| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0312/З |
| Дугаар | 221/МА2026/0554 |
| Огноо | 2026-08-05 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0554
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ж.Т
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Нийлэлийн Татварын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тайланг хүлээн авахыг Нийслэлийн татварын газарт даалгах”
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0312/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК-иас Нийслэлийн Татварын газарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тайланг хүлээн авахыг Нийслэлийн татварын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0662 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 22.9.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Татварын газраас тус хуулийн этгээдийн 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тайланг хүлээн авахыг нийслэлийн Татварын газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, Б.А нарын давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8-д "Татварын хуулиудын холбогдох зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, нөхцөл байдлуудаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нөхцлүүдийг хянаж мэдээллийн зөрүүг арилгуулан тайланг хүлээж авах үүрэгтэй атал хуульд заагаагүй үндэслэл нэрлэж тайланг хүлээн аваагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдээс татварын цахим системээр тайланг илгээснээс хойш 3 удаа хувиарлагдаж, татварын улсын байцаагч мөн 2 удаа хүлээн авсан боловч төлөвийг цуцалж буцаасан.
Ингэхдээ хөнгөлөлтийн мэдээг залруулж ирүүлэхийг мэдэгдсэн нь цахим системийн тайлангийн түүх хэсэгт хадгалагдсан байгаагаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь татварын тайлан хүлээн авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.7-д татварын алба нь "тайланд тусгасан татварын хөнгөлөлт... ийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх"-ийг хянан боловсруулалт хийхээр заасан зохицуулалт нь татвар төлөгчийн тодорхойлсон татварын хөнгөлөлтөд хамаарах хасагдах зардал нь баримтаар тогтоогдож буй эсэх, хувь хэмжээ тоооцооллын хувьд алдаатай эсэх, хөнгөлөгдөх татварт хамаарах эсэх зэрэг тухайн зардлын хэлбэрийн болон агуулгын хувьд хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох хүрээнд хэрэгжих бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа "нийтлэг шаардлагыг эрх бүхий этгээдээс батлаагүй" гэх тохиолдолл хэрэглэгдэхгүй гэж үзээд шийдвэрлэсэн.
Энэ нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.
Нэг. С ХХК (РД:*******) нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ТТ-02) 2024 оны тайлангаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.7. дахь хэсэг "Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон, хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан шаардлагыг хангасан сургалтын төлбөрийн тэтгэлэг" олгож 45,332,290.32 төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр хуулийн хугацаанд хавсралт материалыг хавсарган тайлагнасан.
Татвар төлөгчийн тайланг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан төлөвт оруулсан ба 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тайлан засварлах хүсэлтээр засварлаж илгээсэн, мөн татвар төлөгчийн хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тайланг буцаасан татвар төлөгч хавсралтаар тодруулах материал нэмэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр илгээсэн, тайлан 2025 оны 12 дугаар сарын 02-ны одер хүртэл хуваарилсан төлөвтэй байсан ба татварын улсын байцаагч "ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсэгт заасны дагуу танай аж ахуйн нэгжийн хөнгөлөлтөд хамрагдах 22.9.7 дэх хэсгийн бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн /Боловсролын яам/ баталж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэмжээний нэгдсэн бүртгэлийн актын санд нийтлүүлсэн.
Иймд захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 болон мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасны дагуу 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн албан татварын хөнгөлөлтийн мэдээллийг залруулан татварын тайланг ирүүлнэ үү гэх сэтгэгдэл бичин буцаасан мөн татвар төлөгчид утсаар мэдэгдсэн.
С ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/168 дугаартай албан бичгээр гомдол тайлбар гарган ирүүлсэн ба манай албанаас 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3/999 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2024 оны 08 дугаар сарын 30- ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж тус хуулийн Албан татварын хөнгөлөлтийн 22 дугаар зүйлд 22.9-22.13 дахь хэсгийг нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Энэхүү зохицуулалтын хүрээнд албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй мөн хуулийн 22.9-д заасан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна гэж заасан.
Дээрх хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивийн зардал нь мөн хуулийн 22.9.1, 22.9.11 дэх заалтуудын хүрээнд хамаарч хэрэгжих бөгөөд 22.11-т зааснаар хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавихаар хуульчилсан.
С ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.7-д заасан "Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг" хүрээнд тавигдах шаардлагыг, стандартыг Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/189 дугаар тушаалаар баталсныг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нийтээр дагаж мөрдүүлж байна.
Анхан шатны шүүхээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-т заасан шаардлагын хангаагүй тайланг татварын алба хүлээн авах боломжгүй тухай хуульчилсныг зөрчин шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С ХХК-иас Нийслэлийн Татварын газарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тайланг хүлээн авахыг Нийслэлийн татварын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч С ХХК-иас “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7-д заасан заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмж оруулсан. Уг хуулийн заалтын дагуу манай компани Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлд нийцсэн боловсролын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 45,332,290.32 төгрөгийн бодит зардал гарган, татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн тайланг хүлээн авахгүй байна…” гэж тайлбарлан маргасан.
4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-т “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна:”, 22.9.7-т Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг”, 22.11-т “Энэ хуулийн 22.9-д заасны дагуу хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавина” гэж тус тус заасан.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтэлнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно",
Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.”Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ.” гэж заасан бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 22.9.7, 22.11 дэх заалтуудыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмж, 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр зохицуулагдсан бөгөөд тус нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг тухайн хуульд тусгайлан заагаагүй тул хүчин төгөлдөр болсон өдрөөс хууль хэрэгжиж эхэлсэн гэж ойлгоно.
6. Үүнээс үзэхэд хариуцагчийн “…хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн хөнгөлөлтөд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталж, нийтээр дагаж мөрдөх хууль эрх зүйн нэгдсэн бүртгэлийн санд 2025 онд бүртгэгдэн хэрэгжиж эхэлсэн тул 2024 оны татварын жилийн тайлангаар тайлагнасан албан татварын хөнгөлөлтөд буцаан хэрэглэх боломжгүй …” гэх тайлбар үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, уг хуулийн 22.9.7-д заасан шаардлага, стандартыг Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/189 дугаар тушаалаар баталсныг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нийтээр дагаж мөрдүүлсэн тул хариуцагчаас 2024 онд шийдвэрлэх боломжгүй байсан гэх үндэслэлээр татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 22.9.7, 22.11-т зааснаар албан татварын хөнгөлөлт эдлэх үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулагдсаны дагуу сургалтын төлбөрийн тэтгэлэгт олгосон зардлыг хөнгөлөх нийтлэг шаардлагыг Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/226 дугаар тушаалаар анх баталсан боловч хүчин төгөлдөр болж мөрдөгдөөгүй, харин 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/189 дүгээр тушаалаар батлагдсан нийтлэг шаардлага нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн нь нэхэмжлэгчийн татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хязгаарлахгүй.
8. Нэхэмжлэгч С ХХК нь АНУ-ын Аризонагийн их сургуульд суралцагч Г.Б-той 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Гадаадын дээд боловсролын байгууллагад сургалцагчид сургалтын тэтгэлэг олгох гэрээ”-ний дагуу 48,381,492.50 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлснээс 45,332,290.32 төгрөгийг С ХХК-иас 2024 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хөнгөлөгдөх татвараар тайлагнаж, тайланг хуулиар тогтоосон хугацааны дотор буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр татварын цахим системээр илгээсэн байх ба энэхүү тайлангаар тодорхойлсон татварын хөнгөлөлтийн дүнгийн тухайд мөн татварын улсын байцаагчаас 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буцаасан төлөвт оруулсан, татварын тайланг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй үйл баримт тогтоогдсон.
9. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийнэ”, 30.3-т “тайланг хянахад мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно”, 30.4-т “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ”, 30.5-д “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна”, 30.6-д Татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай тайлбараа цахимаар, эсхүл бичгээр гаргаж, энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд багтаан татварын албанд ирүүлнэ”, 30.7-д “Энэ хуулийн 30.6-д заасны дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тайланг хүлээн авна” гэж тус тус заасан.
10. Эдгээр зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн татварын хөнгөлтийн тайланг хүлээн авахаас татгалзах үндэслэл Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т байхгүй байна.
11. Учир нь албан татвар төлөгч сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэхээр заасан хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байхад татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага батлагдаагүй гэх шалтгаанаар хариуцагчаас нэхэмжлэгч компанийн татварын тайланг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцэхгүй.
12. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.28-д "татварын жил" гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг” хамааруулахаар заасанд нэхэмжлэгчийн татварын хөнгөлөлтийн тайлан хамаарахгүй талаар хариуцагч маргах боловч нэхэмжлэгч хуулийн хугацаанд татварын тайлангаа гарган хүргүүлсэн.
13. Татварын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1160 дугаар албан бичгээр холбогдох яамдад татварын хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгжүүдийн нэрсийг хүргүүлсний дотор нэхэмжлэгч С ХХК-ний нэр орсон, Боловсролын яамны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/5216 дугаар албан бичгээр С ХХК нь нийтлэг шаардлагад нийцэж байгаа талаар Татварын ерөнхий газарт тус тус хүргүүлснээс үзэхэд нэхэмжлэгч С ХХК нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.28-д заасан хугацааг хэтрүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН