Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/72

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, Ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч: Г.Янжиндулам,

иргэдийн төлөөлөгч: П.Энхтүвшин,

шүүгдэгч: Г.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Оид холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* ******** /регистрийн дугаар:*******/,

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд:

-Төмөр замын тусгай шүүхийн 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

-Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 569 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

-Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 954 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.О нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *******,******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********той үл ялих шалтгаанаар маргалдан, улмаар хэвлий хэсэг рүү 1 удаа хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.О нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *******,******* тоотод хохирогч ********той хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хэвлий хэсэг рүү нь 1 удаа хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал доорх баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад “манай ах хамт байсан хүнийхээ гэдэс орчимд хутгалсан байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/

               -Хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо******* тоотод 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зүс таних ********ийн гэрт очиж тэдний хашааны шарилжийг зулгаахаар очиход ********ийн дүү ******** нь хашааны хаалгыг онгойлгож өгөхөөр нь би ********ийн гэрт ороход ******** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байхаар нь би өөрийн ах ********гээс 20,000 төгрөг гуйсан чинь надад ах маань 20,000 төгрөг өгөхөөр болсон. Тэгэхээр нь би банкны картгүй болохоор ********ийн данс руу 20,000 төгрөг шилжүүлүүлэн аваад ********ийн картыг авч тэдний гэрийн баруун талд байх хүнсний дэлгүүрээс хоёр шил “Чанар” гэх 0,75 граммын 2 шил архи, хэрчсэн гурил, хүнсний ногоо зэргийг аваад буцаж тэдний гэрт очсон. Тэгээд ******** бид хоёр эхний шил архийг ууж дуусаад дараа нь хоёр дахь шил архийг ууж эхлэх үед би гэрт нь ******** бид хоёр хоол хийж идэхээр болоод би хүнсний ногоо арилгахаар болсон бөгөөд би хүнсний ногоогоо арилгаж дуусгаад өөрийнхөө хажуу талын сандал дээрээ арилгасан хүнсний ногоо, хутга, заазуураа тавьсан. Тухайн үед ******** надад хандаж би олон жил шоронд байсан, шоронгийн атаман байсан гэх яриа өгүүлэл гаргасан ба миний хажууд байсан хутгыг ******** гартаа бариад миний гэдэс тус газарт хутгалсан. Би ********ид хутгалуулчnхаад тэдний гэрээс гэдсээ бариад гарч ********ийн дүү Батбэхээр түргэн тусламж дуудуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

               -Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо******* тоот нь миний гэр бөгөөд би энд байхгүй байгаа. Манай нагац ах Г.О нь ганцаараа амьдардаг бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед нагац ******** согтуу 94450169 дугаараар залгаад "Гялс хүрээд ир ах нь хүн хутгалчихлаа" гэхээр нь би тухайн үед ойрхон явж байсан болохоор Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо******* тоотод ирэхэд манай ах согтуу мөн өөр нэг танихгүй эрэгтэй хүн хэвлийдээ хутгалуулчихсан юм шиг дотор гэдэс нь бага зэрэг гарчихсан хэвтэж байхаар нь би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

               -Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх  эмнэлгийн шинжилгээний 935 дугаартай:   

               “...1. ********ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

               2. Тухайн гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               4. Цаашид ердөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 119-120 дахь тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

               Улсын яллагчийн зүгээс нэмж шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 194-р хуудас/, нийт 8 удаа ял шийтгэглэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хавтаст хэргий 151-187-р хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт 2 тогтоолын хуулбарыг гаргаж өгснийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...яллагдагч Г.Оийн мэдүүлэг /хавтаст хэргийн 143 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 199 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 201 дэх тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 935 дугаартай дүгнэлтээр “хохирогчийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэгдсэн... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна тогтоогдсон.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.О хохирогчийн эрүүл мэндэд нь халдаж, хутга буюу зэвсэг хэрэглэн хохирол учруулж буй нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтээр “...Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн тул зэвсэг хэрэглэсэн гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж заасан.

“Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Г.О нь зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа: “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Оийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.О нь мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд хохирол төлбөрийн талаарх баримт гаргаж өгөөгүй байна.

Харин хохирогч ********т учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь  харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *******,******* тоотод хохирогч ********той үл ялих шалтгаанаар маргалдан, улмаар хэвлий хэсэг рүү 1 удаа хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Оийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чаналтай зүйл хэрэглэж үйлдсэн нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******** нь баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэдий ч хохирогчийн хувьд хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч Г.Оид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг устгуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Г.О нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдснээ сайн дураараа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч ********ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, санал хүсэлт байхгүй гэсэн нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд зааснаар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулсан санал гаргасан. Миний үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэнд, насны байдал зэргийг харгалзан хамгийн доод ялын санкцаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд дуудсан цаг хүрэлцэн ирж ямар нэгэн байдлаар саад учруулж байгаагүй...” гэв.

 

Шүүгдэгч: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Оийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн эрүүгийн хариуцлага: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт таван жилээс арван хоёр жилийн хорих ял шийтгэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.Оид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: өмнө энэ төрлийн буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан /8 удаагийн ял шийтгэлтэй/ ч дахин гэмт хэрэгт үйлдсэн нь түүнийг сэтгэл зүй, зан суртахууны хувьд бүрэн нийгэмшээгүй гэж дүгнэх нөхцөл байдал болж байх тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд болон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: шүүгдэгч Г.Оид оногдуулах эрүүгийн хариуцлагыг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөрүүлж өгнө үү гэсэн ч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй тул дээрх үндэслэлээр өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Харин эмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг /59 настай/ харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн ширхэг хутга, нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******* ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оид 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******** эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн ширхэг хутга, нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Г.Оид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ДАШДОНДОВ

   

                              ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ