| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Б.Сүрмандах,
хохирогч Б.Д,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х** овогт Г.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000001955 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Х** овогт Г.М нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрагч засварчин, Г** ХК-д Сүлжмэлийн 2 дугаар үйлдвэрийн сүлжих нэгжид сүлжих засварчин ажилтай, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянголын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, 13 дугаар гудамжны 231 тоотод түр оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УК99071459).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр). Г.М нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 163 дугаар сургуулийн орчимд 2023 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө хохирогч Б.Д-тай маргалдаж улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, хоншоор, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр машинд Б, Т, Д бид дөрөв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд Д намайг хэл амаар доромжлоод байсан болохоор хоорондоо муудалцсан ба Д бид хоёр машинаас буугаад би Д нүүр лүү мөргөсөн. Д зөрүүлээд намайг нэг удаа цохисон. Тэгэхээр нь би газар унагаагаад нүүр лүү нь цохиж түүний биед гэмтэл учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч Г.М-д хоёр нэг газар ажилладаг ба 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн орой Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвийн ойролцоо байрлалтай караоке руу А, Т, Б, У, М бид нар орсон. Тус караокед 1 литрийн эдэн нэртэй архи хувааж ууцгаасан юм. Тэгээд тухайн газраас А гэртээ шууд харьсан бөгөөд У, Б, М, Т бид 5 Хан-Уул дүүгийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэрт Б-ыг буулгаж өгөх гээд явсан бөгөөд явах замдаа М бид хоёр маргалдсан ба очоод дахиад маргалдсан. Тэгээд машинаас буугаад М бид хоёр хоорондоо зодолдсон. Би их хэмжээний согтолттой байсан болохоор зодуулж байгаагаа сайн санахгүй байгаа. Тухайн орой гэртээ ороод гэмтэл явж зураг авхуулсан. Тэгээд өглөө нь шууд цагдаагийн газар очиж өргөдөл өгсөн гэв.
Эрүүгийн 2310000001955 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст иргэн Б.Дн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
2.Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
2.Гэрч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
3.Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
4.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №13870 дугаартай:
-Хэсэг газрын үзлэгт: Биед ид харагдах гэмтэлгүй гэжээ.
-Г.М-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),
5.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №13065 дугаартай:
-Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд, доод зовхи, хоншоор, хамрын нурууны хоёр хажуу болон баруун доод зовхийг нилэнхүйд нь хамарсан зүүн зовхиор тод хөх бусад хэсгээр ногоон шаргал өнгийн цус хуралттай, тухайн хэсгээр тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй. Зүүн нүдний алимын салстад 3-5 цагийн түвшинд хүрэн улаан өнгийн цус харвалттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ГССҮТ-н 2023.10.07-ны толгойн КТГ-д: Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй... Хамар яс болон хамрын таславчийн хугаралтай. Хамрын таславч баруун тийш муруйлттай...Хамрын хөндийн салст ихээр зузаарч битүүрсэн...Хоншоор ясны баруун дайвар хөндийнүүдийн болон баруун зүүн этмойд хөндийнүүдийн салст бага зэрэг зузаарсан... Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй... Эрүү яс бүтэн... Субарахнойдаль зайнууд өөрчлөлтгүй... Голын бүрдэл хазайлтгүй. Дүгнэлт бичсэн эмч Л.Түмэнжаргал гэжээ.
1.Б.Д-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, хоншоор, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
6.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
7.Яллагдагч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
8.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), Говь хувьцаат компанид Сүлжмэлийн 2 дугаар үйлдвэрийн сүлжих нэгжид сүлжих засварчин ажилтай.гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Г.М-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хохирогч Б.Д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Д нь өөрийн эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА