Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/961

 

 

 

 

     2023          12          13                                   2023/ШЦТ/961

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Г.Чинбат, Б.Цэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*** ХХК-д барилгын нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр байр *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  /РД ****/, Б овогт М-ын Б-.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.Б- нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарц дээр “Тоёота Приус” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино:, мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г.улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Б, Э.М нарыг мөргөж Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Б-ийн “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-10 дахь тал/,

- Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б-н хохирогчоор өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байсан ах болох Ч-тай хамт арслантай гүүрний хажуу талд архи, пиво хувааж уусан. Тэгээд би орой нь 10 дугаар хороололд  найз Зоригттой уулзах гээд яриад тохирчихсон байсан учир 19 цагийн үед 10 дугаар хороолол руу алхсан. 20 цагийн үед гадаа бороо орж байсан, би ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн. Ослын улмаас баруун талын хөлийн түнх хугарсан, баруун талын өвдөг болон хавирга зөөлөн эдийн гэмтэл авсан. Би гомдолтой байна, миний эрүүл мэндэд учирсан хохирол болон ажилгүй байгаа үеийнхээ цалинг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

  • Хохирогч Ц.Б-н гаргаж өгсөн хохирлын баримтууд, өвчний түүх

/хавтаст хэргийн 18-24 29-39 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарц дээр 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд “Тоёота Приус” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Б- хохирогч Ц.Б, Э.М нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Уг гэмт хэргийн улмаас Ц.Б Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.318.000 төгрөг гарсныг М.Б-ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

- Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч, нэхэмжлэгч Б.Б-н өгсөн:  “...”Тоёота Приус” маркийн **-**  дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би жолоочийн хариуцлагын даатгалтай, даатгалаас хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63, 66 дахь тал/,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ц.Б-н биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

 

- “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 97 дахь тал/,

 

            - “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэгийн тохиргоо, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн болон баруун гар талын урд их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил зүүн гар талын хэсэгтээ цацарч, цөмөрч хагарсан /шинэ/, баруун гар талын урд крыло үзүүр хэсэгтээ бага зэрэг дотогш хонхойсон /шинэ/, баруун гар талын арыг харах толь хугарч скочоор тогтоосон /шинэ/, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд салхины шил зүүн гар талын хэсэгтээ цацарч, цөмөрч хагарсан, баруун гар талын урд крыло үзүүр хэсэгтээ бага зэрэг дотогш хонхойсон, баруун гар талын арыг харах толь хугарч скочоор тогтоосон, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Урд салхины шил зүүн гар талын хэсэгтээ цацарч, цөмөрч хагарсан /шинэ/, баруун гар талын урд крыло үзүүр хэсэгтээ бага зэрэг дотогш хонхойсон /шинэ/, баруун гар талын арыг харах толь хугарч скочоор тогтоосон /шинэ/, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тээврийн хэрэгслийг суваг дээр stenhoj Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хэмжилт хийхэд тоормосны аппаратын битүүмжлэл, тоормос бүрэн ажиллагаатай байна. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуун байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. Тус тээврийн хэрэгсэл нь 2023-02-28-нд Монголд орж ирээд 2023-04-03-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 108-111 дэх тал/,

            - Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “...Жолооч М.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Б, Э.Э нар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. Мөрдөгч Б.Б би магадлагаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж №22-019С дугаартай баримт бичгийг магадлагаанд хавсаргав...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 114 дэх тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд М.Б-ийн яллагдагчаар өгсөн:

...Би 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гачууртаас гэррүүгээ харих гээд төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ганцаараа 30 орчим километр цагийн хурдтай явж байтал 10 дугаар хорооллын арын явган хүний гарцны гэрэл дохио холоос ойртон очиж байх үед ногоон гэрэл асаж байгаад гарцны өмнө ирэх үед улаан болж асахаар нь зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж байтал хүн гараад ирэхээр нь би тоормос гишгээд тухайн хүнийг мөргөхөд цаана нь дахиж нэг хүн явж байсныг анзаараагүй мөргөсний дараа 2 хүн шидэгдэж унасан. Тухайн 2 хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан... Би явган зорчигчийг зам хөндлөн гарч байхыг нь хараагүй гэрэл дохио руугаа харж байгаад зам руугаа хартал урд хүн гараад ирсэн байсан. Би цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 129 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 134 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Т.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б- нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарц дээр “Тоёота Приус” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Ц.Батдорж, Э.М нарыг мөргөж Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Б, насанд хүрээгүй хохирогч Э.М нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүггнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөгчийн магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.Б- нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарц дээр “Тоёота Приус” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино:, мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г.улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Б, Э.Э нарыг мөргөж Э.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

Иймд шүүгдэгч М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...М.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Б-д нийт 3.417.700 төгрөгийг төлж барагдуулсан байх боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Ц.Б нь “...сэтгэл санааны хохиролд нийт 3.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Б-ээс хүлээн авсан...” гэх баримт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/, иргэний хариуцагч Б.Б-н 420.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 76 дахь тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч М.Б- нь хохирогч Ц.Б хохирол төлбөрт 3.420.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.318.000 төгрөг гарсныг М.Б-ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ хэрэгт авагдсан байх тул гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч М.Б-ээс 1.318.000 /нэг сая гурван зуун арван найман мянган/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                        

   ТОГТООХ нь:      

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч М.Б-ээс 1.318.000 /нэг сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ