Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 3689

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ... байр, .... тоотод оршин суух, ... овогт ... Г.Э /рд:...../-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн ... баг, ... дугаар байр, ....тоотод оршин суух, Олхонууд овогт ... Д.Ж /рд:...../-д холбогдох,  

Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, ... дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ... байр, ...тоотод байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ө, гэрч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Г.Э нь Баянзүрх дүүргийн ....... хороо, ........ хороолол, Г.Лувсанцэвээний гудамж........... байр, ......... тоот хаягт байршилтай 36.2 м.кв талбайтай 1 өрөө бүхий орон сууцыг Ж.Ж-с 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг үнийг бөөнд нь төлөх боломжгүй байсан учир урьдчилгаа болгож 20,000,000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгө болох 45,000,000 төгрөгийг банкны 8 хувийн зээлээр авч өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ хийх үед нэхэмжлэгч би эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байсан. Иймээс өөрийн төрсөн эгч Г.Г-ын нэрээр Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 03 дугаар сард зээл хүссэн. Зээл хүсч бичиг баримт бүрдүүлэхдээ 2015.03.15-ны өдөр эгч Г.Г болон Ж.Ж нарын хооронд урьдчилгаа төлбөр төлсөн баримт үйлдэж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл худалдаа хөгжлийн банкнаас Г.Г зээл олгох боломжгүй, орлого хүрэлцэхгүй байгаа талаар мэдэгдсэн. Ингээд би өөр ипотекийн зээлийг хийх боломжтой дансны хуулга сайтай, орлого нотлох боломжгой хүмүүсийг ах дүү нараасаа судлаж үзсэн.  Хамаатны эгч болох Ж.Д.Ж нь банкаас тавьсан зээлийн гэрээний шаардлага хангахуйц байсан тул түүнд өөрийн учир байдлаа хэлж “та миний өмнөөс худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээг байгуулж өгөөч, би өөрөө төлөх ёстой төлбөрийг cap бүр төлнө, төлж дууссаны дараа гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулъя, би өөрийн гэсэн орон гэртэй болох гэсэн юм" гэдэг саналыг тавьсан. Ж.Д.Ж надаас ямар нэгэн хариу төлбөр, болзол, шаардлага тавилгүй хүлээн зөвшөөрсөн. Ингээд хариуцагч Ж.Д.Ж нь Худалдаа хөгжлийн банктай ЗГ-.............. тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан үеэс эхлэн би cap бүрийн төлөлтийг би өөрөө банкинд тушааж явсаар 5 жил өнгөрсөн. Банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг бөөнд нь төлж зээлийг хааж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах гэтэл хариуцагч “энэ миний өмчлөлийн байр, чамд өгөхгүй, банктай байгуулсан зээлийн гэрээ миний нэр дээр байгаа тул энэ миний байр” гэж хэлсэн. Хэдийгээр 3Г-RCC2015070319-1 тоот зээлийн гэрээ Д.Д.Жгийн нэр дээр гарсан ч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн би өөрөө гүйцэтгэж байсан. 5 жилийн турш графкийн дагуу төлбөрийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг ч бас бүгдийг төлж дууссан. Гэрээний дагуу гүйцэтгэх ёстой байсан үүргийг нэхэмжлэгч би өөрөө бүгдийг гүйцэтгэсэн учир уг байрны өмчлөгч өөрийгөө мөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн ......... дугаар хороо, 1........... дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, .........байр, ........тоотод байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр намайг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг минийнэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бищ нэхэмжлэгч Г.Г.Эын ээж С.У-эй үеэлүүд буюу садан төрлийн холбоотой. Нэхэмжлэгч нь 2015 оны 05 сарын эхээр хариуцагч надтай гэнэт холбоо барьж, тухайн үед манай гэр бүлийн түр оршин суудаг байсан Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, ........р хороо, ИхТэнгэрийн аманд байрлах Номин Тэнгэр орон сууцны ........тоот байранд хүрэлцэн ирж, хариуцагч надтай уулзаад, манай гэрийн үйлчлэгчээр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, удаа дараалан гуйсны дагуу нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож дараах нөхцөлөөр хэлцэл хийсэн. Үүнд: сарын 650,000 төгрөгийн цалин, 100,000 төгрөгийн урамшуулал, илүү цагийн цалинг хийснээр, мөн тухай бүр нь тохиролцоод нэмэлт хүнс (20кг шуудай гурил, мах, 10 кг хүртэлх ууттай будаа г.м)-ний бүтээгдэхүүний урамшуулал олгоод манай гэрт үйлчлэгчээр ажиллах болсон.  Үйлчлэгчийн хариуцах ажил үүрэг нь өдөр бүр өөрийн биеэр хариуцагч манай гэрт хүрэлцэн ирж орон сууцны өрөөнүүд, тавилга, цонх, хана цэвэрлэх, хоол бэлтгэх (хариуцагч би өөрөө хоолыг хийдэг байсан) мөн аяга, таваг, гал тогооы хэрэгсэл угааж цэвэрлэх байсан.  Нэхэмжлэгчийг тогтвор суурьшилтай, урт хугацаанд манай гэрт үйлчлэгчээр ажиллуулахын тулд нэхэмжлэгчийн нэр дээр өөрийн эзэмшлийн “...........” ХХК-д борлуулагчийн ажлын байран дээр бүртгэж cap бүрийн нийгмийн даатгалыг тохиролцсон үндсэн цалингаар төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 06 сарын эхээр өөрийнхөө гэр бүлийн хэрэгцээнд, анх удаа орон сууц авах хүсэлтэй байгаагаа надад илэрхийлж, худалдан авахыг хүссэн орон сууцаа 8 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж авах гэсэн боловч банкнаас тавьсан зээлдэгчийн шалгуур үзүүлэлт, шаардсан нөхцөлийг хангахгүй байгаагаа тайлбарласан. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ........ хороо, ........ байр, ............. тоот байруудад миний “..........” ХХК-ийн борлуулагч нар ээлжлэн амьдран суудаг байсан бөгөөд эдгээр байрны аль нэгэнд нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр авахгүй зөвхөн байрны хэрэглээний зардлаа төлөөд, 8 хувийн хөнгөлөлттэй зээлийн шаардлага хангахуйц болох хүртлээ амьдран суух санал тавьсан ч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нь тухайн авах хүсэлтэй байгаа орон сууцны худалдагч тал   Ж.Ж-т урьдчилгаа 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө яаралтай хийхгүй бол өөр этгээдэд худалдахдаа нэхэмжлэгчийн урьдчилгаа мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг л буцааж нэхэмжлэгчид олгох нөхцөлтэй байгааг хэлж, улмаар иргэн Ж.Жанчив (9.........) нь миний гар утасруу маш олон удаа, оройн цагаар ч гэлтгүй залгаж “...нэхэмжлэгчийг орон сууцнаасаа гаргах...”, .. үлдэгдэл төлбөреө яаралтай төлөх..зэргийг сануулж хариуцагч надад сэтгэл зүйн дарамт учруулж, тав тух алдагдуулж байсан. Ингээд хариуцагч намайг тухайн орон сууцны зээлдэгчээр худалдан авах гэрээг хийх, нэхэмжлэгч нь өөрөө үндсэн зээл болон зээлийн бүх төлбөрийг хариуцан төлөх, үүний хариуд нь манай гэрт үйлчлэгчээр тогтвор суурьшилтай, удаан хугацаагаар буюу 10 жил  ажиллах нөхцөлтэйгөөр би зөвшөөрч Баянзүрх дүүргийн ........ хороо, ........ хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ........... байр, .......тоот хаягт байршилтай 36.2 мкв талбайтай 1 өрөө бүхий орон сууцыг өөрийн нэрийн өмнөөс Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээлээр худалдан авах гэрээг 2015 оны 07 сарын 09-нд хийсэн.

2015 оны 08 сараас эхлээд нэхэмжлэгчийн хэвлий хавиар бага зэрэг томорч байсныг анзаараад тухайн үед нэхэмжлэгчээс жирэмсэн эсэхийг нь лавлаж асуухад үгүйсгэсэн хариулт өгч, надаас нууж байсан боловч 2015 оны 9-р сараас эхэлж нэхэмжлэгчийн хэвлий хавиар мэдэгдэхүйц томорсон. Ингээд нэхэмжлэгчээс жирэмсэн эсэхийг лавлахад надад 2020 оны 9-р сарын дундуур үнэнээ хэлж, анх над дээр 2015 оны 05 сард ирэхдээ жирэмсэн болсон байснаа хэлсэн. Миний итгэлийг эвдэж, анхнаасаа жирэмсэн гэдгээ нууж, байрны зээлдэгчээр гэрээ байгуулахын тулд гэрийн үйлчлэгчээр ажиллахыг хариуцагч надаас гуйж ирсэнийг мэдсэнд би бухимдаж маргаан бүхий орон сууцны зээлийн гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн ээж С.Уранчимэгтэйгээ хамт манайд ирээд, орон сууцны зээлийн гэрээг цуцлахгүй байхыг гуйж, хүүхдээ төрүүлсэнээс хойш 6 сарын дараачаас эхлэн хүүхдийг нь ээж С.Уг нь хараад, нэхэмжлэгч өөрөө манай гэрийн үйлчлэгчээр буцаад ажиллаж эхлэхээ амласан. Нэхэмжлэгч нь 2016 оны 02 сард амаржсан бөгөөд би 2016 оны 03 сард шинэ төрсөн хүүхдийг нь эргэж, хүүхдэд болон нэхэмжлэгчид гарын бэлэг, хүүхдийн ор, бэлэн мөнгө өгч нэхэмжлэгчийн гэр бүлд баяр хүргэж байсан. Түүнээс хойш нэхэмжлэгч нь надтай холбогдоогүй байж байгаад 2017 оны 06 сард гэнэт холбоо бариад татварын буцаан олголтыг асуухад, хэлэлцэж тохирсон, амласан ёсоороо манай гэрт үйлчлэгчээр ажиллах шаардлага тавьсан. Ингэд түүнээс хойш нэхэмжлэгч нь манай гэрт үйлчлэгчээр огт ажиллаагүй, надтай огт холбоо бариагүй байж байгаад 2020 оны 04 сард гэнэт надтай холбогдон манай гэрт өөрийн биеэр, ээжтэйгээ хамт хүрэлцэн ирсэн. Нөхөр нь Өмнөд Солонгос улсад ажиллаж байгаа учир хангалтгай мөнгөн хуримтлалтай болсон тул маргаан бүхий орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөд нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй зорилготой байгаагаа хэлсэн. Үүнд нь миний зүгээс анхнаасаа хэлэлцэж тохирсоныхоо дагуу төрсөнөөсөө хойш 6 сарын дараанаас эхлэн манай гэрт үйлчлэгчээр ажиллаагүй, миний итгэлийг эвдсэн, анхнаасаа намайг хууран мэхэлж, өөрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлсэнийг нь сануулж, өөрийн охидуудын хариуцдаг аж ахуйд тодорхой хугацаанд цалин, хөлсөө тохиролцоод хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах болзолтойгоор маргаан бүхий орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх зүй ёсны шаардлага тавьсан. Хариуцагч би хэдийгээр орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах бүрэн боломжтой байсан боловч өөртөө болон өөрийн төрсөн охидууддаа ч орон сууцны зээлийн 8 хувьд хамрагдаж орон сууц авч өгч байгаагүй. Өөрт байсан тэрхүү ганц боломжийг нэхэмжлэгчид итгээд олгосон. Иймд нэхэмжлэгч нь миний итгэлийг эвдсэн буюу анхнаасаа гэрийн үйлчлэгчээр ажиллана гэж хууран мэхэлж, жирэмсэн гэдгээ нууж, хариуцагч надаар орон сууцны хөнгөлөлтгэй нөхдөлөөр 8 хувийн зээлээр орон сууцны гэрээ хийлгүүлсэн, мөн харилцан тохиролцож, амалсан ёсоороо гэрийн үйлчлэгчээр үргэлжлүүлэн ажиллах хэлцэлийн дагуух хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай гэрийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтай, удаан хугацаа (10 жил)-гаар ажиллах үндсэн нөхцөл, болзолтойгоор маргаан бүхий орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны 8 хувийн зээлийн шалгуур нөхцөлийг хангаж байсан Д.Д.Ж би худалдан авах гэрээг зөвшөөрч хийсэн. Энэхүү үндсэн нөхцөл, болзолыг анх гэрээ хийх үед харилцан тохиролцож, зөвшөөрсөний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг Д.Д.Ж зээлээр худалдан авах гэрээг хийсэн болохыг хариуцагч Д.Г.Э нь шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын уулзалтын үеэр тэрхүү нөхцөл болзол, үнэн байдлыг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь хүүхдээ төрүүлсэнээс хойш 6 сарын дараанаас эхлээд өмнө нь тохиролцож, зөвшөөрсөний дагуу манайд ирж гэрийн үйлчлэгчийн ажлаа үргэлжлүүлэн хийгээгүй. Хэдийгээр маргаан бүхий орон сууцны зээлийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн нь үнэн боловч анхаанаасаа энэхүү орон сууцыг банкны зээлээр худалдан авах хүчин төгөлдөр гэрээг хуулийн дагуу Д.Д.Ж би хийсэн учраас Иргэний хуулийн 145-р зүйлийн 145.1, 145.2-т тус тус заасны дагуу хууль ёсны өмчлөгчийн эрхээ хэвээр нь хадгална. Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөлийн эрхтэй холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд өмчлөгч Д.Д.Ж миний хууль ёсны эрхийг хангаж орон сууцнаас хариуцагч Г.Г.Э болон түүний гэр бүлийн эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Г.Э нь 2015 оны 05 дугаар сараас Д.Д.Ж эгчийнд гэрийн үйлчлэгчээр 650,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа сэтгэл гарган ажиллаж байсан. 2016 оны 4 дүгээр сард надруу залгаад ирээд ажлаад өгөөч гэхэд нь төрөөд удаагүй 2 сартай хүүхдээ хүнээр харуулан хэд хэдэн удаа очиж ажиллаж байсан. Тэр үед чи ажлаа хийхгүй жирэмсэн болж хүүхэд гаргалаа байраа сулла гэж уурлаж загнадаг байсан. 2016 оны 6 дугаар сард над руу залгаад сонгуулийн ажлаар Дорнод аймаг руу явах хэрэгтэй байна гэхэд нь эгчээ би хөдөө явах гэж байна хүү маань тархины даралттай уйлагнаад болдоггүй, хэд хоног хөдөө агаарт гаргая гэхэд тийм шалтаг, шалтгаан хүлээж авахгүй гээд уурлаж загнаад утсаа салгасан. Хүү маань дөнгөж 4 сартай байсан болохоор надад хүүхдээ орхиод Дорнод руу явж ажиллах зүрх хүрээгүй юм. Үүнээс хойш уурлаад очиж уучлалт гуйсан боловч хүлээж авахгүй байсаар өнөөдөр бидний дунд ийм нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Миний хувьд хоёр ойрхон төрсөн бага насны 2 хүүхэдтэй нөхөр маань байрны зээлээ төлөхийн тулд үр, хүүхдүүдээсээ хол Бүгд Найрамдах Солонгос Улсад 2 жил чадлаараа л ажиллаж байна. Надад хоёр хүүхдийг маань хараад туслаад өгөх хүн байхгүй болохоор ажил хийх боломж байхгүй. Д.Д.Ж эгчээс энэ байрыг бидэнд шилжүүлээд өгөөч гэж олон удаа гуйгаад шилжүүлж өгөхгүй байгаа болохоор аргагүйн эрхэнд шүүхийн байгууллагад хандсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талдуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.Г.Э нь хариуцагч Д.Д.Жд холбогдуулан Баянзүрх дүүргийн ......дугаар хороо, ......... дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, .........байр, ..........тоотод байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууц худалдан авахын тулд банкнаас зээл хүсэхэд зээлэнд хамрагдах нөхцөл, шаардлага хангагдаагүй. Ингээд өөрийн төрөл садангийн хүн болох Д.Д.Жд хандаж түүний нэрээр банктай зээлийн гэрээ байгуулж, жилийн 8 хувийн хүүтэй зээл авч, зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан. Зээлийн төлбөрийг би өөрөө бүрэн төлж барагдуулсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ Д.Д.Жгийн нэр дээр гарсан нь түүнийг өмчлөгч гэж үзэхгүй” гэж,

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзын үндэслэлээ “...Орон сууцны төлбөрийг Г.Г.Э төлж барагдуулсан нь үнэн. Г.Г.Эыг манай гэрт 10 жилийн хугацаанд үйлчлэгч хийх нөхцөлтэйгээр би өөрт ганц олгогдох орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгсөн. Миний итгэлийг алдаж, манай гэрийн үйлчлэгчээр тохирсон хугацаанд ажиллаагүй” гэж тус тус тайлбарласан.

        Хариуцагч Д.Д.Ж нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн .........дугаар хороо, .......... дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ....... байр, ....... тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

        Талуудын маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн ....... дугаар хороо, .....дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ......... байр, ......... тоотод байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д.Д.Ж нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгджээ.

        Зохигчид маргааны зүйл болох орон сууцыг Г.Г.Э худалдан авсан, түүний өмнөөс Д.Д.Ж банктай орон сууцны зээлийн гэрээг байгуулсан, Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээний үүргийг Г.Г.Э бүрэн гүйцэтгэсэн талаархи үйл баримтуудад маргаагүй. Уг үйл баримт нь дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Тодруулбал,

        Нэхэмжлэгч Г.Г.Э нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,634,000 төгрөг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн үлдэх төлбөрийг Худалдаа хөгжлийн банкинд нийт 62 удаагийн гүйлгээгээр сар бүр 700,600 төгрөгөөр төлж, 2020 оны 08 дугаар сард 15,583,270 төгрөгийг төлж орон сууцны зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон болох нь төлбөр төлсөн баримтууд, хэлцэл зэргээр тогтоогдож байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Г.Г нь төрсөн дүү болох Г.Г.Эын өмнөөс орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20,634,000 төгрөгийг төлж, мөнгө хүлээлцсэн хэлцэл байгуулсан талаар мэдүүлсэн.

        Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.

         Хэдийгээр хариуцагч Д.Д.Ж нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр банктай зээлийн гэрээ байгуулсаны үндсэн дээр бүртгэгдсэн байх боловч тэрээр уг орон сууцыг нэхэмжлэгч Г.Г.Эыг худалдан авч байгаа үйл баримтыг анхнаасаа мэдэж байсан, энэ талаар тэрээр маргаагүй. Түүний нэхэмжлэгч Г.Г.Эыг гэрийн үйлчлэгчээр 10 жил ажиллах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

          Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ,  4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, 5-т “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж тус тус заасан.

         Аливаа иргэн, хуулийн этгээд нь хэнийг ч 10 жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулах хугацаа зааж хөдөлмөрлүүлэх, үр хүүхэд төрүүлэх, асрах эрхийг нь хөндөх, хязгаарлах эрхгүй.  

         Хариуцагч Д.Д.Ж нь орон сууцны үнийг өөрөө төлөөгүй, Г.Г.Э түүнд орон сууцны үнэ төлөх үүрэг хүлээгээгүй байхад Д.Д.Ж өмчлөх эрхийг улсын бүртгэлээр олж авсан нь түүнийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл болох тул уг орон сууцыг өмчлөх эрхтэй Г.Г.Э нь түүнээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эд хөрөнгөө шаардах эрхтэй. 

 

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Г.Э нь маргааны зүйл болох орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь байна. Иймд нэхэмжлэгч Г.Г.Эыг Баянзүрх дүүргийн ....... дугаар хороо, ....... дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ... байр, .........тоотод байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж заасан.

Хариуцагч Д.Д.Ж нь Баянзүрх дүүргийн ....... дугаар хороо, ......... дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ........ байр, ......... тоотод байрлах, 1 өрөө орон  сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх эрхгүй бөгөөд түүний нэрээр уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгэсэн тул нэхэмжлэгч Г.Г.Э нь түүнээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулах замаар өөрийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй.

Харин нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Д.Д.Жд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын үндэслэл нь байх бөгөөд бүртгэлтэй холбоотой ажиллагаа нь Д.Д.Жд хамааралгүй, улсын бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх үүрэг байх тул түүний энэ талаархи хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хариуцагч Д.Д.Ж нь маргааны зүйл болох орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрх үүсээгүй болох нь тогтоогдсон тул түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан Боржигон овогт ....... Г.Э /рд:.........../-ыг Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо, ........ дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ......... байр, ........ тоотод байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Д.Д.Жд даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Г.Г.Эад холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Д.Жгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 487,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ