Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа,  

улсын яллагч: С.Энхням,  

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД: 2458/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.                             

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт *********ийн ******* /регистрийн дугаар:*******/,

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бага боловсролтой, жолооч, хувиараа таксинд явдаг, *******,******* тоотод ам бүл 3, ээж, дүүгийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

  

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим *******, тоотод хохирогч *********тай “гэрт элдэв хараал хэллээ” гэж уурлан маргалдаж улмаар түүний гарлуу гутлаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим *******, тоотод хохирогч *********тай “гэрт элдэв хараал хэллээ” гэж уурлан маргалдаж улмаар түүний гар руу нь гутлаар хүчтэй цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

         Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

         -Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хавтаст хэргийн 13 дахь тал/,

         -Хохирогч *********ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...*******, 35 дугаар байрны 2-2 тоотод өөрийн охин, хүргэн, 2 зээгийн хамт байр түрээслэн амьдардаг байсан юм. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 9 цагийн орчим коридорт тамхи татахаар гарсан юм, тэгтэл манай урд талын айл болох *********ийн гэрийн хаалга онгорхой байхаар нь би гэррүү нь орсон юм тэгэхэд ******* гэх эмэгтэй куртикээ угаасан чинь утаснууд нь тасарчихсан гээд зогсож байсан, тэгээд ******* бид 2 ойр зуурын юм ярилцаад байж байсан тэгээд цонхоор харсан чинь сар хээр хоносон байхаар нь би *******гийн аав *********д хандан гадаа сар хээр хоносон байна гэж хэлэхэд ********* ах яагаад тэгдэг юм болоо гэж асуухаар нь би хэн мэдэхэв цус гэж хэлсэн чинь ******* хар өглөөгүүр орж ирчихээд цус нөж ярьлаа, гээд намайг хэл амаар доромжлоод байсан тэгэхээр нь би юу ч хэлэлгүй гэрээс нь гараад өөрийнхөө гэр рүү орсон. Тэгээд намайг гэртээ байж байтал гэрийн хаапга нүдээд байхаар нь хаапгаа онгойлготол ******* муухай орилоод халуун сав автийрка 2 аваад ир гэхээр нь би *******гийн халуун савыг өгөөд, тэгээд машинаасаа автиркийг нь өгөх гээд гэрээсээ гараад машинаасаа автиркийг нь авчихаад ороод иртэл ******* үүдний коридорт манай охин *********тай хэрэлдээд зогсож байсан тэгэхээр нь би *******д автиркийг нь өгчихөөд *******г цаашаа гэртээ ор гэж хэлтэл ******* гэртээ орохгүй байсан тэгэхээр нь би *******г гэр рүүгээ ор гээд гартаа барьж байсан тулхүүрийн оосроор цохих гээд далайсан тэгтэл ******* гэнэт үүднийхээ хэсэгт байсан гар хийцний бор өнгийн хромон гутлыг аваад миний зүүн гарын шууны хэсэгт 1 удаа маш хүчтэй цохисон тэгээд ******* чимээгүй гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29, 31 дэх тал/,

               -Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр нөхөр болох Жавхлантөгөлдөр бид хоёр баг хүүхдээ үзүүлэх гээд хувцсаа өмсөөд байж байхад гэнэт манай хаалгыг чанга нүдээд тэгтэл урд айлын хүн манай халуун сав автирк аваад ир гэхээр нь би халуун савыг нь өгөөд автирк нь гадаа байгаа хаалгаа хаа гээд хэлчихсэн юм. Тэгээд манай хүүхэд халуурчихсан, уйлаад би ууртай байсан болохоор тухайн айлын хаалгыг нь нүдээд чи яагаад нялх нойтон хүүхэдтэй байхад ямар чанга хаалга нүддэг юм бэ, айчихлаа гэж хэлэхэд битгий хуц танай ээж чинь манай гэрт хар өглөө орж ирээд балай, балай юм ярьдаг, цус гээд балай үг хэлдэг гэж хэлэхээр нь ээжээс юун цус гэж ярьсан юм бэ гэж асуухад мэдэхгүй ээ цус гэж хэлэхэд уурлаад байсан шүү дээ, тэгээд гаднаас автиркыг нь ороод ирээд ширээ нь дээр нь шидсэн маягтай тавихад тухайн эмэгтэй гартаа барьж байсан бор өнгөтэй хар түрийтэй гутлаар савж ирээд цохиход манай ээж гараараа хааж таараад ээж шууд гар хугалаад хаячихлаа гэхээр нь чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд тухайн эмэгтэй аймар муухай, муухай үгээр манай ээжийг хараагаад байхаар нь чи яагаад манай ээжийг хараагаад байгаа юм бэ нялх нойтон хүүхэдтэй айлын хаалгыг тэгж нүдэж болохгүй гэж хэлэхэд хохь чинь гэсэн. Тэгэхээр нь бид хоёр гэртээ орсон. Үүний дараа гар нь хөхрөөд хавдаад ирэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

               -Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Энхцолмоны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3617 дугаартай:

               “...1. *********ын биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.  

               3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

               5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 7 цагийн үед ******* 35 дугаар байрны 5 тоот гэртээ байхад хөрш айлын эгч ********* орж ирээд манай аав Д.*********тэй хамт сар хээр хоносон байна гэж яриад байсан. Тухайн үед над руу цусаараа тээглэсэн юм гээд гэж хараалын үг хэлэхээр нь би та яагаад над руу хараалын үг хэлээд байгаа юм бэ гэсэн чинь манай гэрийн хаалгыг хүчтэй саваад гарсан юм. ********* нь манайхаас гарахдаа дандаа манай хаалгыг хүчтэй савдаг...********* нь гартаа барьсан түлхүүрний оосортой хэсгээрээ миний зүүн хэсэгт ороолгоод дахиад нэг ороолгох гэхээр нь би үүдэнд байсан аавын түрийтэй бор өнгийн гутлыг аваад *********ын зүүн гар хэсэгт цохисон...” гэж /хавтаст хэргийн 94-95 дахь тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 42-48 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хавтаст хэргийн 66 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/, хохирогч *********ын хүсэлт /хавтаст хэргийн 106 дахь тал/, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 107 дахь тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.  

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Энхцолмоны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3617 дугаартай дүгнэлтээр хохирогч *********ын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч *********ыг гутлаар цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна /хавтаст хэргийн 106 дахь тал/,  

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нь хохирогч *********т Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 224,000 төгрөгийн зардлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнийг шүүгдэгч Б.Б нь төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б нь хохирогч *********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.” гэв 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас эхлэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн эцэг нь нас барсан асуудал яригддаг. Хэргийн хувьд хохирогчтой тухайн таарамжгүй харилцааны үед үүссэн маргааны улмаас гар руу нь цохиж хугарал буюу хүндэвтэр хохирол учруулсандаа харамсаж, гэмшиж кальци болон эмчилгээний зориулалттай зүйлсийг авч өгсөн. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд хөдөлмөрийн чадвараа алдсан группт байдаг хүн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа зэргийг харгалзан улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний /ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг/-ийг болон хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай эрүүл мэндийн байдлыг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.   

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Бг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй эвлэрсэн, хувийн байдлын хувьд 41 настай, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Хөдөлмөрийн чадвар алдалт 70% тогтоосон зэргүүдийг нь харгалзан үзэж ялаас чөлөөлөх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******* овогт *********ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт заасныг баримтлан Б.Бд шүүхээс оногдуулсан 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэгүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА