагтыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ****** гэх залуугаас 600,000 төгрөгөөр барьцаанд авсан. ****** гэх залуу нь нэг залуутай хамт явж байсан ба тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
-Алдагдсан зурагтыг олж, иргэн ********* хураан авсан, хохирогч ******* хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 19, 31-32 дахь тал/,
-*** тодорхойлолт /хавтаст хэргийн 123 дахь тал/,
-******* ХХК-ийн хохирлын үнэлгээний 2333 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 3739 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
-Шүүгдэгч Б.Шы яллагдагчаар өгсөн: “...Энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Улсын яллагчийн зүгээс хувийн байдлын талаар: төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/, Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 83-113 дахь тал/, ялын тооцооны тодорхойлолт /хавтаст хэргийн 135 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ш нь бага боловсролтой хэдий ч уншиж бичиж мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Ш нь хохирогч ******** гэрт нууцаар нэвтэрч буюу хаалганы цоожийг нь эвдэн орж эд зүйлс болох зурагтыг нь өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Ш нь хохирогч ******* эд зүйлсийг шунахайн сэдэлтээр өөртөө авах зорилгоор санаатайгаар түүнд мэдэгдэлгүй, хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авч байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэм буруугийн “санаатай” үйлдэл гэж үзэх бөгөөд шүүгдэгч өмнө нь хохирогчтой хамтран амьдарч байсан гэж мэдүүлсэн боловч энэ талаар үгүйсгэсэн хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Хохирогч ********** амьдардаг гэр нь хүн байнга амьдрах орон байр гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг заасан буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч *****нь хохирлыг биет байдлаар авсан /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,тул хохирогч *******хохирол төлбөр төлөгдсөн байна.
Харин иргэний нэхэмжлэгч ********учирсан 600,000 төгрөгийн хор уршиг төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Шоос гаргуулан төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ш нь гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч 27 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хоногийг хорих ялаас хасаж, өмнөх ялтай нь нэмж нэгтгэн 5 жил 5 сар 5 хоногоор хорих ялыг тогтоох саналтай...” гэв.
Шүүгдэгч: “...Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү, хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Шыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Б.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн байдал болон ам бүл 4 /эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг/ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж тус тус шийтгэсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 5 хоногийн ялтай болох баримтуудаар тогтоогдсон. /хавтаст хэргийн 90-115, 135-р дахь тал/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.
Иймд дээрх зүйлд ангид зааснаар шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял, нийт 4 жилийн хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар, 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хорих ялыг 5 жил, 5 сар, 5 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Б.Шы гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүгдэгч Б.Шы цагдан хоригдсон 27 хоногийг /хавтаст хэргийн 135 дахь тал/ түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаврун овогт ******ийн ******ыг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Шы цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хорих ялаас хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-оос 600,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Батмэндэд олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Шы эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА