Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

 

 2024         01         10                                  2024/ШЦТ/63

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Г.А-д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ........... оршин суух, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,

 

..... овогт Г.А /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ задгайд О.Н-г шалтгаангүйгээр зодож, түүний биед дагзны хуйханд шарх, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун шуу, бугуй, шуунд цус хуралт, хамрын баруун самалдаг, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дахь тал/, 

- Хохирогч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний шилжих шөнө дүү А-ын гэрт очиход А, А-ын нөхөр Э, А-ын найз гэх 2 эрэгтэй, 1 эмэгтэй нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд А-ын гэрт юм яриад сууж байхад А-ын шаргал царайтай эрэгтэй найз нь миний мөр дээр гараа тавиад байхаар нь би чи одоо болиоч гээд гар утастай гараараа хойшоо түлхээд та нар намайг байхад ингэж байгаа юм чинь энэ нялх нойтон хүүхдүүдийг яаж ч мэдэхийн байна гэж хэлэхэд мөр дээр нь гараа тавьсан залуу уучлаарай эгчээ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу нь намайг гэрээс үсдэж, хувцаснаас чирч гаргаад таныг алсан байхад би том ар талтай гэж хэлээд газарт унагаагаад толгой, нүүр хэсэг рүү өшиглөөд, гараараа цохиод байхаар нь арай гэж зугтаж явсан. Маш олон удаа намайг цохисон. Намайг гэрээс чирч авч гарахыг А, Э, найз охин, мөр дээр гараа тавьдаг залуу гэх мэт хүмүүс байсан. Намайг гэрээс чирч гарч байхыг энэ хүмүүс анзаараагүй юм шиг байсан. Гадаа намайг зодуулсныг хүмүүс хараагүй ба намайг чирээд гарсныг харсан бол гарч ирж салгах байсан. Тухайн үед байсан А, Э, түүний найзууд болох 2 эрэгтэй, 1 эмэгтэй маш их согтолттой байсан. Намайг зоддог залуу 170 см орчим өндөртэй, шаргал царайтай залуу байсан. А-д тэр хүмүүсийн дугаар байгаа. Миний дүү А-ын найзууд учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/,

- Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н эгч гэрээс гарч байх шиг байсан ба удалгүй эмэгтэй хүний хашхирах дуу сонсогдсон. Гарахад А өөдөөс хаалга нь дээр тулахаар нь юу болсон талаар асуухад А намайг үсдэж газарт чирээд нөхөр гарч ирээд салгасан. Удалгүй Н эгч ирээд А үсдэж чирээд газарт унагаагаад зодсон гээд найзыгаа дагуулаад ирсэн. Тэгээд цагдаа дуудах гэж байхад машинаа унаад зугтчихсан. А ..... ТӨҮ гэсэн улсын дугаартай машинтай байсан. Манай нөхөр Э архи уугаад тасарчихсан унтаж байсан. Н эгчийг зодсоныг бол хараагүй, хашхирах дууг нь сонсоод гарахад А урдаас тулаад ирсэн. М, Э нар гэрт байсан. М нялх хүүхэдтэй байсан болохоор гэрт Эрхэмээ намайг гэрээс гарахад гэрт байсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.2.О.Н-гийн биед дагзны хуйханд шарх, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун шуу, бугуй, шуунд цус хуралт, хамрын баруун самалдаг, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дахь тал/,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-53 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ задгайд О.Н-г шалтгаангүйгээр зодож, түүний биед дагзны хуйханд шарх, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун шуу, бугуй, шуунд цус хуралт, хамрын баруун самалдаг, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ....... дугаартай шинжээчийн: “1.2.О.Н-гийн биед дагзны хуйханд шарх, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун шуу, бугуй, шуунд цус хуралт, хамрын баруун самалдаг, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Г.А нь 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... задгайд О.Н-г шалтгаангүйгээр зодож, түүний биед дагзны хуйханд шарх, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, баруун шуу, бугуй, шуунд цус хуралт, хамрын баруун самалдаг, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсайхан гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.А-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийн асуудал дээр шүүгдэгч Г.А өөрөө урьд хэрэг дээр шалгагдаж байгаад, шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон байсан. Н дүүгийн найз тул гомдол саналгүй, хохирол байхгүй гэж ярьсан байдаг. Дараа нь яллагдагчаар мэдүүлэг авахдаа прокурорын даалгавраар Төв аймгийн цагдаагийн байцаагч М  гэдэг хүн яллагдагчаар мэдүүлэг авсан байдаг. Өөрөө  надтай уулзах хүсэлт гаргаад уулзахад над дээр дахин хэрэг гарсан гэдгээ хэлсэн. Гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч О.Н-гийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч О.Н-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.А-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.А 20 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 20 хоногийг 1 сар зорчих эрх хязгаарлах ялтай дүйцүүлж, үлдсэн 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсайхан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай санал нэг байна. Шүүгдэгч өөрөө энэ асуудал дээр гэмшиж байгаа. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байгаа. Хэрэв хохирогчийн талаас хохирол төлбөр нэхэмжилбэл төлнө гэдгээ илэрхийлж байгаа” гэв.

Шүүх шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөргүй, одоо ял шийтгэгдэж байгаа зэргийг тус тус харгалзан эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Г.А нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1018 дугаартай захирамжаар яллагдагч Г.А-ыг шилжүүлэн цагдан хорьсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ..... овогт Г.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын урьд цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.АЮУШЖАВ