Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 3766

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, ... дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, .... дугаар байр, .... байр, ...дүгээр давхарт байрлах, ““РГИ” ” ХХК /РД:....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, НШШГГт холбогдох,

Баянзүрх дүүргийн ..дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны ...давхрын 1015,98 м.кв, 2 давхрын 786,08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуулыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ко, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          ““РГИ” ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Сингапур улсын иргэн Моана Рави Жагасиа болон Монгол Улсын иргэн Н.Номин-Эрдэнэ нарын хамтарсан хөрөнгө оруулалттай, Үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, түрээс, зуучлал, Хүүхдийн тоглоомын төв, тоглоомын худалдаа, бялдаржуулах төвийн үйл ажиллагааны чиглэл бүхий ашгийн төлөө хуулийн этгээд болно.  Тус компанийн хувьцаа эзэмшигч Сингапур улсын иргэн Моана Рави Жагасиагийн харилцан хамаарал бүхий Сингапур улсад оффистой “Вишн Экспресс компани” (Vision Express Ltd.) болон “Зенит интелиженс компани” (Zenit Intelligence Ltd.)-nyfl нь Монгол Улсад бүртгэлтэй “Хуурмагнай” ХХК-д хөрөнгө оруулж, Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “Баяжих цогцолбор”-ыг барьж, хөрөнгө оруулалтын хариу төлбөрт талуудын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санаж бичиг, нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоолуудыг шилжүүлэхээр тохиролцсон. “Вишн Экспресс” болон “Зенит интелиженс” компаниуд нь өөрт ногдох үл хөдлөх хөрөнгүүдээс 1, 2 дугаар давхрын үйлчилгээний талбайг Монгол Улсад бүртгэлтэй ““РГИ” ” ХХК-д “Эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлж, цаашид тодорхой хэсгийг зориулалтын дагуу ашиглах, үлдсэн хэсгийг худалдан авагч, захиалагчид борлуулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Хуурмагнай” ХХК болон “Рүби гарнет инвестменст” ХХК-иуд Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт хүргүүлж анхны бүртгэл хийлгэсэн болно. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00821 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудаар “Хуурмагнай” ХХК-иас “Цахим гал” ХХК-д 1 684 460 626 (нэг тэрбум зургаан зуун наян дөрвөн сая дөрвөн зуун жаран мянга зургаан зуун хорин зургаа) төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03385 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 101\ГХ2019\00286 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.  Улмаар дээрх шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч “Хуурмагнай” ХХК-д холбогдуулан албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд манай ““РГИ” ” ХХК-ийн анхны бүртгэл (өмчлөлийн) бүхий Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор, 1 дүгээр давхрын 1015,98 мкв, 2 дугаар давхрын 786,08 мкв бүхий үйлчилгээний талбайнуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19260614\35, 19260614\36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудаар битүүмжилж, мөн өдрийн 19260614/36, 1926061437 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай" тогтоолуудаар хураан авах ажиллагаа хийгдээд байна. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр төлөгч “Хуурмагнай" ХХК-д 4\18217 дугаар бүхий “Мэдэгдэл”- ийг ирүүлж манай компанийн анхны бүртгэл бүхий үйлчилгээний талбайнуудын үнийг төлбөр авагч “Цахим гал” ХХК-тай харилцан тохиролцож, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Э.Цэрэнхандад ирүүлэхийг шаардсан бөгөөд өнөөдрийн байдлаар үнэлгээ хийж, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Манай компанм нь дээрх маргаан бүхий үйлчилгээний талбайнуудын анхны бүртгэлийг шилжүүлэн авснаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд компанийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэл болох хүүхдийн тоглоомын төв, кофе шоп, фитнесс зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа билээ. Дээр дурдсанчлан дээрх хөрөнгүүдийг цаашид гуравдагч этгээдэд худалдан борлуулах сонирхолтой байсан тул талбай тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулалгүй, улсын бүртгэлд анхны бүртгэлээр бүртгүүлсэн байсан болно. Бид худалдан авагчдад танилцуулах зорилгоор дээр дурдсан 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хуурмагнай” ХХК болон “Рүби гарнет инветментс” ХХК-иудын албан бичгийн дагуу бүртгэгдсэн анхны бүртгэлийн дагуу маргаан бүхий үйлчилгээний талбайнаас 1 давхрын 15.79 мкв талбайд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ү-2204103822 дугаарт бүртгэл бүхий “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г өөрийн компанийн нэр дээр гаргуулан авч байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасан байна. Манай компани нь “Цахим гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хуурмагнай” ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчоор оролцоогүй бөгөөд 3-н шатны шүүхийн шийдвэрийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцоогүй болно. Мөн төлбөр авагч “Цахим гал” ХХК-д төлөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөр болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн өмчлөлийн үйлчилгээний талбайнуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ““РГИ” ” ХХК- ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Манай компани нь тус шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 821 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй хууль бус болохыг тогтоолгох; Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, 18-р байрны 1 дүгээр давхарын 1015,98 мкв, 2 дугаар давхрын 786,08 мкв үйлчилгээний талбайг битүүмжилснийг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101\Ш32020\10888 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжийн 3-т заасны дагуу захирамжид дурдсан зөрчлийг арилгаж буюу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, үйлчилгээний талбайн өмчлөх эрх буюу анхны бүртгэлтэй холбоотой баримтуудыг хавсарган дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 1 давхрын 1015,98 м.кв, 2 дугаар давхрын 786,08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуулыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Хуур магнай ХХК-аас 1,684,460,626 төгрөгийг Цахим гал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19260614 дүгээр тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Хуур магнай ХХК-д шүүхийн шийдбэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний эзэмшлийн газар дээр баригдсан Баяжих цогцолбор 18 дугаар байрны 1,2 дугаар давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 18 дугаар байрны 34,115 тоот 3 өрөө орон сууцнуудыг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, хураасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан төлбөр төлөгч Хуур магнай ХХК-аас бусдад худалдан борлуулаагүй үйлчилгээний талбай, орон сууцны мэдээллийг ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч тухайн мэдээллийг ирүүлээгүй болно. Иймд Хуур магнай ХХК-ийн захиалгаар баригдсан Баяжих цогцолборт бусдын өмчлөлд шилжээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хөрөнгийн мэдээллийг Баянзүрх дүүргийн Улсын Бүртгэлийн газраас тодруулахад 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8/857 дугаар албан бичгээр 1 дүгээр давхарын үйлчилгээний зориулалттай 1031.77 мкв талбайгаас 15.79 мкв, 2 дугаар давхарын 1026.26 мкв үйлчилгээний талбайгаас 192.74 мкв, 47.44 мкв талбайг иргэдийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон бусад талбайд гэрчилгээ олгогдоогүй талаар мэдээллийг ирүүлсэн. Хураасан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохтой холбогдуулан Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоосон бөгөөд дээрх үйлчилгээний талбайн зах зээлийн үнэлгээтэй холбогдуулан Хуур магнай ХХК-аас тус шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо хүлээн зөвшөөрч буй үйлдэл юм.

           Иймд тус газар Рүби гарнет ХХК-ийн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:                

 

 Нэхэмжлэгч ““РГИ” ” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...дугаар байрны .... давхрын 1015,98 м.кв, 2 дугаар давхрын 786,08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуулыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.

  Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж заасан.

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 001/ХТ2018/01418 дугаар тогтоолоор “Хуур магнай” ХХК-иас 1,684,460.626 төгрөг төгрөгийг гаргуулж “Цахим гал” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 101/ГХ2019/00286 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/35, 19260614/36 дугаар тогтоолуудаар Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...дугаар байрны ... давхрын 1015,98 м.кв, 2 дугаар давхрын 786,08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг тус тус битүүмжилж, мөн өдрийн 19260614/37, 19260614/38 дугаар тогтоолуудаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураах ажиллагаа явуулжээ.

 

  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компани Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 1 давхрын 1015,98 м.кв, 2 дугаар давхрын 786,08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр авсан, өмчлөгчөөр  бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Гэтэл манай компани төлбөр төлөгч этгээд биш байхад манай хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа явуулж буй нь үндэслэлгүй” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 1 давхрын 1015,98 м.кв, 2 дугаар давхрын 786,08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжилж, хураасан ажиллагааг хууль бус талаар шүүхэд гомдол гаргах эрх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчид хамаарна.

 

Гэвч нэхэмжлэгч ““РГИ” ” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг  2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр “Вижн экспресс” ХХК, Зенит интелиженс корпорэйшнс лимитэд” ХХК-иудаас тус тус шилжүүлж авсан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотойгоор гүйцэтгэж байгаа ажиллагаанд гомдол гаргах эрхтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлбэрийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байна. Иймд эрх шилжүүлэх гэрээг үндэслэн нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй.

 

Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж тус тус заасан.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх эрх шилжүүлэх гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болохоо шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан.

 

Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны бүртгэл болон урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэх боловч үүнтэй холбоотой баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй. Нөгөө талаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн үйлдэл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй юм. Анхны бүртгэл хийлгэсэн тохиолдолд тухайн компани уг бүртгэлтэй холбоотой баримтаа өөрөө шүүхэд бүрдүүлж өгөх боломжтой.

 

Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй этгээд болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ко нь Монгол хэлээр чөлөөтэй ойлгож, ярьдаг болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй талаар тэрээр өөрөө тайлбарлаж, орчуулагчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товтой танилцсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГт холбогдох нэхэмжлэгч ““РГИ” ” ХХК-ийн  Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, .. дугаар байрдавхрын 1015,98 м.кв, 2 давхрын 786,08 м.кв үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/35, 19260614/36 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 19260614/37, 19260614/38 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

 

 

 

Х