Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

2024         01          10                                   2024/ШЦТ/65

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

   улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /тээврийн прокурор/,

   иргэний нэхэмжлэгч М.Г,

шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт М.Н-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

....... овогт М.Н /РД:******/.

Холбогдсон хэргийн талаар:    

Шүүгдэгч М.Н нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ........... тоотын үүдэнд ...... УНР улсын дугаартай “Тоёота Хариар” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо 40 дүгээр гудамж .... тоот хашааг мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч Х.Ц /5 сартай/-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Г.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уруудаж яваад айлын хашаа мөргөж зогссон тул хашааны мөнгийг хуваагаад 1,200,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хүүхдийн эмчилгээ, ээжийнх нь эмчилгээнд эмнэлэгт байхад нь хоол унд, эм тарианы туслалцаа үзүүлж, эмнэлгээс гарч ирэхэд нь хоол унд хийж өгсөн. Хамаатан садан гэдэг утгаараа тийм туслалцаа үзүүлсэн. Ээж, хүүхэд хоёртоо өвчин намдаах эм, сүү памперс зэрэг хэрэгцээтэй зүйлүүдийг өгөөд байгаа. Цаашид мөн хэрэгцээтэй юмаар нь тусалж дэмжээд байна гэж бодож байгаа” гэв.

Иргэний нэхэмжлэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гомдол саналгүй. Хэлэх зүйлгүй” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

  • 102 дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 3 дахь тал/,

 - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12 дахь тал/,

- Хохирогч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр .... УНР улсын дугаартай Тоёота хариар маркийн машинтай найзын эгч Н жолоодож би бага хүү Х.Ц-ийн хамт машинд суугаад Г гэх найзыгаа авахаар офицероос монелын баруунд байдаг Б гэх айлд очиж Г-ийг аваад буцаад гудамжаар уруудаж байхад машины тоормос ажиллахгүй болоод айлын хашаа мөргөөд зогссон. Би машины урд явсан. Н машин барьж явсан. Тухайн үед айлаас Г-ийг авчхаад гудамжаар уруудаад явж байхад гэнэт Н яанаа машин тоормосгүй болчихлоо гэж хэлээд гар кардан татаад тоормос дээрээ олон дахин гишгэж мөн машинаа унтраах гэж үзэхэд унтрахгүй байсаар 4-5 айл өнгөрөөд бүр хурдлаад байхаар нь айлын хашааг албаар мөргөөд зогссон. Г, Н хоёр төрсөн эгч дүү хоёр байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өчигдөр Монелд найзындаа байсан. Тэгтэл манай эгч М.Номин-Эрдэнэ, найз хүүхэд С, түүний хүүхэд Ц нар ..... УНР улсын дугаартай Тоёота хариар маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж авсан. Би арын суудал Ц-ийг аваад жолоочийн хажуу талд, урд суудал дээр С суугаад Н эгч машин бариад гудамжаар уруудсан. Тэгээд гэнэт Н эгч З тоормос барихгүй болчихлоо гэж хэлэхээр нь хүүхдээ тэврээд хажуу тийшээ харж байсан чинь айлын хашаа мөргөөд зогссон....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

- Хууль ёсны төлөөлөгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай охин С гар утсаар яриад шатан дээр унаад хөлөө эвгүй болгочихлоо гэж худлаа ярьсан. Тэгээд үдээс хойш 13 цагийн үед осолд орсон талаараа үнэнээ хэлэхэд нь би Гэмтлийн эмнэлэг дээр очиж Ц-ийн эмчлэгч эмчтэй нь орж уулзахад биеийн байдал амьсгалын аппарат залгуулчихсан ухаангүй байсан. Дараа нь охин С-гийн хэвтэж байгаа тасагт сахиураар орсон. Юу болсон талаар асуухад ..... УНР улсын дугаартай машинтай гудамжаар уруудаж байхад машин тоормосгүй болоод айлын хашаа мөргөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр Улаанбаатар хотод байгаагүй. Завхан аймагт байсан эхнэр Н нь миний **** дугаар луу залгаад хүүхдүүд осолд орчихлоо Гэмтлийн эмнэлэг явж байна гэж хэлсэн. Тэгж л би осол болсон талаар мэдсэн. Тиймээ энэ машин миний эзэмшилд байдаг юм. Н-ийн төрсөн дүү Г бид хоёр хоорондоо тохирч би Г-т бэлгэнд өгсөн. Н төрсөн дүүгээсээ зөвшөөрөл авч унасан. Би төрсөн охин С түүний хүү Ц, найз Г нарын эмчилгээний зардлыг гаргаж хүүхдүүдээ эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.М.Г-ийн биед зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дэх тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.Г.С-ийн биед баруун шаант ясны далд хугарал, баруун шилбэ, шагай, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 3.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.Х.Ц-ийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дэх тал/,

- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .... дугаартай албан бичиг /хх-ийн 79 дэх тал/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн .... дугаартай магадалгаа /хх-ийн 116 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Н нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо 40 дүгээр гудамж 03 тоотын үүдэнд .... УНР улсын дугаартай “Тоёота Хариар” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо 40 дүгээр гудамж .... тоот хашааг мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч Х.Ц /5 сартай/-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Г.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн М.Н-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч М.Н нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо 40 дүгээр гудамж .... тоотын үүдэнд ... УНР улсын дугаартай “Тоёота Хариар” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо 40 дүгээр гудамж 03 тоот хашааг мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч Х.Ц /5 сартай/-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Г.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч М.Н нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явснаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч Х.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Г.Сэлэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч М.Г-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүнд хүндэвтэр хөнгөн хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч М.Н нь зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч Х.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Г.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч М.Г-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хүнд, хүндэвтэр  хөнгөн хохиролын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч М.Н-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй” гэв.

Шүүх шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлоос сайн дураараа төлсөн, цаашид гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч М.Н нь хохирогчийн эрүүл мэнд эд хөрөнгөнд  учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй бөгөөд хашааны хохиролд 1,200,000 төгрөг төлсөн, хохирогч нарт эмчилгээний зардал төлсөн байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Н нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......овогт М.Н-ийгАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр  хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч М.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар М.Н-д шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.АЮУШЖАВ