| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/08 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/08
2024 01 11 2024/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Хохирогч: С.М,
Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,
Шүүгдэгч: Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Сийхт овогт Баатарын Борхүүд холбогдох эрүүгийн 2335002210003 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 24-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Өнөр хотхоны ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С овогт Бын Б /РД:............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг Өнөр хотхоны 701 дүгээр байрны гадна талд С.Мын нүдэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг Өнөр хотхоны 701 дүгээр байрны гадна талд С.Мын нүдэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
Гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-31 дэх тал),
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн мөрдөгчийн санал болон эд зүйл хураан авах тухай пркурорын зөвшөөрөл, эд зүйл хуран авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 34-36 дахь тал),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 37 дахь тал),
Хохирогч С.Мын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41, 43, 46, 48-49, 51 дэх тал),
Гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53, 75-76 дахь тал),
Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
Гэрч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59, 63-64 дэх тал),
Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),
Шинжээч Б.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 123 дахь тал),
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 156-158 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаартай шинжээчийн “С.Мын биед баруун нүдний алимын 9-4 цагийн байрлалд шарх, шархны завсраар нүдний алимын агуулагдахуун гадагшлалт /баруун нүд бүрэн хараагүй болох/ баруун нүдний дээд зовхинд урагдсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун нүдний алимын 9- 4 цагийн байрлалд шарх, шархны завсраар нүдний алимны агуулагдахуун гадагшлалт /баруун нүд бүрэн хараагүй болох/ баруун нүдний дээд звохинд урагдсан шар, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 31 минутанд үүсчихсэн байсан талаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 66725 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Баруун алимын 9-4 цагийн байрлалд шарх, шархны завсраар нүдний элимны агуулагдахуун гадагшлалт /баруун нүд бүрэн хараагүй болох/ баруун нүдний дээд звохинд урагдсан шар, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.2.27.31-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106-109 дэх тал)-ээр хохирогч С.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бнь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч С.Мын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.М мөрдөн байцаалтын шатанд “Миний бие Б.Борхүүгээс цаашид гарах хохиролд 30.000.000 төгрөг хүлээн авлаа. Борхүү нь миний эмчилгээний болон бусад зардалд 13.000.000 төгрөг зарцуулсан нь үнэн болно. Миний бие цаашид Б.Бгээс сэтгэл санааны болон өөр бусад хохирол нэхэмжлэхгүй ба надад гомдол санал байхгүй түүний хэргийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 197 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Бнь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 80, 169 дэх тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Бгийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч Б.Борхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бд буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Бын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бд 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ