Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 3704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Э холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү, 720,000 төгрөг, алданги 6,360,000 төгрөг, нийт 19,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ГХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГХХК нь З.Э2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ЗГУ-20 тоот “Зээлийн гэрээ” байгуулан Toyota Land cruiser 100 маркийн ....... улсын дугаартай ******* арлын дугаартай авто машиныг барьцаалан 12,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2017 оны 07-р сарын 19-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээ гэрээний нөхцөл болон агуулгыг уншиж танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч З.Энь зээлийн төлбөрөө төлөөгүйгээр өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги болох 60,000 төгрөг нь 106 хоног тооцогдож нийт 6,360,000 төгрөгийн алданги, үндсэн зээл 12,000,000 төгрөг, түүний хүү болох 720,000 төгрөгийн хамт нийт 19,080,000 төгрөгийг хариуцагч З.Э гаргуулан өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.06.19-ний өдөр З.Э зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Мөнгийг З.Э Хаан банкан дахь дансаар шилжүүлсэн. Шилжүүлэхдээ 10,000,000 төгрөгийг дүүгийнхээ данснаас, 2,000,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Тиймээс үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 720,000 төгрөг, 106 хоногийн алданги 6,360,000 төгрөг, нийт 19,080,000 төгрөгийг З.Э гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч З.Энь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ГХХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017.6.19-нд Т гэх найз ирээд би энэ ломбардад 2 машин тавьсан байгаа ахиад машин тавьж мөнгө авах гэхээр зээлтэй болохгүй байна. Би эдийн засагчийн нь таньдаг, чи паспортоо ашиглуулаад зээл аваад өгөөч гэсэн. Би дансанд орж ирсэн 10 сая төгрөгийг Тн хэлсэн дансанд шилжүүлсэн болно. 217.7.29-нд таньдаг эдийн засагч нь 88035656-тай над уруу залгаад Т зээлээ төлөхгүй байна гэхэд нь тэр барьцаанд тавьсан авто машиныг нь хураагаад ав. Хохирлоо барагдуул гэж хэлсэн. Тоогоогүй өдийг хүрсэн. Эдийн засагчид нь цагдаагийн ерөнхий газрын гадаа зогсож байна очоод авчих гэж хэд хэдэн удаа хэлэхэд очиж аваагүйгээр өдийг хүрсэн. Энэ ГХХК туслах гэж энэ хоёр жил явсан. Т гэх залуу мөнгө авсан гэдгийг энэ Г ХХК  эдийн засагч өөрөө мэдэж байгаа мөртлөө надад нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            2017.06.19-ний өдөр хоёр найз маань над дээр ирж “Зуу” маркийн авто машиныг худалдаж авах гэсэн юм үлдэгдэл мөнгө нь дутуу” гэхээр нь би бичиг баримтаа ашиглуулж гэрээ байгуулсан юм. Энэ өдрөөс хойш нэг сарын дараа зээл төлөгдөхгүй байна гэж над руу ярьсан. Мөнгийг авсан н.Т гэх залуу нэхэмжлэгчийг таньдаг. Түүний хоёр авто машин барьцаанд байсан учраас дахин нэг машин барьцаанд тавихад өөр хүн хэрэгтэй байсан учраас намайг гуйсан гэж ойлгож байна. Би “машиныг нь шууд хурааж аваад өгсөн зээлээ барагдуул” гэж 2017 оноос хойш хэлж байсан. Мөн “н.Т хоёр тээврийн хэрэгсэл танай компанийн нэр дээр байгаа учраас тэдгээрээр зээлийг нь хаа” гэж хэлдэг байсан. Тухайн авто машин хаана байгааг нь би олж, хаана байгааг нь зааж өгч очиж аваарай гэж хэлэхэд огт очиж аваагүй байсан. Одоо ч хохирлоо барагдуулах бүрэн боломж нэхэмжлэгчид байгаа. Өөрөөр хэлбэл барьцаанд тавьсан авто машиныг өөрсдөө эрэн сурвалжилж олоод зээлээ хаах бүрэн боломжтой. Би энэ мөнгийг аваагүй учраас би хариуцахгүй гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ГХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү, 720,000 төгрөг, алданги 6,360,000 төгрөг, нийт 19,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч З.Энь зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөг авсан талаар маргаагүй боловч зээлийг н.Тулгын хүсэлтээр авч, түүнд өгсөн, зээлийг би ашиглаагүй, дансанд 12,000,000 төгрөг биш харин 10,000,000 төгрөг орсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Зохигчид 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 1 сарын хугацаатайгаар сарын 6 хувийн хүү төлөхөөр тохиролцож байгуулсан байна. /шүүх хуралдаанд гэрээний эх хувийг ........... индекстэй хэргээс судалж, хуулбарыг хавсаргасан/

            Энэхүү үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

            Уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээл олгоогүй болох нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “10,000,000 төгрөгийг дүү Б.Г. данснаас, харин 2,000,000 төгрөгийг би өөрийн данснаас шилжүүлсэн” гэх тайлбараар тогтоогдож байна.

            Хариуцагч нь тухайн үед 10,000,000 төгрөг дансанд шилжиж орсон талаар маргаагүй боловч уг мөнгөн хөрөнгийг ашиглаагүй гэж маргасан.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

            Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн маргаж буй 2,000,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн гэх тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

            Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч буюу гэрээний зээлдүүлэгч тал нь зээл олгосон гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, зээлийн гэрээ болон энэ хэрэгт хамааралгүй этгээд болох Б.Г. нь 10,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь өөрийн дансаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбараа нотлоогүй.

            Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар дээрх зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй байх тул нэхэмжлэгчид мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үндсэн зээл, хүү, алданги шаардах эрх үүсээгүй байна.

            Түүнчлэн мөнгийг нэхэмжлэгч бус, харин гэрээнд хамааралгүй этгээд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон, хариуцагч 10,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргахгүй байх тул мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

            Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Үүнээс гадна 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэх Б.Г, 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэх Ж.А. нар нь энэ асуудлаар жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсан нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч З.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү, 720,000 төгрөг, алданги 6,360,000 төгрөг, нийт 19,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ГАНБОЛД