| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/0085/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч А.Намдаг (томилолтоор),
шүүгдэгч Э.Б................р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2308 0264 01767 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Э..............ны Б................р, Монгол улсын иргэн, ..................... өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .......................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б................р нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ......................... орцонд хохирогч Т.Б.......................аатай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр болон бие рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, улмаар эрүүл мэндэд нь “зүүн 4,5-р хавирганы цуурал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамар зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Хохирогч Т.Б.......................аа нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Залуус-2” хорооллын ....................... тоот буюу шүүгдэгч Э.Б................рын гэрийн хаалгыг шөнийн 23-24 цагийн орчим нүдэж зохисгүй авирласан байна.
Ингэхэд нь шүүгдэгч Э.Б................р хохирогч Т.Б.......................аад зүй ёсны шаардлага тавин гэртээ унтаж амрахыг хүсэн гэрийнхээ хаалгыг хаахад хохирогч нь шүүгдэгчийн гэрийн хаалгыг дахин нүдсэнээс болж хоорондоо маргалдан улмаар 9 дүгээр давхрын коридорт шүүгдэгч нь Т.Б.......................аагийн эрүүл мэндэд халдаж биед нь зүүн 4-5 дугаар хавирганы цуурал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамар, зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын РСОН15159810 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 8................9, ...Дуудлага хүлээн авсан: 2023-08-22 00:02:02, ...Дуудлагын утга: Бие өвдөөд нүүр ам гэмтээд шүд хөдөлсөн (цагдаад зодуулсан)...” гэх баримт (хавтаст хэргийн 05 дахь тал),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...00 минут 14 секунтын бичлэгийг нээж үзэхэд нийт 00 минут 14 секунтын бичлэг байх ба тухай бичлэгт 846-р байрны дотор талыг харуулсан байна. Уг бичлэгийн эхлэл хэсэгт хар хувцастай эрэгтэй, бор өмдтэй цэнхэр цамцтай залуугийн хавирга хэсэгт суусан байдалтай гарах ба бичлэгийн 03 секунтэд хар хувцастай залуу “Эрүүл саруул бол яахав гэхсэн” гэж хэлээд зүүн гар орчмоороо бор өмдтэй залуугийн зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиж байх ба бичлэгийн 4 секунтэд хар хувцастай эрэгтэй “хэн юм чи пизда минь... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64-67 дахь тал)
- Хохирогч Т.Б.......................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр...манай урд айлд миний хуучин эхнэрийн найз Заяа, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг юм. Миний орж гарч байгаа бүх үйл явдлыг миний салсан эхнэр П.......................мд дамжуулж хэлдэг. Би өчигдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 20 минутын үед гэрээсээ гарч “намайг гэр рүүгээ орж гархийг битгий хэлж дамжуулаад бай” гэж хэлэх гээд Заяагийн гэрийн хаалгыг цохисон. Тэгтэл нөхөр Б................р гарч ирээд “чи манай гэрийн хаалгыг цохидог хэн бэ? архи уучхаад манай гэрийн хаалгыг цохилоо” гээд миний цээж рүү 2 удаа хөлөөрөө өшиглөхөд нь би хойшоо саваад унасан. Босож ирээд “яагаад намайг цохиод байгаа юм” гэтэл Б................р дахиж миний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохиод “чамайг алсан ч яадаг юм, би цагдаа хүн, дахиж манай гэрийн урдуур алхах юм бол ална шүү гээд гар рүүгээ яваад орчихсон...миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон, цээж хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...Миний ар дагз хөндүүртэй хавдсан, баруун зүүн нүд хөхөрсөн, хамар мурийсан мэт болсон, цээжин хэсэгт хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),
-“...Б................рын эхнэр З.....а чи манай хаалгыг тогшдог хэн бэ гээд хэл амаар доромжлоод намайг нөхөр Б................р нь цохиж зодсон...миний 3 хавирга хугарсан одоо бороолж эдгэж байгаа. Өөр гэмтэл байхгүй...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
- Гэрч П.Сэ.....нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.......................аагийн хамт ............. тоотоын хаалгыг тогштол нөхөр нь гэх хүн гарч ирээд манай нөхөр Б.......................ааг гараараа шанаадаад унагаачихсан. Тэгэхээр нь би “өмнө энэ хоёр хоорондоо юм яриагүй биенээ танихгүй байж яагаад ингэж байгаа юм болоо гэж бодоод байж байтал ............. тоотын эхнэр нь гар утсаа барьж ирээд манай нөхрийг элдвээр доромжлоод нөхөр нь гэх залуу Б.......................ааг нэлээн хэдэн удаа шанаадаж хавирга руу нь өшиглөөд газар унагаагаад зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
- Хохирогч Т.Б.......................ааг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудаст: “...Т.......х овогтой Б.......................ааг драйгер багаж ашиглан шалгахад 2.37% бүхэл үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх баримт (хавтаст хэргийн 06 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10616 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний доод зовхи, хамрын нурууг хамарсан тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн эгэмгэнд 3.0х2.0см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний ар дээд хэсэгт 1.0х0.2см, хүзүүний баруун хэсэгт 2.0х0.3см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, цээжний зүүн хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй.
“Med Trauma” эмнэлгийн 2023.8.23-ны толгойн КТГ-н шинжилгээнд: Тархины эдэд КТ шинжилгээнд илрэх голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй...суурь болон гавлын ясанд хугаралгүй, бүтцийн өөрчлөлтгүй...Хамар ясны баруун хажуу, хана зөрүүтэй хугаралтай...Дагз, хоёр нүдний зөөлөн эдэд бага зэрэг хавантай...гэжээ.
“Med Trauma” эмнэлгийн 2023.08.23-ны цээжний хөндийн КТГ-н шинжилгээнд: Хоёр талын уушгины бүтэц хэвийн, агааржилт хэвийн, уушгины паренхимд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй. Хоёр талын плеврийн хөндийн сул хий, шингэнгүй...бамбай булчирхайн баруун дэлбэд 1.9х2.2см хэмжээтэй гиподенс голомттой...Зүүн IV/V хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсэгт шинэ цууралттай...хариу бичсэн эмч Л.Хулан гэжээ...ДҮГНЭЛТ
1.Т.Б.......................аа-н биед зүүн 4-5 дугаар хавирганы цуурал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамар, зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
- Шүүгдэгч Э.Б................рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед гэртээ байж байтал манай гэрийн хаалгыг 30 орчим насны согтуу эрэгтэй тогшоод “намайг мэдэх үү” гэхээр нь би “мэдэхгүй байна, цаг орой болсон байна” чи согтуу байна” гэж хэлээд явуулсан. Тэгтэл 10 минут орчмын дараа би хойд өрөөндөө байж байтал манай эхнэр нэг хүнтэй хэрэлдээд байх шиг байхаар нь хартал тухайн залуу манай гэрт ороод ирчихсэн “танайх яагаад байгаа юм” гэж байхаар нь би тухай залуугийн цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа түлхээд гэрээсээ гаргатал тухайн залуу миний толгой руу 3 удаа цохичихсон. Тэгэхээр нь би тухайн залуугийн баруун гарыг өчөөд газарт унагаагаад бөгсөн дээр нь суугаад дарсан. Удалгүй босоод тухай хүнтэй маргалдсан...Миний толгой хэсэг рүү тухай залуу 2 удаа цохичихсон. Эхний цохилтыг би бултаад гаргачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б................р нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10616 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Б................р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Т.Б.......................аагийн зүй бус үйлдлээс шалтгаалан түүний эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Э.Б................р нь хохирогч Т.Б.......................аагийн биед халдаж эрүүл мэндэд нь биед зүүн 4-5 дугаар хавирганы цуурал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамар, зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Т.Б.......................аа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оройн цагаар бусдын амгалан тайван байдлыг алагдуулж, бусдын гэрийн хаалгыг үндсэн нь гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан болжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б................рыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Т.Б.......................аа нь гэмт хэргийн улмаас 410.000 төгрөгийн баримттай зардал гарсныг шүүгдэгч Э.Б................р нь хохирогч Т.Б.......................аад 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 126 дахь тал) талаар хохирогчийн гаргаж өгсөн хүсэлт авагдсан байна. Иймд шүүгдэгч Э.Б................рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Прокурор санал болгож шүүгдэгч Э.Б................р хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Б................р нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38, 39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46-47 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40-44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч Э.Б................рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б................рт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2308 0264 01767 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э..............ны Б................рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б................рыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б................рт оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б................р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ