| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01145/И/ |
| Дугаар | 3840 |
| Огноо | 2020-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 3840
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “НТ” ХХК /рд:........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ....дүгээр хороо, .... дугаар гудамж, ... тоотод оршин суух ..... овогт ... Д.Б /рд:........./-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,990,331 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Д.Б нь нарантуул хүнсний захын 25а павилоныг түрээслэж байх хугацаандаа манай “Номин трейдинг” ХХК-ийн номин косметик салбараас гоо сайханы бараа бүтээгдэхүүн зээлээр авч худалдан борлуулдаг байсан. Тэрээр 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,990,331 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы бараа зээлээр авсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлээр авсан 1,990,331 төгрөгийн барааны үнийг төлөөгүй байна. Иймд Д.Д.Бгаас барааны үнэ 1,990,331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Номин трейдинг” ХХК-иас зээлээр гоо сайханы бараа авдаг байсан нь үнэн. Сүүлд 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,990,331 төгрөгийн бараа авсан. Уг барааг аваад удалгүй 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул худалдааны төвд гал гарсаны улмаас тус бараанууд бүгд шатсан. 2016 онд “Номин трейдинг” ХХК-ийн хуулийн ажилтан Х.От 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Х.Отгончимэг нь таны асуудлыг ингээд дуусгалаа гэж хэлсэн. Түүнээс хойш миний асуудал шийдэгдсэн гэж бодож явтал намайг шүүхээс дуудсан. Уг барааг би авсан нь үнэн боловч өөрөө авч хэрэглээгүй, шатаад дууссан. Уг хохирлыг Нарантуул худалдааны төв хариуцах ёстой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “НТ” ХХК нь хариуцагч Д.Д.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,990,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Д.Д.Б нь 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,990,331 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы барааг нэхэмжлэгч “НТ” ХХК-иас зээлээр худалдан авсан үйл баримтад талууд маргаагүй.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Д.Д.Б нь 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,990,331 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн баримтад гарын үсэг зураагүй гэж маргадаг боловч тэрээр 1,990,331 төгрөгийн үнэ бүхий үсний будгийг нэхэмжлэгчээс зээлээр худалдан авсан талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Нэхэмжлэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Д.Бгийн оршин суух хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02436 дугаар шийдвэрээр иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Д.Бг эрэн сурвалжилсан байна.
Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах хугацаа 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс тоологдсон байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаархи баримт авагдаагүй болно. Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагаас хариуцагчийн оршин суух хаягийг хэзээ олж тогтоосон талаархи баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч Д.Д.Бд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,990,331 төгрөг гаргуулах тухай “НТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ