Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 3845

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж, ... дүгээр байранд байрлах “Н” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ...дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж, ... дүгээр байр, ...тоотод оршин суух, ...овогт ... М /РД:.../-д холбогдох,

 

  Орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид нийт 85,222,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

  Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 9,900,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны зээл, хүүгийн төлбөрт төлсөн 72,002,428 төгрөг, нийт 81,902,428 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, С.Э, хариуцагч О.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Н” ХХК нь О.Мтэй 2018/04/08 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ" байгуулсан. Тус гэрээний дагуу О.М нь манай компанийн эзэмшлийн ................тоот байрн давхарт байрлах 59,9 мкв, Б блок, 64 тоот, 1 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлөөр 1 /нэг/ метр квадратын үнэ нь 1,850,000 төгрөг байхаар тохиролцож, нийт 110,815,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэтэл 2018/04/01 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4.2-т заасны дагуу захиалагч тал болох О.М нь нийт 54,000,000 төгрөг төлсөн боловч орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохиролцож, тогтоосон хугацаанд төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Захиалга авагч талаас захиалагч талд удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн боловч одоог хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 56,815,000 төгрөг,  гэрээний 8.6-т заасны дагуу алданги 28,407,500 төгрөг, нийт 85,222,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Миний бие анх 2016 оны 08 дугаар сард “Н” ХХК-ийн санхүү хариуцсан захирал С.Энхболд гэх хүнтэй холбогдож ипотекын 8 хувийн зээлийн нөхцөлөөр 25.14 мк 1 өрөө байрыг тус компаниас худалдаж авч байсан. 2018 оны 04 сарын 02-ны өдөр миний бие Австрал улс руу виз мэдүүлэх шаардлага гарч ирсэн бөгөөд өөрийн дансаараа 40-50 сая төгрөг оруулаад гаргах хэрэгтэй байгаа талаараа тус компанийн санхүү хариуцсан захирал С.Энхболдод хэлэхэд хуулийн зөвлөх Цтой ярилцаж хариу өгөхдөө 9,000,000 төгрөг шагналд нь өгөхөөр тохиролцож тус компанийн 1 өрөө байрыг буюу Баянзүрх дүүргий дүгээр хороо Намянжүгийн гудамж Night plaza худалдаа үйлчилгээтэй сууцны барилгын 49 байр  64 тоот 59,9 мк 1 өрөө байрыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавиад зээлийг нь миний дансаар дамжуулан авах талаар анх өөрсдөө санал гаргасан.  2018 оны 04 сарын 08-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулах зорилгоор халхавчлан тус гэрээг байгуулсан бөгөөд надад визэнд ороход дансаар мөнгө оруулсан байх шаардлагатай байсан тул өөрийн нэр дээр зээл хөөцөлдөхийг зөвшөөрч тус компанийн ажилчид миний өмнөөс Худалдаа хөгжлийн банкнаас зээл хөөцөлдөж өөрийн компанийн ажилтан Э.М гэх эмэгтэйг хамтран өмчлөгчөөр үл хөдлөхийн гэрчилгээ гаргасан.  Тус банкнаас миний нэрээр өөрсдөө зээл авсан, би виз гарахгүй тохиолдолд миний нэр дээрх Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг “Н” ХХК нь хариуцаж миний нэрээс үл хөдлөх эд хөрөнгөө хасуулах зорилготойгоор тус компанийн ажилтан Э.Мийг хамтран өмчлөгчөөр оруулж ирсэн. Энэхүү гэрээний санаа зорилго нь гадагшаа гарах зорилготой мөнгө түр байршуулах байсан юм. Миний бие тус компанийн удирдлагууд болон хуулийн зөвлөх Ц, Лувсандамба гэх хүмүүст удаа дараалан гэрээгээ цуцлах талаар шаардсан ч үр дүнд хүрээгүй бөгөөд байрыг 2020 оны 07 сарын 01-ний өдөр буцаан хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

           Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХХ

           2018 оны 04 сарын 08-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулах зорилгоор халхавчлан тус гэрээг байгуулсан бөгөөд тухайн үед “Н” ХХК-ийн санхүү хариуцсан захирал С.Энхболд, хуулийн зөвлөх Ц бид тус гэрээг үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг нь надад визэнд ороход дансаар мөнгө оруулсан байх шаардлагатай байсан тул аль аль тал нь тухай гэрээг дүр үзүүлэн байгуулж өөрийн нэр дээр зээл хөөцөлдөхийг зөвшөөрч тус компанийн ажилчид миний өмнөөс Худалдаа хөгжлийн банкнаас зээл хөөцөлдөж өөрийн компанийн ажилтан Э.М гэх эмэгтэйг хамтран өмчлөгчөөр үл хөдлөхийн гэрчилгээ гаргасан. Тус банкнаас миний нэрээр өөрсдөө зээл авсан, би виз гарахгүй тохиолдолд миний нэр дээрх худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг “Н” ХХК нь хариуцаж миний нэрээс үл хөдлөх эд хөрөнгөө хасуулах зорилготойгоор тус компанийн ажилтан Э.Мийг хамтран өмчлөгчөөр оруулж ирсэн бөгөөд энэхүү гэрээний санаа зорилго нь гадагшаа гарах зорилготой 40,000.000-50,000.000 төгрөг түр байршуулах байсан юм. Ингээд миний бие хэлбэрийн төдийд өмчлөгч гэсэн нэртэйгээр тус байрыг 2018 оны 09 дугаар сараас эхлэн тус байранд намайг түрээслэх зорилготой байлгаж cap бүр 400,000-450,000 төгрөг төлж байхыг шаардсаны дагуу төлж явсан. 2018 оны 11 сарын 01-ний өдөр тус компанийн хуулийн зөвлөх Ц ирж уулзаарай гэсний дагуу очиж уулзтал 2018 оны 04 сарын 01-ний он, сартай өргөдөл нөхөж бич гэж тулган шаардаж өөрөө үг үсгийг нь зааж бичүүлсэний дараа 2018 оны 04 сарын 01-ний өргөдлийн нэмэлт хавсралт нэртэй хэлцэлийг хүчээр гарын үсэг зуруулсан бөгөөд компаниас Ц танд олгосон итгэмжлэл зөвшөөрөл байгааг асуухад үл тоосон янзтай байсан. 2018 оны 09 сараас эхлэн 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 22 сарын хугацаанд тус компанийн санхүү хариуцсан захирал С.Энхболдын 5114045674 дугаартай Хаан банкны дансанд 7,650.000 төгрөгийн түрээсийн төлбөрт шилжүүлсэн. Түрээсийн төлбөрт бэлнээр 2,250.000 төгрөг өгсөн. Нийт түрээсийн төлбөрт 9,900.000 төгрөгийг тухай орон сууцыг өмчлөгч гэсэн нэртэй түрээслэж байсан нь тус орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус гэрээг нотолж байгаа бөгөөд тус гэрээний 4.2-т зааснаас харахад хэт нэг талыг барьж давуу эрхтэй шинжтэй гэрээ болсонг хоёр тал аль аль нь тухайн үед түр зуурын гэрээ хэлж байсан юм.

         Миний бие 2017 оны  11 сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжүгийн гудамж Night plaza худалдаа үйлчилгээний төвийн орон сууцны 49 байр 37Б тоот хаягт бүртгэлтэй байтал намайг Сэлэнгэ аймаг, Мандал 2-р баг Ширхэнцэг сббхк гудамж 2 байр 43 тоот хаягт амьдардаг мэтээр харагдуулж “Н” ХХК-ийн удирдлагууд тус Зүүн хараа сумын Худалдаа хөгжлийн салбарт зээл мэдүүлж холбогдох хүмүүстэй нь урьдчилан тохиолцсон байсан. Э.М гэх эмэгтэй надтай хамаарал бүхий хүн мэтээр материал бүрдүүлж 2018 оны 04 сарын 25-ны өдөр зээлийн гэрээг жилийн 24 хувийн 2 жилийн хугацаатай байгуулан 47,450,000 төгрөг зээлсэн. Тус банкнаас гарсан зээл 47,450,000 төгрөгийг "Н” ХХК хүлээн авсан мөн өөрөөс өгсөн 6,550,000 төгрөг, хүүнд 2018 оны 04 сарын 18-ний өдрөөс 2019 оны 12 сарыг хүртэл 18,002.428.03 төгрөгний зээлийн хүү төлсөн байтал “Н” ХХК-ийн хуулийн зөвлөх, санхүү хариуцсан захирал нар нь орон сууцны өмчлөгч нь О.М миний бие байтал тус байрыг гэрээ байгуулсан цагаас түрээслэж надад ашиглуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Миний бие хууль ёсны эзэмшигч мөн бол тус байрыг түрээслэн банкны болон тус компанийн зээлийг төлж явах байсан ч буцаан авч тус компани захиран зарцуулж байна. Миний бие нь тус компанийн удирдлагууд болон хуулийн зөвлөх Ц, Лувсандамба гэх хүмүүст удаа дараалан гэрээгээ цуцлах талаар шаардсан ч үр дүнд хүрээгүй бөгөөд тус байрыг 2020 оны 07 сарын 01-ний өдөр шаардсан дагуу буцааж хүлээлгэн өгсөн билээ.

          Иймд  “Н” ХХК-тай байгуулсан 2018 оны 04 сарын 08-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, хохирол төлбөрт 2018 оны 09 дугаар сараас 2020 оны 06 сарын 04-ний өдрийг хүртлэх cap бүр түрээс 450,000 төгрөг төлсөн нийт 22 сарын 9,900,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкнаас олгосон зээл 47,450,000 төгрөг дээр өөрөөсөө нэмж өгсөн 6,550,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкинд төлсөн зээлийн хүү 18,002.428.03 төгрөг нийт 81,902.428 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

           Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үпдэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Хариуцагч О.М нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ би Австрали улс руу виз мэдүүлэх шаардлага гарч ирсэн тул өөрийн хаан банкны дансандаа 40,000,000-50,000,000 төгрөг оруулаад гаргах хэрэгтэй байгаа талаараа “М” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал С.Энхболдод хэлэхэд хуулийн зөвлөх Цтой ярилцаж хариу өгөхдөө 9,000,000 төгрөг шагналд нь өгөхөөр тохиролцож 49-р байрны 64Б тоот 1 өрөө орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавиад зээлийг нь миний дансаар дамжуулан авах талаар өөрсдөө анх санал гаргасан гэжээ. Нэгдүгээрт, манай компанид хуулийн зөвлөх Ц гэсэн хүн ажиллаж байгаагүй бөгөөд бид огт танихгүй. Хоёрдугаарт, тухайн үед энэ талаар компанийн хуулийн зөвлөх, санхүүгийн менежер С.Энхболд болон О.М нарын хооронд ямар ч тохиролцоо, яриа болоогүй гэдгийг тус компанийн санхүүгийн менежер С.Энхболд нотолдог. Энэ талаар бид 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагт болсон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэлийн тайлбараас анх сонсож мэдсэн. 2018/04/08 дугаартай орон сууц захиалгын гэрээг Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулах зорилгоор халхавчлан тус гэрээг байгуулсан, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг нь надад визэд ороход дансаар мөнгө оруулсан байх шаардлагатай байсан тул аль аль тал нь тухайн гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэжээ. Энэ нь О.Мий тус компанийн Санхүүгийн менежер С.Энхболдын утасны дугаар уруу бичсэн мессежеер үгүйсгэгддэг. Анх О.М нь барилгын ... тоот байрны 14 давхарт байрлах 59,9 мкв, Б блок, 64 тоот, 1 өрөө орон сууцыг зээлээр худалдан авах санал гаргасны дагуу талууд хуульд заасныг үндэслэн гэрээний нөхцөл, агуулгыг чөлөөтэй тодорхойлж орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Түүнчлэн О.М нь 49-64Б тоот 1 өрөө байрыг зээлээр худалдан авах хүсэл зоригоо илэрхийлснийг манай компани хүлээн авч тус байрны төлбөр нь 1 /нэг/ метр квадратын үнэ нь1,850,000 төгрөг, нийт 110,815,000 төгрөг болсон бөгөөд энэхүү төлбөрийг худалдан авагч нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 12,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 39,407,500 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 39,407,500 төгрөгийг төлөх гэсэн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Талуудын хэн аль нь тухайн үеийн нөхцөл байдал, үнэн хүсэл зоригийн талаар харилцан бүрэн дүүрэн мэдээлэлтэй, гуравдагч этгээдийг хуурч мэхлэх аливаа зорилго сэдэлгүй байсан бөгөөд бид аль нэг хэлцлийг халхавчлах, дүр үзүүлэх, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэх зэргээр урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлээгүй. О.Мий 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Н ХХК-ийн барьсан 49-р байрны 14 давхарт 64Б тоот 59.9 м.кв 1 өрөө байрыг 1м.кв-ийг 1,850,000 төгрөгөөр урьчилгаа 12 сая төгрөг байршуулан, 4 сарын хугацаатай эхний 2 сард cap бүр 10 саяыг төлөх, дараа 2 сард үлдсэн төлбөрөө тэнцүү хувааж төлж дуусгах нөхцөлтэйгээр зээлээр худалдах авах хүсэлтэй байгаа болно. Иймд гэрчилгээ гарган өгч тусална уу. Төлбөр бүрэн төлөөгүйгээр гэрчилгээг гаргуулж байгааг ойлгож байгаа бөгөөд үүсч болох үр дагаврыг гэрээний дагуу бүрэн хариуцна” гэсэн өргөдөл, хүсэлтийн дагуу бид байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Ингэхдээ бид компанийн эрсдэлийг тооцон худалдан авагч итгэл эвдэх замаар залилах, хуурч мэхлэхээс урьдчилан сэргийлэн М ХХК-ийн хүний нөөцийн менежер Э.Мийг тус байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Тухайн үед О.М нь манай компанийн удирдлагуудад удаа дараа хандаж, энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, гарах эрсдэл, үүрэг хариуцлагыг хууль болон гэрээний дагуу өөрөө бие даан бүрэн хариуцна гэж хэлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. О.М нь гэрээгээр тохиролцсон үүргээ удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бид 2018/04/08 тоот гэрээний үндсэн төлбөрийг бүрэн төлж дуустал тухайн байрыг нэг сарын 400,000-500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, гэрээнд нэмэлт заалт оруулсан. Энэхүү гэрээний нэмэлт хавсралтаар үндсэн гэрээний заалтууд хүчинтэй үйлчилж байгааг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. Хариуцагч О.М нь “Night plaza” худалдаа үйлчилгээний төвийн орон сууцны барилгын ... тоот байрны 14 давхарт байрлах 59,9 мкв, Б блок, 64 тоот, 1 өрөө орон сууцыг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн 2020 оны 07 дугаар cap хүртэл амьдарч байсан. Иймд байрны түрээсийн төлбөр нь 2018/04/08 дугаартай үндсэн гэрээний төлбөр буюу орон сууцны төлбөрт хамаарахгүй тул бид хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 9,900,000 төгрөгийг төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид О.Мийг Худалдаа хөгжлийн банкны аль салбараас, хэдэн төгрөг зээлж авсан, зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөө хэрхэн юунд зарцуулсан, зориулсан эсэх, ямар материал бүрдүүлж өгсөн эсэх талаар огт мэдэхгүй. О.М нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай компанид би банкнаас зээл авч орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулна, үүсэх хариуцлага, асуудлыг бүрэн хариуцна, би та нарын итгэлийг алдахгүй, орон сууцыг банкны барьцаанд тавихын тулд заавал өмчлөгч байх ёстой гэх зэргээр олон удаа гуйсны эцэст компанийн удирдлагууд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах өргөдлийг нь хүлээн авсан байдаг. Бидний хувьд Худалдаа хөгжлийн банктай огт зээлийн гэрээ байгуулаагүй, банкинд О.Мий өмнөөс материал бүрдүүлж өгөөгүй, түүний нэрийн өмнөөс зээл аваагүй. Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 04 сарын 25-ны өдрийн ЗГ/ВСС180425012-1 дугаартай зээлийн гэрээний талаар огт мэдэхгүй. ЗГ/ВСС180425012-1 дугаартай гэрээ бол зөвхөн О.М, Худалдаа хөгжлийн банкны хоорондын хэлцэл бөгөөд бидний оролцоо огт байхгүй юм. Иймд бид О.Мий банкнаас авсан зээл болон зээлийн хүүг төлөх үндэслэлгүй юм. Манай компани Худалдаа хөгжлийн банкнаас гарсан зээл болох 47,450,000 төгрөгийг хүлээн аваагүй. Харин орон сууцны төлбөрт О.Мөөс нийт 54,000,000 төгрөгийг хүлээн авсан.

         Бид О.Мд нөлөөлж, сүрдүүлж, тулган шаардаж, хүчээр өргөдөл бичүүлээгүй, хэлцэл байгуулаагүй. Талууд харилцан тохиролцож, гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтоан тэгш эрхийн үндсэн дээр хуулийн дагуу гэрээ байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

  Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч О.Мд холбогдуулан  орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид нийт 85,222,500 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 9,900,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны зээл, хүүгийн төлбөрт төлсөн 72,002,428 төгрөг, нийт 81,902,428 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...орон сууц худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөр 110,815,000 төгрөгөөс үлдэх 56,815,000 төгрөг төлөөгүй үлдсэн. Иймд  уг төлбөрөөс алданги тооцож, нийт 85,222,500 төгрөг” гаргуулна гэж,

 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...орон сууц захиалгын гэрээг үнэн санаанаасаа байгуулаагүй. Австрали улсын визэнд ороход өөрийн дансаар мөнгө оруулж гаргах шаардлагатай байсан. Ингээд “Н” ХХК-тай дүр үзүүлж орон сууц захиалгын гэрээ байгуулж, 64Б тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Уг банкнаас авсан зээлийг “Н” ХХК төлөхөөр тохиролцож, би зөвхөн нэр төдий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн” гэж тус тус тайлбарласан.

   Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

    Зохигчдын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Н” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж, ... дүгээр байр, ...... тоотод байрлах, 59.9 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч О.М нь орон сууцны үнэд 1 м.кв-ыг 1,850,000 төгрөгөөр тооцож, нийт 110,815,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

  Хэрэгт авагдсан дээрх бичгийн гэрээ болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

  Худалдан авагч О.М нь гэрээний үнэд нийт 54,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримт нь мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. /хх-ийн 31-33 дугаар тал/

  Гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр худалдан авагч О.М нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Э.М гэх иргэний хамт бүртгэгджээ. /хх-ийн 71 дүгээр тал/

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “...орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа хариуцагч О.М нь банкны зээлд хамрагдахын тулд өмчлөгчөөр бүртгэгдэх шаардлагатай гэсний дагуу түүнийг өмчлөгчөөр бүртгэсэн. Өмчлөгчөөр бүртгэгдээд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх эрсдлийг тооцож, өөрийн компанийн ажилтан Э.Мийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Орон сууцны төлбөрөө бүрэн төлсөний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс ажилтан Э.Мийн нэрийг хэзээ ч хасуулж болно” гэж,

Хариуцагч О.М нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...орон сууцыг 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ашиглаад, тус өдөр нэхэмжлэгчид буцаан хүлээлгэж өгсөн” гэж тус тус тайлбарласан.

         Талуудын дээрх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан. Тэрээр уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

Учир нь орон сууц захиалгын гэрээ бодитоор хэрэгжиж, хариуцагч О.М нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. Тэрээр орон сууцны урьдчилгаа төлбөрт 54,000,000 төгрөг төлсөн байна. Хариуцагч О.М нь өөрийн дансаар мөнгө оруулж, гаргах шаардлагатай байсан гэх атлаа орон сууцны төлбөрт 54,000,000 төрөг төлж, тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн нь дээрх тайлбарыг үгүйсгэж байна. Хэрвээ маргаан бүхий орон сууцыг худалдан авах тодорхой санал, эрмэлзлэлгүй байсан бол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох шаардлагагүй.

Түүнчлэн хариуцагч нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, маргааны бүхий орон сууцыг барьцаалж, 47,500,000 төгрөгийг зээлж авчээ. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа “...банкнаас зээлж авсан 47,500,000 төгрөг миний дансанд орсон. Уг зээлийн төлбөрөөс хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.М нэг ч төгрөг аваагүй” гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Хариуцагч О.М нь өөрийн худалдан авсан орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа банкнаас зээл авах замаар үлдэх төлбөрийг төлөхийн тулд орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн атлаа банкнаас зээлж авсан 47,500,000 төгрөгийг нэхэмжлэгч “Н” ХХК-д төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Н” ХХК нь орон сууцны үлдэх төлбөр болох 56,815,000 төгрөгийг хариуцагч О.Мөөс шаардах эрхтэй байна. Харин хариуцагч О.М нь орон сууцны хууль ёсны өмчлөгч байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг авч байсан нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч О.М нь түрээсийн төлбөрт гэж нэхэмжлэгчид нийт 7,650,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. /хх-ийн 38-51 дүгээр тал/ Иймд уг М хөрөнгийг орон сууцны төлбөрөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй гэж үзлээ.

  Иймд хариуцагч О.Мөөс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт /56,815,000-7,650,000/ 49,165,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Харин нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна. Учир нь талуудын байгуулсан гэрээний 8.6-д “төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам аль буруутай тал нь 0.5 хувийн алданги төлнө” гэж заажээ. Уг гэрээний тохиролцооноос үзэхэд алдангийг ямар үүргээс тооцож төлөх нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Иймд  талуудын байгуулсан гэрээний 8.6-д заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 28,407,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч нь Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний  үндсэн төлбөр 47,450,000 төгрөг,  зээлийн хүү 18,002.428.03 төгрөг, өөрөөсөө нэмж өгсөн 6,550,000 төгрөг, нийт 72,002,428 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь үндэслэлгүй байна. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч О.М өөрөө хүлээх учиртай.

Тэрээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдсон М хөрөнгийг өөрийн дансаар авсан үйл баримтыг тайлбарласан. Уг зээлийн гэрээний харилцаанд “Н” ХХК хамааралгүй, тусдаа үүссэн гэрээний харилцаа байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 49,165,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт төлсөн гэх 7,650,000 төгрөгийг тус тус хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч О.М нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Мийг бүртгэлийн тэмдэглэлээс хасуулах замаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

        Хариуцагч О.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц захиалгын гэрээний үнийн дүн болох 110,815,000 төгрөг, хохирол төлбөрт нэхэмжилсэн 81,902,428 төгрөг, нийт 192,717,428 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 1,121,537 төгрөг төлөх үүрэгтэй.  Үүнээс 637,665 төгрөгийг төлж, үлдэх 483,872 төгрөгийг төлөөгүй байх тул уг М хөрөнгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Мөөс 49,165,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,057,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 238 дугаар зүйлийн 238.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах болон 74,252,428 /81,902,428-7,650,000/ төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Мий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 585,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 637,665 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 403,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, дутуу төлсөн 483,872 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 137,350 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ